Шууд Chart

Д.Батлут Эх оронч үзэл, хүмүүжлийг боловсролын бүх шатанд төлөвшүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудал

2026-06-13 13:08:30

Орхон аймагт зохион байгуулагдаж буй “Боловсролын багц хуулийн хэрэгжилт, боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлого 2026-2028” зөвлөгөөнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож, “Хүүхэд залуучуудын боловсрол дахь батлан хамгаалахын салбарын оролцоо, шинэчлэл” сэдэвт илтгэл тавилаа.

▪️Тус зөвлөгөөнд Хөвсгөл, Булган, Орхон аймгийн боловсролын салбарын 250 гаруй төлөөлөгч оролцож, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл, цаашдын бодлогын чиглэлийн талаар санал солилцов.
▪️ Илтгэлийн үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут орчин үеийн үндэсний аюулгүй байдал нь зөвхөн зэвсэгт хүчний чадавхаар хэмжигдэхгүй бөгөөд иргэн бүрийн ухамсар, эх оронч үзэл, хүмүүжил, нийгмийн эв нэгдэлд тулгуурладаг болохыг онцлон тэмдэглэв.

Тэрээр Батлан хамгаалах яамнаас боловсролын салбартай хамтран хэрэгжүүлж буй дараах бодлого, шинэчлэлийн талаар танилцууллаа.

-Нэгдүгээрт, боловсролын бүх шатанд цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгох агуулгыг тусгаж, ахлах ангийн сурагчдад зориулсан “Цэрэг-иргэний хамгаалалтын бэлтгэл” буюу цэрэгжилтийн хичээлийг шинэ агуулга, стандартын дагуу сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байгааг мэдээлэв. Энэхүү хөтөлбөрөөр цэргийн анхан шатны мэдлэгээс гадна гамшгийн үеийн бэлэн байдал, иргэний хамгаалалт, хариуцлага, хамтын ажиллагааны үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чиглэх юм.

Мөн үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчны сөрөг нөлөөллийг бууруулахад энэхүү сургалт бодит хувь нэмэр оруулна гэдгийг онцолж, “Хүчтэй нь сул доройгоо дээрэлхдэг биш, хамгаалдаг нийгмийг бид хамтдаа бүтээх ёстой” хэмээн онцоллоо.

-Хоёрдугаарт, Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг дэмжих зохицуулалт тусгасныг танилцууллаа. Тодруулбал, алслагдсан болон хөдөө орон нутагт багш, эмч зэрэг нийгмийн зайлшгүй хэрэгцээт мэргэжлээр гурван жил ажилласан иргэдийн хөдөлмөрийг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Гуравдугаарт, боловсролын салбарын хөгжилд багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа чухал болохыг тэмдэглэж, багш нарын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр Засгийн газрын түвшинд цалин, нэмэгдлийн бүтцийг шинэчлэх ажлыг дэмжиж ажилласнаа дурдан, цаашид боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг тууштай дэмжихээ мэдэгдэв.

-Илтгэлийн төгсгөлд Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын хамгийн бат бөх хэрэм бол багшийн анги танхимд хүмүүжиж буй эх оронч сэтгэлгээтэй, зөв төлөвшилтэй Монгол хүүхэд юм” хэмээн онцолж, батлан хамгаалах болон боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа.


Д.Батлут Эх оронч үзэл, хүмүүжлийг боловсролын бүх шатанд төлөвшүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудал  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй