
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас Энэтхэгийн Техник, Эдийн засгийн хамтын ажиллагааны ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн 61 жилийн ойг тэмдэглэлээ.
1964 оны 9-р сарын 15-нд байгуулагдсан ITEC хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн Энэтхэгийн засгийн газрын тэргүүлэх санаачилга юм. Тус хөтөлбөр нь "Vasudhaiva Kutubakam" буюу “Дэлхий бол Нэг гэр бүл” хэмээх философи дээр тулгуурласан бөгөөд энэ нь Энэтхэгийн мэдлэг, туршлагаа хуваалцдаг эртний уламжлал ажээ.
2025 оны 9-р сарын 17-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хот дахь Энэтхэгийн Элчин сайдын яам Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн 61 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэтхэг болон түүний Стратегийн түнш болох Монгол Улс хоорондын тогтвортой түншлэлийн хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ITEC хөтөлбөрт хамрагдаж төгссөн Монголын өндөр дээд албан тушаалтан, төрийн албан хаагчид, олон салбарын мэргэжилтнүүд гээд нийт 250 гаруй хүн оролцлоо. Арга хэмжээний нээлтэд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве үг хэллээ. Тэрээр дэлхий даяны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ITEC-ийн гүйцэтгэх үүрэг чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.
Элчин сайд Атул Малхари Готсурве: Бид Энэтхэг, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, мөн Энэтхэг, Монголын хооронд стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ойг мөн тэмдэглэж байна. Өнөөдөр ч мөн онцгой өдөр билээ. Учир нь ITEC өдөр тохиож байна. ITEC гэдэг нь Энэтхэгийн Техникийн болон Эдийн засгийн Хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг Энэтхэгийн Засгийн газраас бүрэн санхүүжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд сургалтын төлбөр, онгоцны билет, байр, хоол хүнс, өдөр тутмын тэтгэмж гээд бүх зардлыг Энэтхэг улс хариуцдаг. Жил бүр ойролцоогоор 200 орчим Монгол оюутан, иргэдийг бид Энэтхэгт тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байна. Өнгөрсөн жил гэхэд 195 монгол оюутан уг тэтгэлэгт хамрагдсан. Хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн шилдэг 100 боловсролын институтын 300 орчим курст урт, богино хугацаагаар сургах боломжийг олгодог. Тухайлбал, нягтлан бодох бүртгэл, санхүү, Ай Ти, Кибер аюулгүй байдал, компьютерын ухаан, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал гээд бүх л мэргэжлийн сургалт багтдаг, маш сайн хөтөлбөр. 2014 оноос хойш Монгол Улсыг оролцуулаад нийт 165 түнш орон энэхүү хөтөлбөрт хамрагдаад байна. 1964 онд эхэлсэн энэ хөтөлбөрт нийт 100 мянган хүн хамрагдсан судалгаа бий. Сүүлийн 30 жилийн хугацаанд ойролцоогоор 3,500 монголчууд тус хөтөлбөрөөр суралцаад байна. Цаашдаа ч энэ хөтөлбөрт суралцсан бүх хүмүүс Энэтхэг–Монголын найрамдлын төлөөлөгч болж ажиллана гэдэгт би итгэлтэй байна. Энэтхэгт ITEC тэтгэлгээр суралцсан олон хүн өнөөдөр Монголын төр засгийн өндөр албан тушаалд ажиллаж байна. Жишээлбэл, өнөөдрийн хүндэт зочин Дамдинням сайд Энэтхэгт ITEC хөтөлбөрөөр Англи хэлний чиглэлээр суралцаж байсан. Ерөнхийдөө энэ хөтөлбөр нь төрийн албан хаагчид, засгийн газрын ажилтнуудад зориулагдсан байдаг. 45-аас доош насны нэр дэвшигч, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлж, Элчин сайдын яам хүсэлтийг боловсруулдаг. Ойрын хугацаанд гэхэд ITEC-ийн хүрээнд Монголын Үндэсний Шүүх Шинжилгээний Институтээс 30 орчим судлаачийг, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 30 хүн Энэтхэг рүү сургалтаар илгээсэн. Түүнчлэн Дорноговь аймагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хүрээнд тус үйлдвэрийн 30 инженерийг Энэтхэгт өндөр түвшний сургалтад хамруулсан. Тэдгээр нь тусгай мэргэжлийн сургалтууд байсан. Үүнээс гадна Англи хэл, компьютерийн ухаан, алсын зайн тандалт, сансар судлал зэрэг чиглэлээр олон Монгол судлаач Энэтхэгт суралцаж байгаа юм.
ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн 61 жилийн ойд зориулсан арга хэмжээний гол зочноор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Сайд Г.Дамдинням, НИТХ-ын Дарга А.Баяр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад сууж байсан Элчин сайд О.Нямдаваа, Монголын Энэтхэгт Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Х.Чинбат нар оролцлоо. ITEC хөтөлбөр нь мэдээллийн технологи, санхүү, засаглал, батлан хамгаалах зэрэг олон салбарт бүрэн тэтгэлэгтэй эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалтыг санал болгодог. Мөн бүхий л салбарын мэргэжилтнүүдэд ур чадвараа дээшлүүлэх, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг олгодог байна. Иймээс тус хөтөлбөр нь хувь хүний хөгжил болоод боловсролдоо анхаардаг залуучуудад үзүүлж буй маш том хөрөнгө оруулалт гэдгийг Монгол Улсын Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Сайд Г.Дамдинням онцлон хэллээ.
Сайд Г.Дамдинням: Миний хувьд одоогоос 20 жилийн өмнө БНЭУ-ын ард иргэдийн туслалцааг хүртэж ITEC хөтөлбөрт хамрагдаж байсан. Энэтхэгийн техникийн туслалцааны ITEC хөтөлбөр нь дэлхийн бүх улс орны залуучуудыг техникийн мэдлэгтэй болгож сургадаг төдийгүй төрөл бүрийн чадварыг эзэмшүүлэх урт богино хугацааны сургалттай. Миний хувьд 20 жилийн өмнө БНЭУ-ын Хайдарабад гэж хотод суралцаж байсан. Одоо бол Телангана муж болсон. Манай улсад ITEC хөтөлбөр хэрэгжээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 3500 гаруй монгол залуус Энэтхэг улсад суралцаад иржээ. Үүний дотор батлан хамгаалах салбараас эхлээд тенхик технологи, эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн бүхий л салбарууд багтсан байна. ITEC хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын дээд зэрэглэлийн их дээд сургуулиудын бүх чиглэлийн сургалтуудад урт богино хугацаанд хамрагдах боломжтой байдаг. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд Энэтхэгийн элчин сайдын надад хэлснээр 200 орчим монгол залуучууд энэ хөтөлбөрийн хүрээнд явж сурсан байна. Энэ бол монгол залуучуудад болон монголын ирээдүйд оруулж байгаа том хэмжээний хөрөнгө оруулалт гэж би ойлгодог. Жишээ нь миний анх удаа гадаадад сурах боломжийг ITEC хөтөлбөр нээж өгсөн. Миний амьдралыг өөрчлөхөд маш том хувь нэмэр оруулсан. Энэтхэг улс бол олон мянган жилийн түүхтэй маш олон хүн зэрэгцэн амьдардаг төдийгүй бүхий л төрлийн шашин зэрэгцэн оршдог. Дэлхийн хамгийн том ардчилал тэнд байдаг. Тэр олон хүн хамтаараа хэрхэн найрсгаар оршиж болдог вэ гэдгийг харж болох газар юм. Хоёрдугаарт Энэтхэг хүний сэтгэлгээ их өөр. Нэг зүйлийг бариад авбал ганцхан тэр зүйлдээ маш сайн болж чаддаг онцлогтой. Гуравдугаарт дэлхийн маш том эдийн засагтай орон. Энэтхэгт суралцахад монголчууд бид нартай түүх шашин, соёлоороо холбоотой учраас илүү дотно, дулаахан, найрсаг байдаг. Мөн Энэтхэг хүнтэй нэг нөхөрлөж, хамтарч чадвал насан туршийн сайн анд нөхөр байж чаддаг. 20 жилийн өмнө миний сурч байсан сургуулийн багш нар тэнд байсан Энэтхэг залуучууд одоог хүртэл надтай холбоо харилцаатай байдаг.
Мөн тэрээр Монгол Энэтхэгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймагт барьж байгуулж байгаад талархал илэрхийллээ. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2027 он гэхэд бүрэн дуусч ашиглалтад орох юм.
ITEC хөтөлбөр нь байгуулагдсан цагаасаа хойш хоёр орны харилцааг бэхжүүлэх, Өмнөдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнөөг хүртэл Монголын 3500 гаруй мэргэжилтнүүд эдгээр сургалтуудын үр шимийг хүртээд байна. ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн 61 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр төгсөгчдийн төлөөлөл өөрсдийн туршлагаас хуваалцаж, сургалтын хөтөлбөрүүд нь тэдний карьерт хэрхэн эергээр нөлөөлсөн талаар ярьж, Энэтхэгийн соёл, нийгмийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Тэдний нэг бол Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул юм. Тэрээр энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны ITEC хөтөлбөрт хамрагдаад ирсэн тухайгаа ийнхүү ярилаа.
Ц.Мөнхзул: Би ITEC-ийн 18 хоногийн хөтөлбөрт хамрагдсан. Тэр хугацаанд Энэтхэгийн хэд хэдэн байгууллагуудаар орж тухайн байгууллагуудын туршлагыг нь судлаад ирсэн. Мөн танхимын хичээлээр Энэтхэгийн төрийн байгууллагуудын хууль журамаа боловсруулсан байдал, түүнийх нь хэрэгжилтийнх нь талаар сурсан. Тухайлбал, татварын алба болон метроны компанийн үйл ажиллагаатай танилцсан. Манай ээлжинд өөр өөр байгууллагын хүмүүс багтсан бөгөөд бидний гол сэдэв бол төрийн санхүүгийн зохицуулалт хэрэгжилттэй холбоотой сургалтууд байсан. Энэтхэг улсын төрийн байгууллагуудын цахимжсан байдал нь манай улсынхтай дөхүү боловч зарим зохицуулалтууд нь илүү давуу талтай санагдсан. Тухайлбал, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллээ бүрэн цахимжуулчихсан байхаас гадна оролцогч байгууллагууддаа хялбарчилсан байдлаар хамруулдаг юм байна. Бид нар өөр өөрийн ажилтай холбогдолтой сайн туршлагуудаа судалж хуримтлуулаад эх орондоо ирээд тэр мэдээллүүдээ хамт олондоо танилцуулсан. Биднийг явахын өмнөхөн 18 хоног сургалтад хамрагдах нь тодорхой болсон учраас маш сайхан санал нийлсэн хүмүүс хамтдаа явцгаасан. Тэгээд танхимын хичээлдээ идэвхтэй оролцоод Энэтхэгийн түүх, өв соёл шашин зэрэг бүх зүйлийг нь хүндэтгээд бүгдээрээ маш тааламжтайгаар цагийг өнгөрүүлцгээсэн. Онол, практикийн сургалтын хажуугаар тухайн улс өөрийнхөө өв соёлоо маш их танилцуулдаг юм байна лээ. Тиймээс бид нар нэлээд олон түүх дурсгалын газруудаар явсан нь маш таатай байсан.Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны ITEC хөтөлбөрт хамрагдсан дараагийн хүн бол Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Мөнхтулга. Тэрээр тус хөтөлбөрт хамрагдсанаараа англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ Энэтхэгийн түүх соёл, өв уламжлал, нийгмийн байдлын талаар үзэж сонирхжээ. Бүгд Найрамдах Энэтхэн Улс нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ дэлхийд тэргүүлдэг. Харин манай улс энэ төрлийн бараа бүтээгдэхүүний дийлэнх хувиа импортоор авдаг. Иймээс манай улс Энэтхэг улстай аж үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллаж, туршлага судалж, томоохон бүтээн байгуулалт хийх нь хөгжлийн нэг гарц гэдгийг ITEC хөтөлбөрийн үеэр олж харсан гэдгээ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Мөнхтулга ярилаа.
Ц.Мөнхтулга: Миний хувьд 2025 оны нэгдүгээр сард 4 долоо хоногийн турш Энэтхэгийн Телангана мужийн Хайдарабад хотод Гадаад хэлний их сургуульд англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд ирсэн. Тэр 4 долоо хоног маш сайхан дурсамжтай байсан. Тухайн хэлний суралтад 37 улсаас ирсэн 50 хүн хамрагдсан. Монголоос надтай хамт 3 хүн явсан. Бид нарыг анх очиход түвшин тогтоох шалгалт аваад бүлэгт хуваасан. Бид нарын очсон сургууль маань Энэтхэг улсдаа англи хэл болон гадаад хэл заадаг чанараараа нэлээн өндөрт ордог юм байна лээ. Өдөрт 5 цаг хичээл үзэхийн хажуугаар амралтын өдрөөр сургуулиас соёлын арга хэмжээ зохиож түүхийн дурсгалт газруудаар аялуулах, ойрхон үзвэр үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд зохиож байсан. Энэтхэгийн олон мянган жилийн түүхтэй өвөрмөц соёл иргэншилтэй танилцаад ирсэндээ би маш их баяртай байна. Энэтхэг улсын тухай өмнө нь гадарлаж мэддэг байсан ч очиж суралцсан 4 долоо хоногийн турш илүү таниж мэдэж Энэтхэгийн ард түмнийг үргэлж дурсаж санахаар болсон. Энэтхэг бол үйлдвэрлэгч орон учраас маш олон давуу талтай. Бүх эд зүйлээ үйлдвэрлэж чаддаг учраас бараа бүтээгдэхүүн, хувцас, хүнсний зүйлүүд нь чанартай мөртлөө хямдхан санагдсан. Тийм учраас манай улс үйлдвэрлэгч орон болох ёстой. Энэтхэг Монгол хоёр улс нефть боловсруулах үйлдвэр барих төсөл хамтарч хэрэгжүүлж байгаа. Үүнийг мэдээж ашиглалтад оруулах юм бол маш том давуу талууд бий болно. Цаашлаад гангийн үйлдвэр болон мэдээллийн технологийн чиглэлд хамтран ажиллаж, Энэтхэгээс туршлага судлах боломжтой гэж харж байна. Энэтхэгчүүд маш олон үндэстэн ястантайн дээр олон шашин шүтлэгтэй их өвөрмөц ард түмэн. Өмнө нь төсөөлж байгаагүй их сонирхолтой улс байсан. Би анх төсөөлөхдөө Энэтхэг бол буддын шашин давамгайлдаг орон болов уу гэж бодож байтал Хиндү шашин давамгайлдаг. Тэгээд буддын шашин, муслим шашин бас түгээмэл байдгаараа онцлогтой. Тэр шүтлэгээсээ ч хамаараад соёл нь бас их ялгаатай олон янз байдаг юм байна гэдгийг олж харсан. Миний хувьд хамт явсан найзуудтайгаа групп үүсгээд нэг амралтын өдрөөрөө Агро хотод очиж Таж Махалыг үзсэн. Учир нь Таж Махал бол дэлхийн гайхамшгийн нэг төдийгүй манай Монголтой холбоотой. Монгол гаралтай хаан хатандаа зориулж барьсан гэдгээрээ маш бахархалтай санагдсан.
Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны ITEC хөтөлбөр нь Энэтхэг улсын өөрийн түнш улс орнуудаа сайн дурын, болзолгүй нөхцөлөөр тэдний тэргүүлэх ач холбогдолтой чиглэлд нийцүүлэн хүсэл тэмүүллийг дэмжиж байгаагийн илрэл юм. ITEC нь Энэтхэг, Монгол хоёр орны найрамдал, хамтын хөгжлийн хүчирхэг бэлэг тэмдэг байсаар байна.
ITEC хөтөлбөрт 3500 гаруй монгол хүн хамрагдаад байна | ||
Үзсэн: 136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.