XX зууны хагасаас эхлэн өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн “Байгалийн түүхийн музей”-н үйл ажиллагааг өргөжүүлэн байгалийн шинжлэх ухааны олон талт судлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей” болгон шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн.
Музейн шинэ барилгыг 5 блок бүхий нийт 44,020 м2 талбайтай, барилга байгууламж байхаар төлөвлөн зураг төслийг “Хатанбаатар” ХХК, барилга барих ажлыг “Содон номин” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд гүйцэтгэж, одоогийн байдлаар гүйцэтгэл 75 хувь үргэлжилж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилгын явц, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, цаашид эрчимжүүлэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, ашиглалтын өмнөх захиргаа болон тус музейн удирдлага зэрэг бусад албаны төлөөлөл бүтээн байгуулалтын ажилтай газар дээр танилцлаа.
Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутгийн “Их тэнгэрийн ам” -ны 66,332 м2 эзэмшил газарт баригдаж байгаа “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей” ийнхүү шинэчлэн байгуулагдсанаар байгалийн юмс үзэгдлийн бүрэлдэн тогтох учир шалтгаан, түүний хувьсан өөрчлөгдөх зүй тогтол, төлөв байдал, устах үйл явц зэрэг ойлголт мэдлэгийг бүх нийтэд цогцоор хүргэхдээ техник технологийн ололтод тулгуурлан олон улсын түвшинд хүрсэн соёлын шинэ орон зай бий болох юм гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

| “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна | ||
| Үзсэн: 109 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.