Шууд Chart

“Хүннү хот” төслийн төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах уралдаанд дэлхийн шилдэг 24 багийн 80 орчим оролцогч өрсөлдөж байна

2025-11-11 13:37:32

Хүннү хотыг ухаалаг, ногоон, тогтвортой хот төлөвлөлтийн зарчимд суурилан хөгжүүлэх, Монгол улсын түүхэн өв, соёлыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан ирээдүйн хотын дүр төрх, хотын дизайныг тодорхойлох зорилготой хот төлөвлөлтийн уралдаант шалгаруулалт нийслэл Улаанбаатар хотод энэ өдрүүдэд болж байна.

Олон Улсын хот төлөвлөлтийн уралдаант шалгаруулалтад дэлхийн шилдэг 24 багийн 80 орчим оролцогч манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний хувьд анх бүртгүүлсэн 43 мэргэжлийн багаас тунаж шалгарчээ. Хот төлөвлөлтийн энэхүү шилдэг багууд Хүннү хотыг дэлхийн жишигт нийцүүлэн, монголын өв соёлтой уялдуулан ирээдүйн загвар хотын өнгө төрхөөр төлөвлөж, иргэд, олон нийт, мэргэжилтнүүдэд 4 өдрийн турш нээлттэй танилцуулж байна.

Олон Улсын нээлттэй сонгон шалгаруулалт, олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2025.11.11/ болж, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч А.Амартүвшин үг хэллээ. Тэрбээр “Хүннү хотын цаасан дээр зурсан төлөвлөлтийг бодит болгох төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулсан олон улсын баг, хамт олон, тэдний бүтээлтэй танилцахад бэлэн болоод байна. Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдол, хүн амын хэт төвлөрлийг шийдэхийн тулд Улаанбаатар хотын дагуул хотоор Хүннү хотыг байгуулахаар гурван тулгуурт бодлого хэрэгжүүлж байна. Энэ нь Олон төвт хот, Нийтийн тээвэрт тулгуурласан хотын хөгжил, Ногоон ба саарал гэсэн дэд бүтцийн нэгдсэн хөрөнгө оруулалтын системийг бид бүхэн Хүннү хотод хэрэгжүүлж байна. Хүннү хот бол энэхүү бүтцийн шинэ тулах цэг болох бөгөөд Нисэх буудалд суурилсан логистикийн төв, Төрийн захиргаа, их сургуулийн цогцолбор, Инновац, өндөр технологийн үйлдвэрлэл, Соёл, аялал жуулчлал, орон сууц, чөлөөт бүс зэрэг хөгжлийн орчныг Хүннү хотод байгуулна” хэмээн тодотгов.

Олон Улсын хот төлөвлөлтийн уралдаан зохион байгуулах нь дэлхийн шилдэг туршлага, шинэлэг технологийг нэвтрүүлэх, олон янзын төлөвлөлтийн шийдэл хувилбарыг тодорхойлох, соёлын өвийг орчин үеийн чиг хандлагатай хослуулах, дэлхийн анхаарлыг татан хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Улаанбаатар хотын дагуул Хүннү хот ч дэлхийн хот төлөвлөлтийн жишгийн дагуу олон улсын архитектор, хот төлөвлөгчид, инженерүүдийн оролцоог хангуулан ажиллаж олон улсын бизнес, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд зүй ёсоор татаад байна. Хүннү хот нь Чингис хаан олон улсын 4Е ангиллын нисэх онгоцны буудал, ачаа тээврийн төмөр зам, авто замын сүлжээгээр холбогдсон тээвэр логистикийн нэгдсэн төв, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургуулийн цогцолбор, өндөр технологийн парк байгуулснаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт татах, Монголын түүх соёлыг дэлхийд сурталчлах стратегийн ач холбогдолтой, ухаалаг, ногоон, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хүн төвтэй хот болгон хөгжих өргөн боломжтойг Хүннү хотын захирагч М.Батбаяр нээлтийн үеэр онцоллоо. Мөн Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хүрээнд оролцож буй багуудаас шилдэг туршлага, шинэлэг санаа, технологийг нэвтрүүлснээр Хүннү хотыг дэлхийн жишигт нийцсэн, соёлын өвтэйгөө уялдсан, эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлсэн ирээдүйн загвар хот болгон хөгжүүлэх түүхэн үр дүнг хүлээж байна гэв.

Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Хүннү дагуул хотыг 150 мянган оршин суугчтай, 80 мянган ажлын байртай, төр захиргааны нэгдсэн цогцолбор, их дээд сургууль оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөн ажиллаж байна.

Тус төслийн бүтээн байгуулалтыг Төр, Хувийн хэвшил, Олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Нийт хөрөнгө оруулалтын 76 хувийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулахаар зорьсон байна.


“Хүннү хот” төслийн төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах уралдаанд дэлхийн шилдэг 24 багийн 80 орчим оролцогч өрсөлдөж байна  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй