
Өнгөрөгч оны есдүгээр сард анх Засгийн газраас “Гацуурт”-ын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хэлэлцээд, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Үүний дагуу Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хоёр долоо хоногийн өмнө чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх үед “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авсан. Үүний дагуу тус бүлгээс Гацууртын орд байрлах Ноён уулын орчимд байрлах археологийн үнэт олдворууд устаж үгүй болох эрсдэлтэй хэмээн үзэж түүнийг хамгаалах талаар ажлын хэсэг байгуулах хэрэгтэй гэсэн санал гаргасан юм. мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд тус бүлгийн зарим гишүүд газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаад ирсэн билээ.
Харин өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Энэ талаар ажлын хэсэг байгуулан ажиллуулья. Тэр болтол энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулья” гэсэн горимын санал гаргасан ч олонхын дэмжлэг авсангүй. Үргэлжлүүлэн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуусан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга нар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах гэж байгаа Гацууртын орд газарт Хүннүгийн өв соёлтой холбоотой археологийн олдворууд, 200 гаруй булш бунхан байгаа хэмээгээд, хожмын өдөр харамсах шийдвэр УИХ гаргах вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга “Дээрх ордоос олборлох 50 тонн алтыг урьдчилаад зарчихсан гэж сонслоо. Энэ үнэн үү. Алтны олборлолт явуулах гэж байгаа газарт цэвдгийн судалгаа хийгдээгүй юм байна. Цэвдэг хөндөгдвөл тэнд хадгалагдаж буй булш бунхныг хэрхэх талаар яригдсан зүйл бий юу” хэмээн лавласан. Харин уул, уурхайн сайд Р.Жигжид “Олборлоогүй алтыг худалдах бололцоо байхгүй. Яамны хувьд соёлын үнэт зүйлийг хадгалж хамгаалах нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байгаа. Ажлын хэсгээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу тэрхүү талбайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах жагсаалтад оруулахаар санал оруулж ирсэн. Тэрхүү санал болгож буй талбайд археологийн болон палентологийн олдвор байхгүй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахын өмнө тэр талбайд хайгуулын өрөмдлөг хийхэд цэвдэгтэй гэсэн мэдээлэл гарч ирээгүй юм билээ” гэсэн хариултыг өгсөн юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Гацууртын орд дээр ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй | ||
Үзсэн: 1216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.