Шууд Chart

"Гүүр-2026" хамтарсан сургалт дадлага БНСУ-ын нутаг дэвсгэрт явагдаж байна

2026-06-23 09:35:34

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн салбаруудын хамтарсан "Гүүр-2026" сургалт, дадлага хоёр дахь жилдээ БНСУ-ын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдаж байна.

Хамтарсан сургалт дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 цэргийн алба хаагч оролцож, БНСУ-ын Зэвсэгт хүчний туршлагатай цэргийн инженерүүдтэй хамтран гол мөрөн гатлах, хөвөгч гүүр тавих болон тэсрэх бодистой тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна.

Хоёр орны цэргийн инженерийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан тус "Гүүр" сургалт, дадлага нь 2025 оноос эхэлсэн бөгөөд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны талбарт үүрэг гүйцэтгэх дадлага туршлагаа хуваалцах, алба хаагчдын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй юм.

Хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх алсын харааг бэлгэдэн тус сургалтыг “Гүүр” хэмээн нэрлэсэн бөгөөд энэхүү нэршил нь Монгол, Солонгосын инженерийн цэргүүдийн нөхөрлөл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны бодит гүүр болж буйг илэрхийлдэг юм.

Энэ сарын 15-ны өдрөөс эхэлсэн тус сургалтын явцтай Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Мөнхбатаар ахлуулсан бүлэг биечлэн танилцсан бөгөөд сургалтын нэгдүгээр шат 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл явагдаж, дараагийн шат нь ирэх 09 дүгээр сард Монгол Улсад үргэлжилнэ.


"Гүүр-2026" хамтарсан сургалт дадлага БНСУ-ын нутаг дэвсгэрт явагдаж байна  
Үзсэн: 101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй