
Дэлхийн хэмжээнд гадаад өрийн нийт хэмжээ энэ онд 2,8 нэгж хувиар өсөх бол, хоёр жилийн дараа буюу 2027 он гэхэд дэлхийн ДНБ-ий 117 хувьд хүрч өсөж болзошгүй. Ийм төлөвийг ОУВС-аас өчигдөр нийтлүүлсэн “Төсвийн мэдээ” нэртэй ээлжит тайлан илтгэлдээ танилцуулсан байна.
Энэ жил гэхэд, дэлхийн гадаад өрийн түвшин 2,8 нэгж хувиар өсөхөөр байгаа нь өмнөх 2024 оныхоос хоёр дахин давж, дэлхийн ДНБ-ий хэмжээнээс 95 хувиар өндөр дүнд хүрнэ гэсэн үг гэдгийг тэд илтгэлдээ дурдсан байна. 2020 онд цар тахлын ид үед энэ үзүүлэлт 98,9 хувьд байжээ. Хамгийн муу төлөвөөр харахад, 2027 онд улс орнуудын өрийн нийт хэмжээ дэлхийн ДНБ-ий 117 хувьд хүрч мэдэхээр байгааг анхааруулаад, хэрэв тэгвэл энэ нь Дэлхийн 2-р дайнаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болно гэдгийг онцолсон байна. Энд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсэд, гаалийн татвар болон эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал нэмэгдсэн, томоохон орнуудын бондын өгөөж өссөнөөр хөгжиж байгаа орнууд дахь зээлийн хүүгийн ялгаа зөрүү улам ихсэж, бас гадаад тусламж хумигдаж, Европт батлан хамгаалахын зардал нэмэгдэж байгаа зэрэг олон хүчин зүйлсийг ОУВС-ийн шинжээчид нэрлэсэн байна.
Үүнээс гадна дэлхийн хэмжээнд жилийн төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий 5,1 хувьд хүрч болзошгүй, өнгөрсөн онд энэ үзүүлэлт 5 хувь байсан. Мөн энэ үзүүлэлтээ, энэ жилийн дэлхийн эдийн засгийн өсөлт 2,8 хувьд байна гэж тооцоолсон суурь үзүүлэлтдээ тулгуурлаж гаргасан гэдгийг дурдсан байна. Дэлхийн нийт ДНБ-ий 75 хувийг бүрдүүлдэг улс орнуудын гуравны нэгээс илүүд нь өрийн хэмжээ нэмэгдэнэ гэж ОУВС харж байна. Энэ дунд АНУ, Хятад, Герман, Британи, Франц зэрэг орнууд багтаж байгаа, гэхдээ өрийн зохицуулалт тулж ирэхэд улс орон болгон өөр өөр орчин нөхцөлүүдтэй тулгарахыг ОУВС-ийн санхүүгийн хэлтсийн захирал Витор Гаспар “Франс пресс”-т ярьсан байна. Тиймээс өнөөгийн тогтворгүй байдлын нөхцөлд улс орнууд “татвар- төсвийн бодлогоо цэгцэлж, дунд хугацааны найдвартай хөтөлбөрөөр тогтмол шинэчлэн тохируулж байх нь гадаад өрийн бууруулахад, мөн нөөц бүрдүүлж, үндсэн зардлуудаа тооцож, урт хугацаанд өсөлтийн төлөвөө сайжруулахад ихэнх улсад ач тусаа өгөх гол шийдэл байх болно гэж ОУВС-ийн шинжээчид сануулж байна.
АНУ гэхэд, Бүгд найрамдах намынхны татвар бууруулах амлалттай холбоотойгоор тус улсын өрийн хэмжээ ойрын 10 жилд 4 их наядаар нэмэгдэнэ гэж энэ сангийнхан тооцоолжээ. Өнгөрсөн 3 сарын 20-ны байдлаар, АНУ-ын өрийн хэмжээ 36,2 их наяд долларын хэмжээтэй байгаа дүнг Сангийн яам нь нийтлүүлж байсан юм.
ОУВС улс орнуудын гадаад өрийн түвшин улам өсөж байгааг анхааруулав | ||
Үзсэн: 443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.