
Гараг студийн “Аяллын цаг” нэвтрүүлгийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. 1998 оноос хойш энэ нэвтрүүлгийг хийж байгаа Г.Бадамсамбуутай аялал жуулчлалын асуудлаар ярилцлаа.
-Танд монголчууд цагаахан атаархдаг, ямар гоё ажил хийдэг хүн бэ гэж. Яаж яваад ийм ажил хийх болов?
-Би 1998 оноос нэвтрүүлгээ хийж эхэлсэн. Уг нь улс төр, эдийн засгийн нэлээд найдлага төрүүлсэн сэтгүүлч байлаа.
Монголчууд бид чинь сүүлийн 300 жил сураггүй алга болсон хүмүүс. Өөрийгөө ч мэдэхгүй, өөр бусад ч биднийг танихгүй. Тийм нэг нууцлагдмал улс болчихсон байлаа. Дэлхий ертөнцөд Монголыг таниулъя, монголчуудын нүдийг дэлхийд нээе гэсэн зорилготойгоор энэ нэвтрүүлгийг хийж эхэлсэн юм. Үүнд аав минь их нөлөөлсөн. Байгаль, соёл түүх сонирхох эхлэлийг аав минь тавьсан юм, их үлгэрч хүн байв.
Анх эхэлж байхад Монгол телевиз хажуугийн аймагт сурвалжлагын баг явуулах чадваргүй байлаа. Ийм хүнд үед эхэлсэн ч азаар олон хүнд хүрч бусдын дэмжлэгийг авснаар өдгөө энэ нэвтрүүлэг маань та бүхэнд хүрсээр байна.
-Маш олон жил, маш олон орноор явсан хүн “Аялал жуулчлал” гэдгийг юу гэж ойлгодог нь их сонин байна?
-Аялал жуулчлалыг үл үзэгдэх экспорт гэж нэрлэдэг. Гаднаас хүн орж ирээд эндээс үйлчилгээ авсныхаа төлөө мөнгө төлөөд гардаг. Авсан зүйл нь өөрийнх нь таашаал байхгүй юу. Ер нь аялал жуулчлал зөвхөн мөнгө олохоос гадна улс орноо дэлхий ертөнцөд сурталчлах, таниулах зорилготой байдаг. Товчхондоо нэг талаас эдийн засаг, нөгөө талаас тухайн орны соёл, түүх нөхцөлдөж байх учиртай. Ингэж байж л хөгжинө.
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн их өвөрмөц. Өөрөөр хэлбэл зөвхөн идеа санаа, үзэж харуулах зүйл, тухайн хүний таашаалд нийцсэн үйлчилгээг үнэлдэг. Энэ нь таваарын харилцаанд орохоор аялал жуулчлалын үйлдвэрлэл болж хувирдаг. Товчхон хэлбэл, таашаалыг өөрт нь худалдах бизнесийг л аялал жуулчлал гэж байгаа юм. Таж Махал, Прамидыг тохь тухтай, дураараа үзэхийн тулд бусдаар үйлчлүүлэхийг хүсдэг. Ингэж байж таашаал авдаг. Ингэсний үр дүнд 3500 ам.доллар төлсөндөө харамсахгүй байх жишээтэй. Ингээд харвал аялал жуулчлал маш өргөн зах зээлтэй. Хүн бүрт өөрийн гэсэн таашаал байдаг. Үүнийг яаж эдийн засгийн эргэлтэнд оруулж, үйлдвэрлэл болгохыг олж харах нь чухал.
-Манайд таашаал болгоод худалдчих зүйл юу байна?
-Аялал жуулчлал эхэн үедээ алдартай содон зүйлд татагддаг байлаа. Харин одоо өөр харагдаж байгаа бүхнийг сонирхдог бүлгүүд үүсээд байна. Монголын хувьд бусдаас ялгарах онцлог ихтэй учраас жуулчид татна. Хамгийн гол нь түүнийг сайн бүтээгдэхүүн болгох удирдлага, зохион байгуулалт, бүтээгдэхүүний нөөцийг илрүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэх бодлого дутмаг байна. Аялал жуулчлалын нөөцийг дагасан хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүнээ дэлхийн аялал жуулчлалын хэрэглэгчидтэй холбож өгөх хэрэгтэй.
Монголын хувьд дэлхий дээр байгаа цорын ганц морьт нүүдэлчдийн голомт. Барууныхны ярьдаг шиг бүдүүлэг нүүдэлчид биш бие даасан ертөнцийг үзэх үзэлтэй, өөрийн төрт ёсны удаан хугацааны тогтолцоотой, соёлын бие даасан байдалтай орчин юм. Энэ бол ямар ч бүс нутагтай харьцуулшгүй аялал жуулчлалын үйлдвэрлэл гэсэн үг. Энэ өвөрмөц соёлыг үзэх гэсэн хүмүүсийн хүслийг нааш нь татах маш том боломж байна.
Нүүдэлчдийн иргэншлээ дагасан маш алдартай түүхтэй газар. Чингис хаан гэдэг бол дэлхий дахинд домогт хязгаар шиг сонсогддог. Мөн Евро Азийн байгалийн маш олон бүс бүслүүрийг өөртөө хураасан байгалийн аялал жуулчлалын нөөцтэй. Түүнээс гадна олон үеийн өөр өөр үйлдвэрлэлүүдийг хадгалсан нутаг гэж ойлгож болно. Жишээ нь Буддист иргэншлийн ул мөр, коммунист дэглэмийн дурсгалт орон байж болохоор. Даанч устгаад дууслаа.
Эдгээрийг яаж хүнд үзүүлэх, хүргэхийг бодож олох, зарах, хэрэглэгчдийг татах гэдэг бол аялал жуулчлалын салбарынхны хийх ажил.
-Манай аялал жуулчлалын салбарынхан хийж чадаж байна уу?
-Манай аялал жуулчлал хөгжлийнхөө эхэн үед явж байна. 1990-2000 он хүртэл маш хэцүү байсан. Харин 2000-аад оноос хойш хууль эрх зүйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, бүтэц нь бий болж эхэллээ. Өдийг хүртэл аялал жуулчлал зөвхөн хувийн компаниудын нуруун дээр явж ирсэн. Ингэснээр энэ салбарынхан өдийг хүртэл хар практикаар явж туршлагаа хуримтлууллаа. Одоо бодлого хөрөнгө оруулалт, хөгжлийн төлөвлөлтийг шаардаж байна.
Өнгөрсөн жил хариуцсан яамтай болсноор нөөц бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэлд оруулах нөхцөл бүрдэх найдлага төрж байна. Ирэх жилүүдээс аялал жуулчлал хөгжих бололцоотой болно гэж харж байгаа. Нэгдүгээрт дэд бүтэц сайжирч байна. Хоёрдугаарт үйлчилгээний мэргэжилтнүүд мэргэшиж байна. Энэ хоёрыг дагаад аялал жуулчлалын нөөцөө сайжруулахад хөрөнгө зарах сэдэл, эрмэлзлэл бий болж эхэлсэн. Харин мэдээлэл, сурталчилгааг яаж хүргэх, хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй байна. Үүнийг анхаарах хэрэгтэй.
-Манайд ер нь хэр олон жуулчин ирдэг юм бэ?
-Эхэн үед бид гаднаас жуулчин авахыг аялал жуулчлал гэж ойлгож байлаа. Харин энэ ойлголт одоо өөрчлөгдсөн. Аялал жуулчлалын хэрэглэгчдийн урсгал дотоодоос гадагшаа чиглэсэн, гадаадаас дотогшоо чиглэсэн, дотооддоо гэсэн гурван төрөл байдаг. Монголчуудыг гадагшаа аялахад үйлчилгээ үзүүлж мөнгө олж болно гэсэн үг. Ийм жуулчдын тоо жилд 15-16 мянга хүрч байгаа. Мөн дотоодын аялал их хөгжиж байгаа. Харин одоо аялал жуулчлалын урсгалыг үйлдвэрлэлд оруулж зохион байгуулах явдал дутагдаж байна.
Жилд 500-600 мянган жуулчин орж ирдэг гэж байгаа. Энэ бол яг жуулчид биш зорчигчид л доо. Үүнээс 60-80 мянга нь л жуулчин гэж мэдээлдэг. Гэтэл 80 мянган жуулчин орж ирсэн тохиолдолд гарах үр дүн манайд харагдахгүй байгаа. Ер нь 50 мянга хүрч байна уу, үгүй юу. Үүнийг өөрчлөхийн тулд зарах зүйлээ маш сайн боловсруулж бэлтгэл хангах хэрэгтэй. Тийм шаардлага хангасан бүтээгдэхүүн зах зээлд нийлэхэд маш их хугацаа шаарддаг. Ер нь нэг бүтээгдэхүүн гаргаж ирээд түүнийг хүмүүст танил болтол нь тэсэх, сайжруулах нь чухал. Анх коко кола гарч ирээд ямар ч амжилт олоогүй. Түлэнхий амттай, чихэртэй ус хавар ам дарвигнуулаад таагүй мэдрэмж төрүүлдэг байсан. Аажимдаа энэ бүтээгдэхүүн дэлхий ертөнцийг бүрхсэн. Үүнтэй адил тодорхой бүтээгдэхүүний удаан хугацаанд тогтмол чанартайгаар барьж байж хэрэглэгчдэд хүрдэг. Ийм чадвар, тэр эрсдлийг давах тэвчээр хэрэгтэй.
-Манайд ирдэг жуулчдын худалдан авах чадвар нь хэр байдаг вэ?
-Жуулчдыг зорчигч гэдгээр авч үзвэл сүүлийн үед худалдан авах чадвар нь өсч байгаа. Уул уурхай, олон улсын төсөл хөтөлбөрийн чиглэлээр ирж байгаа хүмүүс хамгийн өндөр түвшний худалдан авагчид байдаг. Хамгийн өндөр үнэтэй зочид буудлуудаар тэд л үйлчлүүлж байна.
Цэвэр юм үзэж харахаар ирсэн жуулчдын худалдан авах чадвар нэмэгдэхгүй. Учир нь бидэнд өндөр үнэтэй, чанартай үйлчилгээ байхгүй юм чинь. Том диснейлэнд, казино төвүүд байгуулахгүйгээр мөнгө олохгүй. Тийм юмгүйгээр манайх хар зах шиг л харагдаж байна. Зөвхөн адал явдал, адармаат аяллын чиглэлээр аялал жуулчлал өснө гэж байхгүй. Бид хөдөлгөөнт багц буюу нэг газраас нөгөө газар аваачиж юм үзүүлээд явдаг. Үүнээс татгалзаж суурин багц руу шилжих хэрэгтэй. Товчхондоо Улаанбаатарт ирээд л маш олон зүйлийг үзэж болдог байх хэрэгтэй. Одоо манай нийслэл дамжин өнгөрүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Жишээ нь Францад 10 хоносон жуулчин долоо хоногийг нь Парист өнгөрүүлдэг. Манайд зөвхөн хөдөө явахын тулд жуулчид ирж байна. Улаанбаатарт тэдэнд сонирхох юм ховор.
-Жуулчдын тоог өсгөхийн тулд юу хийх ёстой вэ?
-Эхлээд хөгжлийн үнэлгээ хийж үзэх ёстой. Ингэснээр хөгжлийн үнэлгээний тайлан гэж юм гарна. Яг одоогийн бодит байдлыг танин мэднэ гэсэн үг. Юу нь давуу, юу нь сул тал юм, ямар асуудал сайн юм, юу нь илүү тааламжтай юм, ямар бүтээгдэхүүн байна, ямар нөөцүүд бий болох нь уу. Цаашлаад дэд бүтэц, мэдээллийн урсгал ямар байгааг дүгнэж хаана алдаад байгаагаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох хэрэгтэй. Үүнд үндэслэж хөгжлийн үзэл баримтлал гардаг. Нэгэнт үзэл баримтлал нь гарчихвал хөгжлийн төлөвлөлтүүдийг хийхэд хялбар болдог. Төлөвлөлтүүдийг дагаж хөрөнгө оруулалт, зорилго чиглэлүүд тодорхойлогдож, худалдаа эдийн засгийн асуудлаа зохицуулдаг. Ийм юм Монголд алга.
Гол боомт хот болох Улаанбаатар, жуулчид их очдог говийн бүс, төвийн бүс буюу Хархорин, баруун бүс буюу Хөвсгөл гэсэн чиглэлд хөрөнгө оруулмаар байна. Дэд бүтцийн, үйлчилгээний, тэр дундаа нөөц бүтээгдэхүүний чиглэлээр. Энэ бол алсдаа үр дүнгээ өгдөг. Мөн баруун болон зүүн тийш чиглэсэн урсгалуудад зориулсан төлөвлөлтүүдийн бий болгох хэрэгтэй. Энэ бүхэн одоохондоо алга.
-Манайх улирлаас хамаарсан аялал жуулчлалтай гэж ярьдаг. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий юу?
-Өнгөцхөн харахад Монголд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхэд хэцүү юм шиг харагддаг. Тэгж ч хүмүүс итгэдэг байсан. Гэтэл тийм биш. Аливаа юманд заавал нөөц байдаг. Түүнийг олж илрүүлэх ухаан, гярхай байдал хэрэгтэй. Олж илрүүлээд өвөрмөц байдлаар төлөвлөж хүмүүст санал болгох нь чухал.
1990 оны төгсгөл үед Монголд аялах ямар ч боломжгүй гэсэн хандлага байсан. Гэтэл одоо нохой чарга, мөсний баяр, тэмээний баяр, сарлагийн баяр, мөсний шагай гэх мэтээр үйл ажиллагааны чиглэлийн бизнесүүд зохион байгуулагдаад эхэлчихсэн байна. Энэ нь эхэндээ ядчихсан юм шиг харагдаж байсан ч одоо тодорхой хүмүүсийг татдаг бизнес болчихлоо. Хэт хүйтэн цас унадаг гэх шалтгаанаар уулын цаныг хөгжүүлэх боломжгүй гэдэг байсан үе ч саяхан. Гэтэл Скай ресорт баригдчихлаа. Мөн маш их цас унадаг бөглүү тайгыг үзэх хүсэлтэй хүмүүс ямар их байгаа гээч. Энэ тайга бол дэлхийн ихэнх хүн амын үзээгүй орчин шүү дээ. Жишээ нь Энэтхэг, Хятад, Австрали гэх мэт халуун орны хүмүүс өвөл гэдэг юмыг үзэх, цас, мөс харж хүйтнийг мэдрэхийг хүсдэг. Энэ бол үзээгүйгээ үзэх нэг хэлбэр. Удахгүй Монголын том голуудад далангийн нуур, усан цахилгаан станц байгуулахаар ярьж байна. Үүнийг түшиглээд цана, чарга, тэшүүрийн спортын төв байгуулж болно. Мөн өргөн уудамж нутагтай бидэнд шигүү суурьшдаг хотын иргэнд өөр чөлөөт даваажинд ирсэн мэт мэдрэмжийг өгөх боломж бий.
Манайд хэт хүйтэн үед жуулчин ирдэггүй шиг хэт халуун үед жуулчин очдоггүй орон гэж байна. Энэ үед хотоо сэрүүхэн байлгахад хамаг мөнгө нь урсаж байдаг. Манайх өвөл дулаахан байлгах гэж мөнгө зардагтай адил. Жишээ нь Европ тааламжтай ч борооны улирал буюу өвөл нь үргэлж манантай, шамрагатай жуулчдад таагүй үе байдаг.
-Монгол брэнд гэвэл та юу хэлэх вэ?
-Монголд өнгө аяс, соёл, монгол оюун шингэсэн бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Бидний тухай одоогийн ойлголт их сонирхолтой. XVIII зууны сүүл үеэс Европт монголчууд бол варбарууд гэсэн ойлголт хүчтэй түгсэн. Барууны түүхчид бидний тухай нүүдэлчин, бүдүүлэг зэрлэгүүд гэсэн ойлголтыг хүчтэй тарааж чадсан юм. Энэ ойлголт харамсалтай нь буруу байсан. Тэд төв Азийн сонгодог морьт нүүдэлчин биднийг өөрсдийнхөө хажууд байгаа амиа арай ядан аргацаадаг тэнүүлч нүүдэлчидтэй адилтгасан нь алдаа байлаа. Гэтэл бид бүхэл бүтэн амьдралын тогтолцоог бий болгож, өөрийн итгэл үнэмшлийг цогцлоож чадсан ард түмэн байхгүй юу.
Сүүлийн жилүүдэд Монгол улс ардчилал, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гараад ирлээ. Үүнийг хараад тэд маш их гайхаж байгаа юм. Нөгөө бүдүүлэг зэрлэгүүд чинь яаж ардчиллыг байгуулав, эдийн засгаа яаж хөгжүүлээд байна гээд л... Товчхондоо бид маш сонирхолтой харагдаж байгаа. Энэ бол жуулчдыг татах нэг боломж. Дэлхий дээр цөөхөн онцгой сонин үндэстэн байдаг. Тэдний нэг нь Монгол. Энэ бидний брэнд болохыг үгүйсгэхгүй.
Нэгт туульт эдийн засагтай болох гээд байгаа зовиурыг арилгахын тулд уул уурхайгаас орж ирсэн хөрөнгөө үндэсний гэсэн юмыг бий болгох салбарт оруулах хэрэгтэй. Бид газар тариалан, мал аж ахуйг төрөөс дэмждэг. Ялангуяа малд ингэж хандах нь үндэсний үнэт зүйлээ хадгалахын тулд хийж байгаа зүйл. Үүнийг “Малаа үхэхээр биднээс тусламж хүслээ” гэж шүүмжлэх нь зохисгүй. Энэ бол юм үзээгүйгээ гайхуулж, үндэсний үнэт зүйлийн талаар ойлголтгүйгээ илэрхийлж байгаа хэрэг.
-Чингис хаан бидний нэрийн хуудас. Энэ түүхэн хүнийг бүтээсэн “Цонжин болдог” аялал жуулчлалын брэнд болох юм биш үү?
-Ийм том юман дээр хувийн байгууллага хөрөнгө оруулаад бүтээчихсэн байхад төр нь сохор, дүлий юм шиг байна. Зүй нь ийм том хэмжээний улс оронд чухал бүтээн байгуулалтанд төр тусалдаг. Замыг нь тавиад өгөх жишээтэй. Питранасын хос цамхгийг барихад Малайзын Засгийн газар хэрхэн дэмжлэг үзүүлсэн нь домог мэт яригддаг. Тайланд, Хятадад ч ийм жишээнүүд бий.
-Тэгвэл Т.Батаар... Монголыг үлэг гүрвэлийн өлгий нутаг гэж яригддаг шүү дээ?
-Ямар ч аварга нөөц байж болно. Түүнийг зөв менежмент, зөв бодлогоор брэнд болгодог. Палеонтологийн олдворын суу дуулианаар дэлхийд гурван орон байдаг. Монгол, Хятад, Америк. Үүнийгээ удаан хугацаанд ойлгоогүй. Харин Т.Батаараар дамжуулж арай гэж ганц нэгхээн сэжмийг нь ойлголоо.
Палеонтологийн шинжлэх ухааны түвшиндөө эхний гуравт байдаг атал үлэг гүрвэлийн сүр дуулианы хувьд эхний 10-т ч Монгол байхгүй. Монгол гүрвэлтэй эсэхийг нь энгийн хүмүүсийн түвшинд хэн ч мэдэхгүй.
Аугаа их байснаараа брэнд болдоггүй. Нэр алдартай хэрнээ хэн ч очдоггүй газар дэлхийн өнцөг булан бүрт байна. Яагаад гэвэл менежмент хийж чадахгүй байгаа хэрэг. Гэтэл нэр алдаргүй газар зөв зохион байгуулалт хийснээр хүмүүсийг татаж чадаж байна. Хамгийн гол нь “яаж”.
Би Т.Батаарт үнэхээр санаа зовж байна. Лениний музейг авч гэнэ. Ямар юм хийх бол, яаж төлөвлөж байгаа бол, бид чадах болов уу. Монголоор сэтгэчих вий. Байшинг нь засаад хэдэн талаас гэрэл тусгаад орхичихвал ямар ч хэрэггүй яс л болж хувирна. Өндөр мэргэжилтнүүдээр маш нарийн судалгаа хийлгэж, супер хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгж байж үлэг гүрвэлийн төлөөх тулаанд бид ялна. Тодорхой нэг юманд заавал амин сүнс бий, түүнийг л олох нь чухал. Санаагаа олоод дэлхий дахинд хүргэх хэрэгтэй. Таж Махал шиг орднууд зөндөө олон. Яагаад хүмүүс Таж Махалд очдог вэ. Үүнд нэг л нууц бий. Яг түүн шиг Т.Батаар өөрийн гэсэн нууцыг бий болгох хэрэгтэй.
-Та 10 гаруй жил энэ нэвтрүүлгийг хийхдээ монголчуудын нүдийг нээсэн гэж дүгнэж болох байх. Харин та өөртөө ямар дүгнэлт хийдэг вэ?
-Энэ хугацаанд 600 орчим нэвтрүүлэг хийжээ. Үүний 30 гаруй хувь нь гадны 40 орчим орноос бэлдсэн нэвтрүүлэг байдаг юм билээ. Энэ нэвтрүүлгийг эхэлж байх үед арвуулаа ширээ тойроод суухад найм нь “Манай Монголд үзэх юм байхгүй. Гадаад оронд л гоё юм байдаг байх” гэдэг байлаа. Үүнээс монгол хүний өөртөө, эх орондоо итгэх итгэл муу байгааг харж болдог байсан. Үүнийг л өөрчлөхийн тулд энэ нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Харин одоо арван хүний найм нь “Эхлээд эх орноо үзье” гэдэг болсон байна лээ. Аялах ч дуртай болж. Ялангуяа залуучууд байгальд их дурлах болсон байна. Мэдээж ингэж өөрчлөгдсөн нь олон шалтгаантай байх. Гэхдээ бидний оролцоо байгаа гэж боддог. Сэтгүүл зүйн талаас нь авч үзвэл Монголд аяллын сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж хэлж болох байх.
Б.Сандагдорж
Г.Бадамсамбуу: Батаарын байшинг засаад гэрэл тусгаад орхичихвол зүгээр л нэг яс болж хувирна | ||
Үзсэн: 2608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.