Шууд Chart

Б.Уранбаяр: Салааны захирагч эмэгтэйчүүдийн нэг болсондоо баяртай байдаг

2022-12-23 16:29:25

Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2023 оныг “Залуу офицеруудын манлайллын жил” болгон зарласантай холбогдуулан Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын залуу офицерын төлөөлөл болгож нэгэн мөрдэстэй бүсгүйг уншигчидтай танилцуулах гэж байна. Түүнийг Баярсайханы Уранбаяр гэдэг, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн штабын офицер, ахлах дэслэгч.

Онцлохын учир нь тэр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад салааны захирагчаар ажиллаж байсан, ажиллаж байгаа цөөхөн бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл. Салааны захирагч нь хэдий эр хүний ажил ч гэсэн тэдний адил хүйтэнд хөрж, халуунд халж, цэрэг дайчдаа цаг наргүй сурган дадлагажуулагч эмэгтэй цэргийн дарга байна гэдэг бахархмаар. Тэрбээр саяхан хилийн чанадад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Завхан аймгийн Идэр суманд суугаа хайрт аав, ээж дээрээ очиж үнсүүлчхээд ирсэн гэнэ.

-Танд энхийг сахиулах үйлсэд нэр төртэй үүргээ гүйцэтгээд ирсэнд баяр хүргэе, ажиллагааны газар оронд ямар албанд үүрэг гүйцэтгэв?

-Баярлалаа, БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэсэндээ баяртай байна. Ажиллагааны газар оронд буудагчаар ажиллалаа. Өнөөдөр энхийг сахиулагч эмэгтэйчүүд холбоо, ар тал, эмнэлэг, хэвлэл мэдээллээс гадна буудагчаар үүрэг гүйцэтгэж эхэлсний бодит илрэл нь энэ. Энэ нь ажиллагааны газар орны онцлогоос гадна эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа үүрэг, оролцоог нэмэгдүүлж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний бодлого. Буудагч эмэгтэйчүүд харуулын цэгт үүрэг гүйцэтгэж, явган эргүүлээр явахаас эхлээд эрчүүдээсээ дутахгүй үүргээ гүйцэтгэсэн гэж хэлэх байна.

-2018 онд залуухан дэслэгч салааны захирагчаар ажлын гараагаа эхлүүлж байсан. Энэ тухай яриа дэлгэвэл?

-Ерөнхий цэргийн командын мэргэжлээр төгссөн офицер хүнд салааны захирагчийн ажил олон чадвар, дадлыг олгодог онцгой гоё алба. Энэ л зарчмаар өөрийн саналаар салааны захирагчаар ажлаа эхлүүлж байлаа. Миний хувьд 2014-2018 онд ҮБХИС-д суралцаж төгссөн. Анх Аюулгүй байдлын сургуульд нийтийн удирдлага мэргэжлээр суралцаж байсан юм. Тэгэхэд 2017 онд практик буудлагын тэмцээн явагдаж таараад сургуульдаа тэргүүлж, улмаар ОХУ-д зохион байгуулагдсан дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медаль хүртсэн.

Дэлхийн аваргаас ирэхэд тухайн үеийн ҮБХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц дарга намайг дуудаж “Ерөнхий цэргийн команд мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах боломж танд байгаа. Таны гаргасан амжилтыг үнэлж, илүү мэргэшээсэй гэж үзсэн учир ийм шийдвэр гаргалаа” гэсэн.

Би ч дуртай зөвшөөрч, ерөнхий цэргийн командаар үргэлжлүүлж суралцаад 2018 онд төгссөн юм. Мэдээж анхны салаа минь мартагдашгүй бөгөөд дадлага туршлага, сургамж олгосон цаг хугацаа байсан. Салааны захирагчаар хоёр орчим жил ажиллахдаа гурван удаагийн хугацаат цэргийг халж, татаж авсан байна.

-Эмэгтэй хүн салааны захирагчаар ажиллахад хүндрэлтэй зүйл юу байна?

- Хийморьлог бөгөөд цог золбоотой хамгийн сайхан ажил. Яах вэ, эмэгтэй хүн гэдгээ мартдаг л юм билээ. Дөнгөж татагдаж ирсэн дайчидтай “Эгчийн дүү тэгээрэй, одоо ингэдэг шүү” гээд аядуу зөөлөн, өрөвч зөөлөн байгаад байх нь ажил албанд зохимжгүй. Тийм учраас яг л эрчүүд шиг шаардлагаа тавьж, зарим үед үнэлж урамшуулж, цугтаа хөгжихийг эрмэлздэг байсан. Тэгээд хоёр жилийн дараа ангийнхаа штабын офицероор томилогдсон.

Гэхдээ цаашдаа ерөнхий цэргийн командын офицероороо үргэлжлүүлж ажиллах зорилго, төлөвлөгөө байгаа. Үүний тулд суралцах, мэргэших ч шаардлага байна. Салаа, ротын захирагч гэдэг бол цэргийн албыг хаахаар ирсэн залуусыг ирээдүйдээ итгэх итгэлтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй, бие бялдар, сэтгэл зүйн хаттай болгон төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй нэр төртэй алба. Энэ албандаа би их хайртай.

Зэвсэгт хүчний Жанжин штаб


Б.Уранбаяр: Салааны захирагч эмэгтэйчүүдийн нэг болсондоо баяртай байдаг  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй