Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний Дээд лигийн тэмцээний 2025/26 оны улирлын тойргийн шатны үндсэн тоглолтууд өндөрлөж нэмэлт тойргийн тоглолтууд эхэллээ. Энэ шатанд хүснэгтийг тэргүүлсэн шилдэг 4 баг хоорондоо нэмэлт 2 тойрог, сүүлийн 5 баг хоорондоо нэг тойрог тоглох юм.
"УЛААНБААТАР" БАГ ХАРИУГАА АВЛАА
Дээд лигийн багуудаас амжилтаараа 1, 2-р байрт бичигдэж байгаа “Улаанбаатар” болон “Централ Сталлионс” багууд 4 өдрийн зайтай дахин нэг удаа учраа тааран тоглолоо.
Өмнөх тоглолтод "Сталлион" 1:0 харьцаатай хожиж, "Улаанбаатар" багийн лигийн хүрээнд 22 тоглолт хожигдоогүй амжилт зогсоод байсан билээ. Тэгвэл энэ удаад "Улаанбаатарчууд” хариугаа чангахан авч, 0:3 харьцаатай хожлоо. Тоглолтын эхнээс довтолж тоглож байсан тэднээс эхний үед А.Дөлгөөний мөргөсөн бөмбөг Марсело Жуниорын биеэс ойн хаалганд орж, тооны харьцааг нээсэн юм. Үүнээс ердөө 2 минутын дараа “Улаанбаатар” багийн сөрөг довтолгоо амжилттай болж, О.Мижиддоржийн дамжуулалтаар Акихиро Сүзүки багийнхаа тэргүүллийг холдуулж чадсан.
Улмаар тоглолтын 2-р үед ч “Нийслэлчүүд” давуу тоглолтоо үзүүлж Ц.Баасанжав 16 метрийн талбайн гаднаас гоёмсог цохилтоор гоол оруулсан. Мөн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ торгуулийн цохилт хааж багийнхаа давамгайллыг бататгалаа. Ингэснээр багуудын онооны зөрүү эргэн 5 болон холдож байна. Багууд энэ улиралд 3 удаа учраа таарч 1 тэнцсэн төдийгүй хожлын харьцаа нь ч 1:1 болон тэнцлээ. Одоо тэд хоорондоо дахин нэг тоглох бөгөөд топ дөрөвт өрсөлдөж байгаа багуудтайгаа нийт 5 чухал тоглолтыг хийх хуваарьтай байна.
"ДЭРЭН" ЭЦСИЙН МӨЧИД 3 ОНОО...
"Дээд лиг"-ийн топ дөрөвт өрсөлдөж байгаа “Дэрэн”, “Хангарьд” багуудын энэ улирлын гурав дахь учраа тун сонирхолтой үргэлжилж, эцсийн мөчид “Дэрэн” баг ялалт байгууллаа. Багуудын тоглолтын өмнө “Хангарьд” 3 онооны илүүтэй байсан учраас “Дэрэн” хожиж байж, медальт байрт дэвших боломжтой байсан юм. Эхний гоолыг З.Тэмүүлэн торгуулийн цохилтоос оруулж тооны харьцааг нээсэн бол “Дэрэн” багаас эхний үеийн төгсгөлд М.Батхишигийн булангийн цохилтоос өгсөн дамжуулалтаар Н.Хашчулуун мөргөж тэнцүүлсэн.
Хоёрдугаар хагас эхлээд удалгүй М.Батхишиг багтаа тэргүүлэл авчирсан чухал гоолыг орууллаа. Тэгвэл үүний араас ердөө 2 минутын дараа “Хангарьд”-ын Т.Масаёши тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлж чадсан юм. Улмаар тоглолтын төгсгөл хүртэл багууд маш нягт тоглож, тэнцүүхэн өрсөлдөөн гаргаж байсан ч Б.Батмөнхийн алсын дамжуулалтаар Х.Ишикава сүүлийн мөчид хожлын гоолыг хийлээ.
Ингэснээр “Дэрэн” баг энэ улирал анх удаа “Хангарьд”-ыг хожиж, маш чухал 3 оноо авлаа. Багуудын оноо болон хоорондын тоглолт тэнцүү болсон учраас гоолын зөрүүгээр “Дэрэн” баг хүснэгтийн 3-р байрт дэвшлээ.

"ХАНТЕРС" УЛИРЛЫН 8 ДАХЬ ХОЖИЛ...
Тойргийн шатны үндсэн тоглолтуудад 5-р байрт жагссан “Хантерс” баг энэ удаад “Хоромхон” багтай тоглож, 9:0 харьцаатай илүүрхэн хожлоо. Тоглолтын гол баатар “Хантерс” багийн жигүүрийн довтлогч Мин Ки-Тэе байлаа. Тэрээр энэ тоглолтод 4 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгч шилдэг тоглолт үзүүлсэн байна. Мин Ки-Тэе энэ улирал “Хоромхон” багийн эсрэг өмнөх 2 тоглолтод мөн сайн тоглож, нийт 5 гоол оруулж байсан бол ийнхүү тэдний эсрэг 3 тоглолтод 9 гоол оруулсан үзүүлэлттэй боллоо.
Түүнчлэн БНСУ-ын тамирчин Мин Ки-Тэе ийнхүү энэ улирлын лигт 10 гоолд хүрсэн анхны гадаад тоглогч болж, нийт 13 гоол оруулсан амжилтанд хүрлээ. Мөн Ким Таемин 2 гоол оруулсан бол Г.Тэмүүжин, С.Цэрэндорж, М.Бямбасүрэн нар нэг гоол оруулжээ. “Хантерс” баг энэ улиралд 17 тоглолт хийж, 8 хожиж, 4 тэнцэн нийт 28 авсан амжилттай боллоо.
"ВЕСТЕРН" 6-Р БАЙРАА БАТАТГАЛАА
"Дээд лиг"-ийн хүснэгтийн 6 болон 7-р байрт жагсаж байгаа “Вестерн”, “Ховдын Хүлэгүүд” багуудын хооронд нэмэлт тойргийн тоглолт боллоо. Энэ учраанд “Вестерн” баг 3:0 харьцаатай хожсон байна. Эхний үед багууд хамгаалалтдаа маш нягт тоглож гоолгүй тэнцсэн бол 2-р хагаст 3 гоол орсон юм. Эхний гоолыг Ж.Мэндсайханы дамжуулалтаар Б.Бат-Од оруулж тооны харьцааг нээсэн. Улмаар энэ гоолын дараа “Вестерн” баг тэргүүллээ хадгалахыг хичээж, хамгаалалтдаа илүү анхаарч тоглож байлаа. Ингэхдээ мөн сөрөг довтолгоонд гарсан боломжуудаа ашиглаж Э.Оргил, О.Одбаяр нар дахин нэг нэг гоол оруулснаар багийнхаа хожлыг бататгасан юм.
Ийнхүү энэ улирал “Вестерн” баг “Ховдын Хүлэгүүд” багтай 3 удаа таарахдаа 3 хожсон сайн үзүүлэлт гаргалаа. "Дээд лиг"-т анхны улирлаа тоглож буй тэд 6 дахь хожил, 21 дэх оноогоо авч байна. Ингэснээр ардаа бичигдэж байгаа “Ховдын Хүлэгүүд” багаас 9 оноо холдсон учраас сүүлийн 3 тоглолтдоо оноо авч чадахгүй байсан ч хоорондын тоглолтын зөрүүгээрээ хүснэгтийн байр ухрах боломж байхгүй болж, 6-р байраа бататгаж байна.

Багууд дараагийн тоглолтуудаа энэ сарын 24, 25-ны өдрүүдэд хийх болно. Лигийн тэмцээний аваргууд долоодугаар сарын 06-ны өдөр өндөрлөх хуваарьтай байна.
| "Улаанбаатар" баг Дээд лигт тэргүүлж байна | ||
| Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.