Шууд Chart

А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн “Автомат хаалт онгойлгодог чип”-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна

2026-01-13 08:29:22

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС болон ДХИС-ийн багш нарыг хүлээн авч уулзлаа. ДХИС-ийн Цахим зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Баттөрийн санаачилгаар ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш, дэд профессор Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нар хотхон, хорооллын гаднах бүх төрлийн хаалтыг онгойлгодог чипийг зохион бүтээжээ.

Эрдэмтэн багш нарын зохион бүтээсэн уг чипийг БЗД-ийн цагдаагийн хэлтсээс дэмжин БЗД-т гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хамгийн их бүртгэгддэг 100 байршилд суулгаж туршсан байна. Энэ хугацаанд цагдаа дуудлага авсан даруйд цаг алдалгүй хотхон, хороололд нэвтэрч, гэмт хэрэг, зөрчилд түргэн шуурхай арга хэмжээ авч, таслан сэргийлсэн гээд олон эерэг үр дүн гараад буй.

Иймээс Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө санаачилга гаргасан эрдэмтэн багш нарт талархаж байгаагаа илэрхийлэв. Монгол эрдэмтэн багш нарын зохион бүтээсэн уг чипийг нийслэлийн 9 дүүргийн бүх хотхон хороололд суурилуулах нь цаг үеэ олсон зөв ажил. Энэхүү тусгай чипээр зөвхөн цагдаа гэхгүй эмнэлэг, онцгойгийн бүх машин шууд нэвтэрдэг байх хэрэгтэй хэмээн онцлов.

Мөн нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1288 автомат хаалт байгаа гэх судалгаа байна. Цаашид автомат хаалт нийлүүлж суурилуулдаг аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, багш нарын уг бүтээлийг илүү боловсронгуй болгоход Мэдээлэл технологийн аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриаллаа. Нийслэлийн зүгээс монгол эрдэмтэн, багш нарын бүтээлийг дэмжин ажиллахаа илэрхийлж багш нарыг Нийслэлийн хүндэт тэмдгээр шагнав.


А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн “Автомат хаалт онгойлгодог чип”-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй