Шууд Chart

Б.Сүхбаатар: “Модны памперс” нэг модны усалгааг 40–60 хувиар бууруулна

2025-10-23 14:44:55

~2000 ширхэг модны усалгаанд жилд 700–800 тонн ус зарцуулна гэвэл “Модны памперс”-аар 300–400 тонноор бууруулах боломжтой~

Сүүлийн жилүүдэд манай улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийг бууруулах зорилгоор ногоон байгууламжаа нэмэх, мод тарих ажлыг эрчимтэй өрнүүлж буй. Хуурай хөрс, салхи, усны хомсдол зэрэг байгалийн нөхцөл нь шинээр ургаж буй мод, бутанд хамгийн том сорилт болдог. Тэр тусмаа монгол орны энэхүү хуурай, эрс тэс уур амьсгалд модыг тарихаас илүү, ургуулахын тулд ихээхэн сорилтыг давах шаардлагатай нүүр тулсаар байна. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх нэгэн гайхалтай технологийг монголд албан ёсоор нэвтрүүлээд байгаа аж. Энэ талаар “Green Iris” компанийн захирал Б.Сүхбаатартай бид ярилцлаа.

-Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалд мод ургуулах нь амаргүй. Танай компани энэ асуудлыг шийдвэрлэх шинэ технологи нэвтрүүлж байгаа гэж сонслоо? 

-Тийм ээ, монгол орны газар нутгийн 77 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа бий. Жилийн дундаж хур тунадас 250–300 мм, салхи ихтэй, хөрсний элэгдэлд өртөмтгий учраас мод тарихад хэцүү бүс нутагт тооцогддог. 

Харин бид ийм нөхцөлд мод ургуулах шинэ арга технологийг эрэлхийлж, бусад орны туршлагаас судалсны үр дүнд “TreePampers”-ийг монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна. 

Шинээр суулгаж буй мод, бут сөөгийн үндэс орчимд үүнийг ашигладаг бөгөөд энэ технологи модны суулгацдаа удаан хугацаанд чийг өгч, шаардлагатай шим тэжээлээр хангадаг. 

Ийм технологийг нэвтрүүлснээр монголын говь болон цөлөрхөг бүс нутаг зэрэг мод ургах нөхцөлгүй газруудад хүртэл амжилттай ургуулах боломжтой болж байна. 

–Монголтой ижил хуурай, цөлөрхөг уур амьсгалтай орнуудад энэ технологийг туршиж үзсэн байх?

-Хятад, Энэтхэг, Төвөд зэрэг уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй бүсэд туршиж, үр дүн нь 90 хувьтай гарсан байдаг. Тухайлбал, “Дэлхийн гурав дахь туйл” хэмээгддэг хүчилтөрөгч бага, далайн түвшнээс дээш 5013 метрийн өндөрт байрлах Төвөдийн өндөрлөгт TreePampers-ийг ашиглан амжилттай мод ургуулсан жишээ бий. 

Төвөдийн хөрс шим тэжээл багатай, хатуулаг чанар их байдгаас хэр барагтай мод, ургамал ургах нь бага. Харин TreePampers-ийн ус хадгалах, аажмаар ялгаруулах технологи модны үндсийг ургахад дэмжлэг үзүүлж, хөрсний чийгийг 100 хоногийн дараа ч 50-аас дээш хувьтай хадгалсан байсан. 

-Тэгвэл Монголын нөхцөлд туршиж, амжилттай болсон жишээ бий юу? 

Бид нэг жилийн турш Улаанбаатар, Увс, Өмнөговь, ялангуяа говийн шаварлаг хөрстэй бүсэд TreePampers®-ийг ашиглан туршилт судалгаа хийсэн. Үр дүнд нь энэ технологиор ургуулсан модны амьдрах чадвар 85–90 хувьтай байсан бол энгийн аргаар тарьсан модны амьд үлдэх хувь 40–50 хувь байсан нь батлагдсан. 

Хамгийн сонирхолтой нь, говийн элсэрхэг хөрсөнд суулгасан модыг 100 хоногийн дараа дахин үзэхэд хөрс чийгтэй хэвээр байсан бол хар шороон хөрсөнд бичил биетний идэвхжил дөрөв дахин өссөн нь сайн үр дүнг харуулсан. 

Манай улс газар зүйн болон уур амьсгалын хувьд өндөрлөг, хуурай, салхи ихтэй тул Төвөдтэй олон талаараа төстэй бөгөөд энэ технологи манай орны нөхцөлд тохирох нь олон жишээгээр батлагдаж байна.

– Усны хомсдол бол монголд мод ургуулахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг. Энэ асуудлыг шийдэхэд TreePampers ямар үр нөлөө үзүүлж байна вэ?

-Манай оронд модыг услахад ашигладаг усны ихэнх нь гүний эх үүсвэрээс гардаг. Гэвч гүний усны сэргээгдэх хугацаа урт байдгаас гадна, шинээр худаг гаргах нь өндөр өртөгтэй байдаг. Түүнчлэн ус бол хязгаартай нөөцтэй байгалийн баялаг. Ийм нөхцөлд бидэнд усны менежментийн ухаалаг шийдэл зайлшгүй хэрэгтэй. 

TreePampers-ыг ашигласнаар нэг модны усалгаанд зарцуулах усны хэмжээг дунджаар 40–60 хувиар бууруулах боломжтой. Жишээ нь, нэг га талбайд 2000 мод суулгалаа гэж бодоход усалгаанд жилд ойролцоогоор 700–800 тонн ус зарцуулна. Тэгвэл манай технологийг ашигласнаар энэ хэмжээ 300–400 тонн хүртэл буурах боломжтой. 

Өөрөөр TreePampers-ийг усыг үр ашигтайгаар ашиглах систем гэхэд болно. Учир нь хөрсөнд шингэж алга болохгүй, ууршихгүй, харин шаардлагатай үед модыг чийгээр хангаж, давхар бордоо болох юм. Тэгэхээр сүүлийн жилүүдэд нүүрлээд буй ган гачигтэй үед ч модыг ургуулах боломжтой гэсэн үг. 

-Модыг их усаар услах тусам сайн гэх ойлголт олон нийтийн дунд бий шүү дээ. Энэ яг зөв усалгаа болж чадах уу? 

-Модыг суулгасны дараах эхний усалгаа нь үндэс орчмын хөрсийг чийгтэй болгож, агаарыг шахах зорилготой байдаг. Энэ үед нэг модонд 20–30 орчим литр ус (модны хэмжээ, хөрсний төрөл, улирлаас шалтгаална) өгөхөд хангалттай байдаг. Мэдээж хэт их усалж хөрс шавхайтвал, агааргүй орчин үүсэж үндэс “амьсгалж” чадахгүй, ялзрах аюултай. Иймээс модыг амжилттай ургуулъя гэвэл чийгийг тогтвортой байлгах нь хамгийн оновчтой. Үүнд л TreePampers шиг ухаалаг чийг хадгалах технологи туслах юм.

Өөрөөр хэлбэл, энэ технологи модыг их усаар биш, зөв цагт, зөв хэмжээгээр услахад тусална. 

Жишээ нь: Хүн нэг дор 20 литр ус уугаад 30 хоног дахин ус уухгүйгээр амьдрах боломжгүй. Харин тэр 20 литр усаа саванд хадгалж, хэрэгтэй үедээ бага багаар уувал 30 хоногийг давж бүрэн чадна.

TreePampers® яг үүнтэй адил зарчмаар ажилладаг. Энэ нь модны үндсэнд усыг хадгалж, чийг хэрэгтэй үед тохирох хэмжээгээр аажмаар нийлүүлдэг. Харин бусад үед гадагш чийгээ алдалгүй хамгаалдаг тул усны хангамжийг урт хугацаанд тогтвортой байлгадаг. 

-TreePampers ямар бүтэцтэй вэ?

-Энэ бол 100 хувь органик гаралтай, байгальд бүрэн задрах бүтэцтэй технологи. Үндсэн найрлагадаа  ургамлын гаралтай целлюлоз, байгалийн давирхай, био бордоо, бичил биетийн өсгөвөр зэргийг багтаасан байдаг. Энэ утгаараа химийн хорт бодис агуулаагүй, хөрсний бүтцэд сөрөг нөлөөгүй гэсэн үг юм. 

Гадна давхарга нь ус хурдан нэвчин орж буцаж урсахгүйгээр цөмдөө хадгалж, үндэс ургах нөхцөлийг дэмжиж, суурилуулалтын явцад хэлбэр бүтэн байдлаа хадгалдаг материалтай. Дотор давхарга болох BioBoost бичил биетний хальс нь полисахарид, органик болон амин хүчлүүдийг агуулсан, нүүрстөрөгчөөр баялаг найрлагатай бөгөөд энэ нь хөрсний бичил биетнийг тэжээж, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлснээр шим тэжээлийн эргэлтийн системийг дэмждэг. Өөрөөр хэлбэл TreePampers® нь усны хомсдолтой, цөлжилт болон хуурайшилт ихтэй бүс нутагт модны ургалтыг дэмжиж, хөрсний бүтцийг сайжруулан шим тэжээлийн эргэлтийг идэвхжүүлдэг ухаалаг, тогтвортой шийдэл юм.


Б.Сүхбаатар: “Модны памперс” нэг модны усалгааг 40–60 хувиар бууруулна  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй