Шууд Chart

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл төр, ард түмэндээ талархал илэрхийллээ

2025-11-21 13:26:52

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн академич С.Нарангэрэл төр, ард түмэндээ талархал илэрхийллээ.

“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНТ, АКАДЕМИЧ СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛ:

Төрөлх эх орон, Монгол Улсынхаа тэргүүн зэргийн, хамгийн дээд одон, Их эзэн “Чингис хаан” одонг эгэл жирийн атлаа удам угшилтай иргэн, багш, эрдэмтэн, судлаач, хуульч надад хүртээж байгаад Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд, Монголын ард түмэндээ чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлье.

Монгол Улсын маань газар зүй, байгаль орчин, цаг уур, орон гэр, амин зуулгад тохирсон тогтвортой хөгжил цэцэглэлт, хүн ардын маань сэтгэл тэнүүн амьдралын язгуур нь Их эзэн Чингис хааны маань та бидэнд үлдээсэн үнэт сургаалийн эрдэнэсийн сан, эрхэм бээрийн цаглашгүй их өвд оршиж байгааг миний бие ухаарч ойлгоод, иргэн бүрийнхээ ой санамжид монгол бахархлыг сэргээх болон соён гэгээрүүлэх үйлсэд нэн хэрэгтэй сургамжийг нь олж авахын төлөө эрэлхийлэн хайх, судлан шинжлэх ажлыг цөхрөлтгүй хийсний үр дүнд гаргаж авсан сургамж, дүгнэлтийн заримаас нь энэ сайхан “Монгол бахархлын  өдөр” та бүхэндээ хураангуйлан товч айлтгая.

Монгол бахархал бол олон зууны туршид огт хуучраагүй аж төрөх ёс, амьдралаа авч явах монгол айл өрх бүрийн арга билиг, гал голомтоо залгуулан үр хүүхдээ эгэл жирийн амьдралд жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх өнө эртний үнэт уламжлал, элгэмсүү их монгол хэлд маань оршин байсан байна.

Монгол бахархал бас  өвөг дээдсийнхээ гайхамшигт ухаанаас цаг ямагт суралцаж, түүнд суурилан амьдралаа тодорхойлж, цаашдын ажил үйлсийнхээ зүг чиг, эрч хүчийг олж авахад оршиж байжээ.

Монгол бахархал харийн улс гүрний аж төрөх ёсыг мөнхөд өөрийн болгодоггүй, нэг л мэдэхэд буцаад буурин дээрээ эргээд буучихдаг монгол хүмүүний язгуур мөн чанар, генд нь хадгалагдаж иржээ.

Ямар ч хүн өөрийнхөө гэр оронд өвлөж, нүдний цөцгий мэт нандигнаж ирсэн уламжлалаа хадгалахыг эрмэлздэгийн адил үзэсгэлэн төгөлдөр эх орныхоо хөрс шороон дээр таван хошуу мал сүргийн аж ахуй бүхий бэлчээр дагасан соёл иргэншлийн аж төрөх  ёс, мөнхөд оршин байхыг нэгэн цагт хүн төрөлхтний дотор асаж байсан жинхэнэ аз жаргалант амьдралын гал цог бадарч, эцэг тэнгэрээс заяасан эрч хүч цогцолсон амьдралын уламжлалт хэв маягаа үргэлж хадгалж явцгаахыг Их эзэн Чингис хаан монголчууд бидэндээ хичээнгүйлэн захиж үлдээжээ.

Их эзэн Чингис хааны маань нандигнаж байсан гурван үеийнхний амин хэлхээ холбоог хэрэв салгавал монголчууд бид өөдлөхгүй гэдгээ ухаарах цаг үетэй золгосон байна.

Их эзэн Чингис хааны маань бий болгосон монгол бахархал нь өвөг дээдсийнх нь генээр дамжиж, эрхэм бээрт өвлөгдсөн  дараах билиг оюунаас ундарч гарсныг судалгааны зарим үр дүн баттай харууллаа.

Их эзэн Чингис хаан маань монгол зарим хүмүүний бүдүүлэг, цэвдэг сэтгэлийг нь эелдэг, найрсаг, зочломтгой, шударга бусыг цэх голч шударга, залхуу хойрго, унхиагүйг нь ажилсаг, хөдөлмөрч, ханашгүй шунахайрлыг нь эс шунахуй, эрээ цээргүйг нь ичиж эмээдэг болгож өгсөн байна.

Түүнчлэн хүний мөсгүйг нь жудагтай, харгис хэрцгийг нь нинжин, худал хуурмагийг нь үнэн, хэн нэгнийхээ найдвар хөсөрдүүлэхийг нь итгэл даадаг, нэр хүндээ унагахыг нь нэр төрөө дээдэлдэг, амин хувиа хичээхийг нь нийтэч, хамтач болгож өгчээ.

Их эзэн Чингис хаан маань хэн нэгнийхээ тусыг хариулж чадахгүй юм аа гэхэд эргээд гай төвөг учруулдаггүй, сэтгэлийн тэнхээ муутайг нь тэсвэр тэвчээртэй, хагарал талцал, дайсагналыг нь эв эе, үзэн ядалт, өш хонзон, хорон муу санаархлыг нь өгөөмөр, атгаг бус сэтгэл, эргэж буцдаг шарвалтыг нь урвашгүй чанар болгон хувиргаж өгч байжээ.

Ингэсний үр дүнд XIII зуунд цул нэгдмэл, хүчирхэг монгол үндэстэн бүрэлдэж, тэдний сэтгэлийн эерэг сайхан энергид харийнхан өөрийн эрхгүй татагдаж, улмаар дэлхий дахинд 100 жилийн туршид шударга ёс, энхийг тогтоох ариун үйлсийг та бидний гайхамшигт өвөг дээдэс оройлон манлайлж, энэ хорвоогийн хүн ард эвтэй найртай эн зэрэгцэн аж төрөх нөхцлийг бүрдүүлж өгч байжээ.

Их эзэн Чингис хааны маань “Хаан миний бие их хээр талд аж төрөн сууж, цэх  шударгыг эрхэмлэн тогтоогоод, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож, идэх хоол, өмсөх хувцсаа адуучин, үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг үр хүүхэдтэйгээ  адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж, эе эвийг сахиулан энэрэл хишгээ түгээж явна аа” хэмээсэн айлдвар нь төр, засгийг барилцаж яваа хүмүүст хандсан нэг ёсны гэрээс өнөөдөр бас хатуу анхааруулга болж байна.

Монголчууд бид бүгдээрээ төрөлх Монгол эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг билээ.

Тийм учраас Их эзэн Чингис хааныхаа “Эцгийн нэрийг үр хүүхэд нь амьдруулж, эцгийн үйлсийг үр хүүхэд нь залгамжилнам уу” хэмээсэн айлдварыг нь үеийн үед монгол хүн бүр сүсэглэн дагаж явах нь энэ хорвоод монголчууд та бид төрөлх эх орондоо монголоороо үлдэх цорын ганц боломж ч байж болох юм.

Монголын ард түмэндээ мэхийн гүн хүндэтгэл, талархлаа дахин илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Танд Их эзэн Чингис хааны тухай бүтээлээсээ англи, орос, герман, солонгос, казах зэрэг хэлнээ хөрвүүлэгдэж, гадаадын зарим улсын хэвлэлийн газар нийтийн хүртээл болгосноос нь өргөн барья.

Их Богд эзэн Чингис хааныхаа гал голомтыг сахиж суугаа эрхэм бээрийн үр сад, Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ.

Их хааныхаа “Миний сургаалыг мянган онд хувиргалгүй, түмэн үедээ өөрчлөлгүй, ургийн ургаараа мөрдөн журамлатугай” хэмээснийг нь чанд сахин биелүүлж чадах юм бол та бидний буян хишиг арвижиж явахын билгэтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Баярлалаа.


“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл төр, ард түмэндээ талархал илэрхийллээ  
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй