Шууд Chart

Амь нэгтэй 7е анги

2018-12-25 10:18:10

Хайр цацарсан “бичил үйлдвэр”

Өнгөрч буй 2018 онд томчуудын хайрыг хамгийн их татсан нийслэлийн 33 сургуулийн 7е ангиар зочиллоо. Тэд ангийнхаа нурууны бэртэлтэй О.Ундрал охины эмчилгээний зардал 100 сая төгрөгийг цуглуулахаар өнгөрсөн намраас хойш гар урлалын бүтээл хийж, борлуулж байгаа юм.

Нийслэлийн 33 дугаар сургуулийн долоодугаар анги А-Ж хүртэл найман бүлэгтэй. Үүнээс 7е бүлэг 49 сурагчтай. Боловсролын салбарын стандарт ном журмын дагуу дунд сургуулийн нэг ангид 35-40 хүүхэд суралцах ёстой. Ялангуяа нийслэлд улсын сургуульд энэ стандарт мөрдөгддөггүй гэхэд хилсдэхгүй. Баасан гарагт 7е анги биологи, мэдээлэл технологи, уран зохиол, биеийн тамир, ангийн ажил хичээл ордог.

7е ангийнхан ангийн ажлын цагаараа хурлаа зохион байгуулж мөн хичээлээ давтдаг. Харин сүүлийн үед тэд гар урлалын бүтээл болон гоёмсог нүүр гарын саван, ванны бөмбөлөг “үйлдвэрлэж” байгаа. Хүүхдүүд ч ангийн ажлаараа хуралдахаас илүү бүтээлээ урлах дуртай. Мөн зарим сурагч амралтын өдрөөр буюу бямба гарагт “үйлдвэр”-тээ илүү цагаар ажилладаг аж.

Тус ангид очиход 7е-ийн багш Г.Пүрэвбаяр ангийнхаа сурагчдын хийсэн түлхүүрийн оосор, нүүр гарын саван, бугуйвч, уруул өнгөлөгч, ванны бөмбөлөг, гацуур модны оймсон чимэглэлийг харуулав. Үүнээс уруул өнгөлөгч, гар нүүрийн саванг хүүхдүүд хэрхэн хийдгийг лавлахад “Сурагчид маань саван, ванны бөмбөлөг хийх сургалтанд суусан. Бид түүхий эд, бэлдцээ захаас худалдаж авдаг. Тэд маань том хүний тусламжгүй өөрсдийн гараар бүх бүтээлээ урладаг” гэв.

Энэ үеэр хүүхдүүд найман гишүүнтэй таван багт хуваагдаж, “бичил үйлдвэр” “мотор”-оо ажиллуулж эхэллээ. Энэ өдөр тэд шинэ жилийн уур амьсгал хүчээ авч байгаа учир гацуур модны оймсон чимэглэлээ урлахаар болов. Ангийнхны тал нь эсгүүр хийсэн бол нөгөө хэсэг нь оёхоор боллоо. Оймсон чимэглэлийн материал, зүү утас хүүхэд бүрт хүрэлцэхгүй учир хэсэг сурагч хүзүүний зүүлт, бугуйвч урлаж байв. Харин багш нь сурагчиддаа зүүгээр гараа хатгачих ваа. Хамгийн чухал нь зүүгээ энд тэнд орхиж болохгүй гэхчлэн “хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа”-нд нь санаа тавьж байлаа. Мөн хүүхэд бүр дээр очиж хэрхэхийг үлгэрлэн зааж өгөхдөө “мундаг байна, их гоё болжээ” хэмээн урамшуулахаа ч мартсангүй. Мөн багш сурагчдад өмнө нь гаргасан “үйлдвэрлэл”-ийн алдааг нь сануулж, давтахгүй байхыг захив.

Энэ үеэр О.Ундрал охин ч гацуур модны оймсон чимэглэл оёж байлаа. Тэр их хөдөлмөрч юм билээ. Мөн өөрт нь хүнд хэцүү байсан ч бусдаас төдийлөн тусламж гуйдаггүй гэж санагдсан. Ундрал төмөр хөлтэй, урд модон сандлыг өргөхдөө хэнээс ч тусламж гуйгаагүй. Харин ангийнхан нь хараад хүнд зүйл өргөж болохгүйг сануулан болиулаад түүнд туслав. Тэрбээр үргэлжлүүлэн гацуурны оймсон чимэглэлээ хичээнгүйлэн урлаж эхэлсэн.

О.Ундрал

7е ангийнхан хэдэн долоо хоногийн өмнө “Талх чихэр” үйлдвэрт очиж, өөрсдийн бүтээлээ нэг сая 73 мянган төгрөгөөр борлуулжээ. Мөн Шангри-Ла цогцолборынхон тус ангийнхныг урьж, тоглоомын төвдөө нэг цаг үнэгүй тоглуулж, кино үзүүлжээ.

Г.Пүрэвбаяр багш сурагч нартай ажиллах үеэрээ “Манай ангийн сурагчид бүгд оёж сурсан. Сурагч нараар ингэж бүтээл хийлгэдэг нь зарж, борлуулахдаа бус тэдний сонирхсон хүссэн зүйлийг хийлгэхийн хажуугаар гарын дүйтэй болгох, хоёр гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх зорилготой. Мөн тэдэндээ дунд сургууль, сурагч насны сайхан дурсамж үлдээхийг хүсэж байна” гэлээ. Тэрбээр ангийнхаа сурагчдын дунд мөрөөдлийн хавтас аялуулж байгаа аж. Эл хавтсанд зарим сурагч мөрөөдлийн байшин, мэргэжил ажлаа, өөр нэг нь хань, ирээдүйд зохиох гэр бүлээ төсөөлөн зурж, бичиж үлдээж байгаа гэв.

Г.Пүрэвбаяр багш  жилийн өмнө 6е ангийг дааж авахад 50 сурагчтай байжээ. Тэдний зарим нь өөр сургууль руу шилжсэн ч буцаад ангидаа ирсэн гэнэ. Мөн шинээр сурагч нэмэгдэж, одоо 49 хүүхэдтэй болсон.

Ийн хичээл тарах цаг болоход багш сурагч нартаа эсгэсэн, оёж дуусаагүй оймсон чимэглэлээ гэр рүүгээ аваад яв. Маргааш ирэхдээ оёод ирээрэй. Гэхдээ удаан сууж болохгүй. Хэтэрхий орой болтол сууж болохгүй шүү. Маргааш 14:00 цагт ангидаа цугларцгаая” гээд тараав. Хайр цацарсан “бичил үйлдвэр” бямба гарагт 14:00-17:00 цагийн хооронд захаас худалдаж авсан түүхий эдээрээ нүүр гарын саван, ванны бөмбөлгөө үйлдвэрлэдэг.

Г.Пүрэвбаяр багш

49 хүүхдийн “ээж”

Г.Пүрэвбаяр багш 13 дахь жилдээ багшилж байна. Тэрбээр 2006 онд Ховд их сургуулийг математикийн багш мэргэжлээр төгсжээ. Ийн Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулиас ажлын гараагаа эхэлж, 2013 оноос Улаанбаатар хотод ирж, 49 дүгээр сургууль, Оюунлаг бүрэн дунд сургуульд тус тус ажиллаж, 2016 оны нэгдүгээр сараас 33 дугаар сургуульд математикийн багшаар ажиллаж байна. Харин 2017-2018 оны хичээлийн жил эхлэхэд одоогийн ангийнхаа багш болжээ. Тэрбээр “Энэ ангиа дааж аваад Ундралыг анх харахад их туранхай, “Нугасны муухай дэгдээхэй” шиг охин байсан. Ундрал хамгийн урд талын ширээнд суудаг, маш идэвхтэй. Би анх ангийнхаа сурагчидтай танилцахдаа дуулдаг хүүхэд байна уу гэсэн Ундрал гараа өргөөд самбарын өмнө гараад дуулсан. Дараа нь бүжиглэдэг хүүхэд гэтэл бас л Ундрал гарч ирсэн. Ундрал маань мөн их хөгжилтэй зантай. Би тэр мөчөөс л энэ охиндоо тусалчих юмсан. Яаж туслах вэ гэж үргэлж бодож явсан.

Үл ойлголцол үүсчээ

Намар 2018-2019 оны хичээлийн жил эхэлсний ард Г.Пүрэвбаяр багш О.Ундралыг багш нарын өрөө рүү хавтас авчруулахаар явуулжээ. Түүнийг гарсны дараа ангийнхантайгаа Ундралд хэрхэн туслах талаар “нууцаар хуралджээ”. Харин ангийнхан нь хэд хэдэн хандивын хайрцаг хийгээд хуваагдаж яваад хандив цуглуулъя, том компаниудаас тусламж хүсье гэх мэтчилэн олон санаа гарсан бөгөөд багш нь өөрсдөө бүтээл хийж зарж борлуулах санаа гаргахад нээх дэмжихгүй, итгэлтэй бус байсан аж. Тэднийг ийн хуралдаж байхад Ундрал ороод ирсэн гэнэ. Багш хүүхдүүдэд чимээгүй гэдэг дохио өгөөд үргэлжлүүлэн хичээлээ оржээ. Тэд энэ маягаараа хэд хэдэн удаа “хуралдаж”, Г.Пүрэвбаяр багшийн өөрсдөө бүтээл урлаад түүнийгээ борлуулж, Ундралын эмчилгээний зардалд хандивлая гэсэн санаагаа дахин хэлэлцэж, тэд нэгдсэн шийдэлд хүрчээ. Ийн тэд энэ “бичил төслөө” Ундралд албан ёсоор танилцуулах гэж байв. Гэтэл үйл ойлголцол үүсчээ.

Харин О.Ундрал охин ангийнхнаа нууцаар хуралдаад байгааг мэдээд ээждээ “Ангийнхан намайг гадуурхаад байх шиг байна. Надаас нэг юм нууцаар яриад байх юм. Намайг асуухаар ерөөсөө юу ярьсан талаараа хэлэхгүй. Багш ч гэсэн хэлэхгүй байна” гэжээ. Харин ээж нь ангийнх нь хүүхдүүдийн санаачилгыг мэдэж байсан болохоор охиндоо зөвөөр тайлбарлаж өгчээ. Ангийнхан нь ч охинд “нууц хурал”-ын шийдвэрээ танилцуулж, хайр гэрэлтсэн “бичил үйлдвэр” байгуулагдсан түүхтэй аж.

Энэ талаараа О.Пүрэвбаяр багш “Би анх ингэж олон нийтийг хамарна гэж бодоогүй. Бүтээл зарагдахгүй байсан ч О.Ундралыгаа мэс засалд орохоор явахад нь гар урлалын хүзүүний зүүлт, бугуйвч зэрэг бүтээлээ зүүлгээд явуулчихъя гэж бодсон. Одоо бол миний мөрөөдөл нэг нэгээрээ биелж байна. Гэхдээ О.Ундралын хандивын аян олон нийтэд хүрсэн нь ёстой санаандгүй зүйл болсон гэв” гэв.

Саятан сурагч

Г.Пүрэвбаяр багш цахим сүлжээнд олны танил болсон хоёр сурагчаа манай ангийн хоёр од гэж нэрлэдэг юм билээ. Хоёр одын нэг нь О.Ундрал охин бол нөгөө нь Б.Уранбат хүү. Б.Уранбат өнгөрсөн намар үнэт эдлэл болон мөнгөтэй түрийвч олж, цахилгааны төлбөрийнх нь кодоор эзнийх нь гэрт эд зүйлсийг нь хүргэгж өгчээ. Гэвч энэ үеэр багахан таагүй зүйл болжээ. Түүнээс болж хүүг эмзэглэхвий гэсэн дээ ангийн багш нь сайхан сэтгэлт хүүгээ урамшуулах зорилгоор энэ үйл явдлын талаар өөрийн фэйсбүүктээ пост бичжээ. Энэ бичвэр нь олон хүнээс хандалт авч нэгэн сайтын сурвалжлагч багштай холбогдон, ангид нь очиж сурвалжлага бэлдэн, Б.Уранбат хүүгээс ярилцлага авсан байна. Энэ үеэр хүү “Багшийн постыг уншаад нэг сайхан сэтгэлтэй эгч намайг шагнамаар байна, уулзъя гэсэн. Ээжтэйгээ хамт гэрт нь очихоор болсон. Шагналынхаа мөнгөнөөс О.Ундрал найзынхаа эмчилгээнд хандивлана” гэж ярьсан юм. Ийн 7е ангийнхны О.Ундрал найздаа туслах гэсэн хандивын аян олон нийтэд хүрсэн билээ.

Түүнчлэн өөрийгөө нууцлахыг хүссэн сайхан сэтгэлт эмэгтэй Н.Уранбат хүүд хоёр сая төгрөгийн шагнал өгснөөс гадна түүнийг таеквандогоор хичээллэдэг гэдгийг сонсоод зэхсэн иж бүрэн бэлтгэлийн хувцсаа бэлэглэсэн байна. Харин хүүд гутал нь жаахан багадсан учир размерыг нь солиулаад яг таарсныг дараа уулзаж өгөхөөр болжээ. Харин Н.Уранбат сайхан сэтгэлт эмэгтэйгээс шагналд авсан мөнгөнөөсөө найз О.Ундралынхаа эмчилгээний зардалд 500 мянган төгрөг хандивлажээ.

Б.Уранбат

“7е анги руу шилжихэд ямар материал бүрдүүлэх вэ”

Г.Пүрэвбаяр багштай ярилцаж байх үеэр түүний утас дуугарав. Утсаа автал ангийнхан нь хөвгүүн залгаж байгаа бололтой “Багшаа нөгөө ангийн хөвгүүд илт өдөөд байна. Бид нар зодолдох уу, яах уу” гэж асуув. Харин багш нь Битгий зодолд, тэднийг гарсны дараа сургуулиас гар. Эсвэл ангидаа хүрээд ир багш нь сууж байна” гэв. Ийн багш нэгэн хөгжилтэй түүхийг хүүрнэлээ. 7е анги хоёр тамирчинтай. Тэдний нэг нь өмнө дурдсан Б.Уранбат хүү бол өөр нэг хөвгүүн боксын спортоор хичээллэдэг аж. Өнгөрсөн жил нөгөө ангийнх нь банди нар 7е ангийн хөвгүүдийг “тулаанд” дууджээ. Харин Б.Уранбат хүү тэдэнд “Бид нарыг зодолдвол ангийн багш минь гомдоно. Тэглээ ч манай анги хоёр мэргэжлийн тамирчинтай болохоор зодолдохгүй. Харин бяраа үзчихье” гэж хэлээд сургуулийн гадаах талбайд хоёр ангийн хөвгүүд хувцсаа халтар болтлоо цаг гаруй барилдсан гэнэ. 

Сар гаруйн өмнө Хүний эрхийн үндэсний комиссыг хуралдаанаар Г.Пүрэвбаяр багшийн анги бүлгээ нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, нэг айлын хүүхэд мэт халуун дулаан, хүний эрхийн мэдрэмжтэй болгон хүмүүжүүлж буй гавьяаг үнэлэн ёстой “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагнахаар шийдсэн. Ийн гардуулах талаар дуулгахаар тус комиссын дарга Ж.Бямбадорж Г.Пүрэвбаяр багштай утсаар ярьжээ. Харин багш сандраад “Би шагнал авахгүй ээ” гэж хэлээд утсаа салгачихжээ. Дараа нь гар утасных нь цэцэг дуусаад унтарчихсан гэнэ. Харин Хүний эрхийн үндэсний комиссоос сургуулийн удирдлагатай холбогдож, тус анги дээр очиж Г.Пүрэвбаяр багшид “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгийг гардуулжээ.

7е анги дээрх үйл явдлуудын дараа их алдартай болсон. Энэ ангийн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээ, цахим хэвлэл бүр сонин, телевизээр гарсан. Үүнээс болсон ч юм уу Г.Пүрэвбаяр багшийг өөр ангид математикийн хичээл орох үеэр тухайн ангийн сурагч “Багшаа танай 7е анги руу шилжиж ороход ямар материал бүрдүүлэх вэ” гэж асуужээ.      7е ангийнхан алдартайгаас гадна их хөдөлмөрч билээ. Тэд өнгөрсөн хавар ангиараа Гачууртын Хар усан тохой руу очиж  минж үзэн,  тэнд ангийнхаа нэрэмжит төгөл байгуулжээ.

Ангиараа уйлжээ

О.Ундралын ээж түүнийг төрүүлэхдээ төрөлхийн хүндрэлээр нас баржээ. Тухайн үед эмч нар охиныг аврахын тулд хиймэл амьсгал хийх үеэр охины хавирга нь цөмөрч үүнээс үүдэн зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болжээ. Охиныг таван настай байхад цээжний цөмрөхийг нь татаж авах, төмөр суулгах мэс засал хийжээ. Түүнээс хойш охин олон удаа хүнд мэс засалд оржээ. О.Ундрал ирэх оны хоёрдугаар сард БНСУ-д хамгийн сүүлийн шатны хагалгаанд орно. Энэ жил охины 13-ны жил давхацсан учир гэр бүлийнхэн нь түүнийг цагаан сар болж, гахай жил гармагц хагалгаанд оруулахаар төлөвлөсөн аж. О.Ундралын зөвхөн мэс заслын зардал нь 100 сая төгрөг аж. Үүнд замын болон гэр бүлийнхэн нь БНСУ-д байрлах зардал ороогүй юм байна. Мөн мэс заслаас үүдсэн хүндрэл гарвал эмнэлгийн нэмэлт зардал гарч, энэ мөнгөн дүн өсөх аж. Гэхдээ өнгөрсөн сарын 17-нд О.Ундрал охины хандивын дансыг зарласнаас хойш одоог хүртэлх хугацаанд 30 гаруй сая төгрөг цугларчээ. Ангийнхан нь Ундралдаа шаардлагатай хандивыг олж өгөхийн тулд хичээлийнхээ хажуугаар чадах чинээгээрээ зүтгэж байгаа юм.

Г.Пүрэвбаяр багш ангийнхаа сурагчиддаа хичээлийн үеэр дүрэмт хувцасныхаа гадуур өөр хувцас өмсөхгүй байхыг захижээ. Харин Ундрал цагаан цамцныхаа гадуур ноосон цамц өссөн байхад нь ангийнх нь хөвгүүн түүнд шаардлага тавьжээ. Үүнийг харсан багш “Ундрал ирэх хоёрдугаар сард том мэс засалд орно. Тэр хүртэл даарч болохгүй болохоор цамцныхаа гадуур ноосон цамцаа өмсөг” гэж хэлжээ. Гэтэл Ундрал “Би Солонгос яваад эргэж ирнэ гэж бодохгүй байна. Ирж ахиж ангидаа сууж чадахгүй байх” гэжээ. Үүнийг сонссон  Г.Пүрэвбаяр болон ангийнхан нь бүгд уйлжээ. Тэд Ундралд “Чи буцаад ирнээ. Манай анги 49 хүүхэдтэй энэ хэвээрээ л байх болно. Бид чиний төлөө ингэж их хичээж байхад битгий тийм билэггүй муухай юм ярь” гэжээ.

Энэ талаар Г.Пүрэвбаяр багш “Ундрал олон удаа маш хүнд хагалгааны ард гарсан. Тиймээс жаахан хүүхэд болохоор сэтгэл санаагаар унасан байх. Мөн сүүлийн мэс засал өмнөх эмчилгээ, хагалгаатай харьцуулахад илүү хүнд болохоор айж байгаа нь мэдэгдсэн. Гэхдээ ангийнхан нь тэр айдсыг нь арилгаж, сэтгэл санааг нь өргөхөөр мөн мэс заслынх нь зардлыг олохоор чадахаас чадахгүйгээ хүртэл хичээж байгаа. Энэ их хичээл зүтгэлийн үр дүн, энерги Ундрал охинд минь шингэж, мэс засал нь амжилттай болж, бүрэн эдгээд ангидаа сурна гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Г.Пүрэвбаяр багш мөн дараа дараагийнхаа зорилгыг ярьсан. Тэрбээр “О.Ундралын мэс засал амжилттай болж, эдгэсний дараа ангиа тохижуулна. Гэхдээ үүнийгээ хавраас хэрэгжүүлнэ. Наана нь бид хандивын аянаа амжилттай зохион байгуулаад, ангиараа нисэх онгоцны буудалд очиж, Ундралыгаа онгоцонд нь суулгана. Мөн эргээд ирэхэд нь томоос том цэцгийн баглаатай бүгд баярын нулимстай тосоод  угтана даа” гэв.

О.Ундрал охины эмчилгээнд туслах хандивын данс: Хаан банк – 5134022211,

Голомт банк - 3615103738

Хүлээн авагч М.Алдармаа(О.Ундрал охины ээж) Утас: 99998883































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Амь нэгтэй 7е анги  
Үзсэн: 3507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Эрүүл мэнд [127.0.0.xxx] 2018-12-30 00:00
Ямар мундаг багш, анги хамт олон юм бэ. Энэ олон хүний сэтгэл, хөдөлмөрийн дүнд О.Ундрал маань удахгүй эдгэх болноо. О.Ундралыг эмчлүүлээд, эдгээд эх орондоо эргээд ирхэд нь ахиад сайхан мэдээ дуулгаарай гэж сэтгүүлч Т.Болор-Эрдэнээс хүсэе!

Бидэнтэй нэгдээрэй