Шууд Chart

Айл бүрийн хойморт залардаг Б.Гантигмаа нэвтрүүлэгч Соёлын Гавьяат зүтгэлтэн боллоо

2022-07-06 11:47:04

УРЛАГИЙН ГЭР БҮЛ

“Тунгалаг Тамир” кинонд Цахиур Төмөрийг хоригдож байхад дурлалт бүсгүй Дулмаа нь эргэдэг хэсгийг сайн анзаарвал тэр хэсгийн зураг авалт дандаа бэлхүүснээс дээш авсан байдаг. Учир нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Шаравын Дэлгэржаргал долоон сартай жирэмсэн байхдаа зураг авалтад оржээ. Ээжийнхээ хэвлийд байсан тэр хүүхэд өнөө цагийн нэрт нэвтрүүлэгч, орчуулгын киноны жүжигчин Бужгарын Гантигмаа билээ.

Түүний аав БНМАУ-ын Гавьяат жүжигчин, УБДС-ийн кино драмын жүжигчний ангийн анхны төгсөгчдийн нэг Санжаагийн Бужгар агсан "Нүгэл буян" киноны Найдан гэлэн, "Өндөр ээж" киноны жолооч Ойдов, "Нийслэл хүү" киноны малын эмч Мэндээ, "Өглөө", "Тэмцэл" киноны Бумцэнд, "Хонины найр" киноны Гунгаа, "Говийн зэрэглээ" киноны нэгдлийн дарга, “Ирж яваа цаг” киноны Шадав, "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Хучир, "Цөвүүн цагийн Богд" киноны Сүнгэрэл тайж тэргүүтэй ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дүрийг бүтээсэн.

Харин Б.Гантигмаагийн ээж Монгол Улсын Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал “Тунгалаг Тамир” киноны Дулмаа, "Хүний төлөө" киноны нарийн бичгийн дарга, "Тууврын замд" киноны сурвалжлагч, "Үүрийн цолмон" киноны Цэрмаа, "Ард Аюуш" киноны хүрднээс хүүхэд олдог бүсгүй, "Зүрхэнд шивнэсэн үг" киноны Ханд, "Ээждээ л үнсүүлэхсэн" киноны Байгалийн ээж, "Бодлын хулгайч" киноны Гантулгын ээж тэргүүтэй түмэн олны сэтгэлд хоногшсон олон сайхан дүрийг амилуулсан.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Санжаагийн Бужгар, Шаравын Дэлгэржаргал нар “Цөвүүн цагийн богд” кинонд гол дүр Ногоон дарь эхийн аав, ээж болж хамтран тоглосон бөгөөд хувь тохиол ч гэж хэлж болохуйц нэгэн түүхийг дурдахад тус бүтээлд Ногоон дарь эхийн дүрийг Б.Гантигмаагийн мөр зэрэгцэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд хамт ажиллаж ирсэн хамтран зүтгэгч, нэг өдөр хамт Төрийн дээд цол Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан нэрт нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо бүтээж байв.

Б.Гантигмаа Улаанбаатар хотод төрсөн ч Дарханд таван настай очоод 10 дугаар ангиа төгстлөө амьдарсан. Түүний бага нас бүтээн байгуулалт ид өрнөсөн Дархан хоттой салшгүй холбоотой. Аав, ээж хоёр нь Дарханы театрт жүжигчнээр ажиллаж байв. Залуусыг орон нутаг руу илгээлт, томилолтоор явуулчихдаг үе байлаа. Залуу уран бүтээлчид С.Бужгар, Ш.Дэлгэржаргал гуайн гэрээр заавал дамждаг, орон байртай болтлоо, хөлөө олтлоо тэднийд хэсэг амьдарна. Дуу хуур цалгисан, гал тогооныхоо өрөөнд бөөнөөрөө бужигнаад шинэ дуу шүлэг сурдаг, аз жаргал бялхсан айлд энэ бичвэрийн гол баатар маань өсчээ.

“ГАРЫН ТАВАН ХУРУУ”-ГИЙН ГАНТИГМАА

Аав, ээжийнхээ авьяасыг өвлөсөн Б.Гантигмаа аравхан настайдаа “Гарын таван хуруу” уран сайхны кинонд Хорлоогийн охин Гэрлээгийн дүрд тоглож байв. Уг кино дэлгэцэнд гарсны дараахан үеийнх нь хүүхдүүд “Хулгайч аа, хулгайч аа” гэж шоолдог, шоолохоор нь их ичдэг байсан гэдэг. Энэ талаараа “Хүүхэд л болсон юм хойно тэд нар кинонд итгээд үнэхээр л айлын хүүхдийн аавыг хулгайлсан гэж боддог байсан байх, их л гэнэн байж дээ” гээд инээв.

Арван жилээ төгсөөд Б.Гантигмаа СУИС-ийн жүжигчний ангид Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан, Б.Навчаа, Н.Ялалт, Ж.Баясгалан тэргүүтэй өнөө цагийн урлаг, соёлын салбарын оргилуудтай нэг ангид элсэн суралцаж байв. Дарханы радио, телевизийн редакцад нэвтрүүлэгчээр ажиллаж байсан ээжээсээ суралцаж нэвтрүүлэгч байхын сайхныг мэдэрч, улмаар энэ мэргэжилд дурласан Б.Гантигмаа хоёрдугаар курсээсээ “Бэрс” дээд сургуулийн сэтгүүлчийн ангид шилжсэн юм. Ийн Үндэсний радио, телевизийн алтан босгыг 19-хэн настайдаа давж алхаж орлоо.

“ХАЛТАР ЦАРАЙТ”-ЫН СТЕРЛИТА

Үндэсний телевизэд анх ороод ням гарагт 16:00 цагийн мэдээ шууд уншчихаад, дуу оруулалтын студи рүү хар хурдаараа гүйн очиж 16:10 цагийн хүүхдийн кинонд шууд дуу оруулдаг байжээ. Тухайн үеийн телевиз үзэгчдийг зурагттай “уяж” орхисон “Халтар царайт” олон ангит киноны эмэгтэй гол дүр Стерлитагаас эхлүүлээд  “Хаврын арван долоон учрал”, “Атилла хаан”, “Мөнхийн дуудлага”, “Михайл Ломоносов”, “Үд дунд сүүдэр арилдаг”, “Электрон жаалын адал явдал”, “Сансрыг хамгаалагч Волтрон” зэрэг 5000 гаруй киноны дүрүүд Б.Гантигмаагийн хоолойгоор дархлагдан Монголын үзэгчдэд хүрсэн.

2007-2012 он Б.Гантигмаа ОХУ-ын “Оросын дуу хоолой” радиод нэвтрүүлэгчээр томилогдон ажиллав. “Москвагаас ярьж байна” хэмээн таван жил мэндчилсэн юм. Тэндээс ирээд нэвтрүүлэгчийн ажлаа хийхийн сацуу “Огцом эргэлт”, “Эрт нахиалсан сарнай” зэрэг хоёр, гурван ч цуврал кинонд тоглосон.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Миний хамгийн хүнд он жил 2013 он байсан. Дүүгээ зүрхний өвчнөөр алдаад 49 хоног нь ч дуусаагүй байхад ээж минь элэгний хавдартай болсон байсан. Хавдрыг нь авхуулаад эмнэлгээс ч гараагүй байхад эгчид маань ганцхан сарын л нас байна гэсэн мэдээ сонссон. Ээжид дуулгахаас эмээгээд, ээж л бодогдоод байсан. Тэр хугацаанд донорын бүх л шинжилгээг өгөөд эгч бид хоёрын шинжилгээний хариу тохирсон ч санхүүгийн бэрхшээл тулгарч байлаа. Ажлынхан маань хандивын тоглолт хийе, өөр арга байхгүй гэсэн л дээ. Бид бүгд эрүүл мэндийн даатгал төлдөг хэр нь эцэс сүүлд нь үр шимийг нь хүртэж чаддаггүй гажиг тогтолцоотой байдагт маш их гутарсан. Насаараа даатгал төлчихөөд ганц мэс заслын зардлын тал хувийг нь ч улсаас төлдөггүй юм билээ. Элэгний донор нь болж хөөрхий эгчийнхээ насыг нь жаахан ч гэсэн уртасгасан даа гэж өөрийгөө уужруулдаг даа. Энэ ташрамд хандив өргөсөн Монголынхоо ард түмэнд мөнхөд талархаж явдгаа илэрхийлье ...

... Эгчийн хоёр, дүүгийн нэг, өөрийн хоёр гээд таван банди дунд тачигнана шүү дээ. Хөвгүүд их амар байдаг юм. Эгчийн маань том хүү хань ижилтэй, гурван сайхан хүүхэдтэй болсон. Дүүгийн маань ганц хүү их сургуулиа төгсөөд багшийн алба хашиж байна. Миний том хүү сургуулиа төгсөөд гарааны бизнес эхлүүлээд явж байна. Бага хүү 15 настай. Нэг үеэ бодвол ямар ч байсан хоолныхоо захад хүрцгээлээ” гэсэн юм.

Радио, телевизийн нэвтрүүлэгчийн үүрийн гэгээнээс шөнө дөл болтол ажиллах ёстой мэдээний студи байгалийн гэрэл, чимээ шуугианаас олон давхар хамгаалагдсан байдаг учир агаар сэлгэлт явагддаггүй, үргэлж шатсан хуурай агаараар амьсгалах, заримдаа битүү орчинд ч ажлаа үргэлжлүүлэх шаардлага тулгардаг. Учир нь бүх нийтийн амралт болон тэмдэглэлт, баярын өдрүүдэд ч ажлын байран дээрээ үзэгч олонтойгоо хамт байдаг. Гэнэтийн шууд эфирээс эхлүүлээд Үндэсний баярын болон Төрийн хүндэтгэлийн арга хэмжээ, хүндэтгэлийн концертууд, Олон улсын болон Улс орныг хамарсан, Үндэсний хэмжээний үйл явдал, тэмцээн уралдаан, арга хэмжээнд дуудагдаж ажилладаг. Түүнийгээ дагаад улс төр, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, үүх түүх, урлаг соёл, спорт, дэлхий дахины гээд бүх л салбарыг нэвт шувт судлах, мэдэхээс авхуулаад гадаад хэлний мэдлэг эзэмших, цаг мөч бүр зогсолтгүй суралцах, шинийг эрэлхийлэх, өсөн дэвжих шаардлагатай нүүр тулдаг. Цаашлаад “Алтан үе”-ийн нэвтрүүлэгчид, уран бүтээлчдийн алдар сууг хазайлгалгүй, ажил мэргэжил байгууллагынхаа үүрэг хариуцлагыг хэлтийлгэлгүй асгасан хөлс, шавхсан хүчээрээ өөрийн биеэр өндөр босго тогтоох машид хүндтэй тэр хэрээрээ хариуцлагатай үүргийг хүлээдэг. Нэн ялангуяа эмэгтэй нэвтрүүлэгчид үзэгч олноо хүндэлж, гоо сайхнаа хадгалахын тулд үргэлж бусдаас түрүүнд сэрж гоо сайхандаа анхаарал хандуулах, бусдаас илүү дасгал хөдөлгөөн хийх, бусдаас бага хооллож, охины, гэргийн, ээжийн үүргээ хойш тавих мөч олон тохионо. Энэ хүнд бэрх замыг нэр төртэй даван туулж буй нэвтрүүлэгчид өглөө, өдөр, үдэш бүр айл бүрийн хойморт залардаг билээ.

Энд хүргээд бичвэрээ Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэрт сэтгүүлч, Соёлын Гавьяат зүтгэлтэн  Гомбын Золжаргалын “... БАЯР ХҮРГЭЕ ЭЭ

Манай байгууллагаас хоёр гавьяат бүсгүй энэ зуныг чимлээ. Олон нийтийн сүлжээгээр ид шуугьж байна.

Энэ байгууллагынхаа гал голомтоос холдолгүй өч төчнөөн жил ажил үйлсэд шамдахдаа, алиа үрс, амраг бүхнээ умартан ажиллаж уран бүтээлд бие сэтгэлээ зориулан хүрэх ёстойгоо хүртлээ. Төр талархан мэхийлээ.

Ээ дээ бид дунд нь мэргэшиж мэдлэгжиж түшиж өссөн Цеэнханд, Хишгээ гуай, Нооёо, Харцага, Доржбат  Батбаяр ах нар  харсан бол мөн их шуугиантай өнгөрүүлэхсэн дээ.

Гэвч тэд хаа нэгтээ алсаас мэдэж байгаа. Үйлс бүхэн дэлгэрч жаргал бүгд бялхаж явахын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье ээ” хэмээсэн халуун дулаан ерөөлөөр төгсгөе.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Айл бүрийн хойморт залардаг Б.Гантигмаа нэвтрүүлэгч Соёлын Гавьяат зүтгэлтэн боллоо  
Үзсэн: 7782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй