Шууд Chart

М.Дагва: Би 1986 онд Москвагийн төлөөлөгчийн газрыг нээлцэж байсан

2025-05-19 15:25:55

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой тавдугаар сард тохиож байгаа. ИНЕГ-ын дарга асан М.Дагватай ярилцлаа.

-Таны хувьд Иргэний нисэхийн газарт тасралтгүй 35 жил ажилласан. Хамгийн анх ямар ажил хийж байв. Энэ талаар яриагаа эхэлье?

-Би Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул хүн. Хөдөөний хүүхэд сургуулийн хуваарь авахдаа энэ байгууллагын хуваарь авч Иргэний нисэхийн газартай холбогдсон. 1977 онд Зөвлөлт холбоот улсын Москва хотын удирдлагын дээд сургууль гэж байсан. Энэ сургуулийн Иргэний агаарын инженер эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөж ирээд олон төрлийн ажил хийсэн. Тухайлбал, эдийн засагч, хэлтсийн дарга, иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга байсан. Мөн иргэдийн ерөнхий газрын даргын албыг 1998-2006 он хүртэл байсан. Найман жил даргын албанд ажилласан. Янз бүрийн ажил хийж байгаа.

-Иргэний нисэхийн газрын 100 жилийн ой тавдугаар сарын 25 болж байгаа. Нисэхийн хөгжилд ямар дэвшилт бий болсон бэ?

-Иргэний нисэхийн газрын 100 жилийн ой гэж ойлгож болохгүй. Энэ нисэх хүчний 100 жилийн ой гэж ойлгох ёстой. Яагаад гэхээр 1925 оны тавдугаар сарын 25 ЗХУ-аас “Ю13” гэдэг зургаан суудалтай онгоцыг Монгол Улсад бэлэглэсэн. Тэр онгоцыг орос нисэгч барьж Консулын дэнж дээр буулгаж байсан. Эндээс нисэх хүчний үндэс суурь тавигдсан гэж үздэг. Агаарын тээвэр гэхээс илүүтэй нисэх хүчний 100 жилийн ой гэж ойлговол зохимжтой юм. 1925-1956 он хүртэл цэргийн зориулалттай онгоцнууд ашиглаж байсан. Иргэний нисэх нь эхэлсэн үе 1956 оноос эхэлсэн.

Орон нутгийн тогтмол нислэг хийж, иргэний нислэг эхэлсэн байгаа. Байгууллага болон улс орны хувьд хөгжлийн тодорхой үе гэж бий. Миний бодлоор манай байгууллагын нэг чухал үе 1980 эцэс болон 1990 оны эхэн үеэс эхэлсэн гэж боддог. 1989 онд Монгол Улс олон улсын Чикагогийн конвенцод нэгдэж, иргэдийн агаарын тээвэрт элссэн. Энэ бидний өмнө онцгой шаардлага тавьсан. Өөрийнхөө байгаа бүх хууль дүрэм журмаа боловсруулах хэрэгтэй болсон. 1990 онд улс орон зах зээлд шилжиж, хувийн хэвшил хөгжиж гадаад харилцаа хөгжиж, хувийн хэвшил бий болсон. Дотоод гадаад нислэг хийж байгаа онгоцыг томруулах шаардлагатай болсон. Өөрийн гэсэн нислэг болох асуудал яригдаж эхэлсэн.

Ингээд 1986- 1987 онд өөрийн гэсэн олон улсын нислэгтэй болохоор “ТУ54Б” онгоц түрээсээр авсан. Эхний үед орос нисэгч нартай манай нисэгчид дадлага хийж нисэж байсан. 2002 оноос “7-27-200” баруун онгоцонд шилжиж эхэлсэн. Ганц онгоцоор ямар ажил хийх вэ. Ингээд Засгийн газартаа учирлаж байгаа хямд үнээр хоёр онгоц худалдаж авсан. Гурван онгоцоор нислэгээ хийж байсан. Өөрийн орны нислэгтэй болохоор төлөөлөгчийн газрын нээхээр болсон. Тухайн үед төлөөлөгчийн газрыг байгуулах үүргийг Д.Молом гуай надад өгч байсан. Би 1986 онд Москвагийн төлөөлөгчийн газрыг нээлцэж байсан. Берлиний нислэг хийгдэж эхэлж байхад бас л төлөөлөгчийн газрыг байгуулж байсан.

Олон ажилд гар бие оролцсон. МИАТ барууны онгоцыг ашиглаж байгаа. Тухайлбал,”7-27-200” “7-37-800”, “7-67” онгоцоор нислэг хийж байгаа. Одоогийн байдлаар “7-87” онгоцыг судалж байна. Нислэг үнэхээр эрэлт хэрэгцээтэй байсан. Онгоцны шинэчлэл хийх шаардлагатай байсан. 1989 оны сүүлээр 1990 оны эхээр олон улсын нислэгийн томоохон компаниуд Монгол Улсын дээгүүр нисэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. Ингээд манайх нислэг хийх боловсон хүчний асуудлын шаардлага гарч ирсэн. Онгоцоо шинэчилж, хууль дүрмээ батлах шаардлагатай болсон.

1991 онд Монгол Улс Азийн хөгжлийн банкинд гишүүнээр элсэж, Азийн хөгжлийн банкны төлөөлөгч ирж, Монгол Улсын агаар тээврийн чухал салбар байна. Бид энэ салбарт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Азийн хөгжлийн банкны анхны төслийг бид авах хувь заяа ноогдсон. Ингээд бүх шинэчлэлээ хийж чадсан. Манайхан томоохон төслийг маш амжилттай хэрэгжүүлсэн.

-Таны удирдаж, ажиллаж байх үед А24 онгоцоор орон нутгийн бүх сум руу нислэг үйлдэж байсан уу?

-Тийм ээ. Олон улсын нислэг А24 хийхэд хэцүү. Иймээс барууны том онгоц руу шилжсэн. Эргээд харахад 1958 онд баталсан Агаарын зай тухай хуулийг 1990 он хүртэл мөрдөж ирсэн. Одоогийн байдлаар хуулиа гурван удаа өөрчилсөн. 150-160 дүрэм журам Иргэний агаарын тээврийн салбарт мөрдөгдөж байна. Иргэний агаарын тээвэрт хувийн хэвшил өссөн. Одоогийн байдлаар 15-16 хувийн хэвшил үйл ажиллагааг явуулж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр 1990 онд 2000 гаруй нислэг дамжин өнгөрч байсан. Харин 2017 онд 140 мянган нислэг дамжин өнгөрч байна. Нислэг хөдөлгөөнийг хэвийн түвшинд удирдаг болсон. Бид олон улсын түвшинд хүрч байгаа. Манай салбар 100 жилийн хугацаанд маш сайн хөгжсөн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

М.Дагва: Би 1986 онд Москвагийн төлөөлөгчийн газрыг нээлцэж байсан  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй