
“Хоол хош чинь ихэдвэл
Ходоод гэдсэндээ дайсан
Хорон санаа чинь дэндвэл
Хохимой толгойдоо дайсан
Уусан архи, татсан тамхи чинь бүгд
Уушиг зүрх, ухаан бодлын чинь дайсан
Улаан голыг чинь умруулан тасдаж
Удаан жаргалыг чинь урвуулах дайсан..”
Ийм нэг шүлэг байх юм...Эхний хэсгээс нь ишлэв. Говь нутагт насаараа багшилсан ахмад багш, яруу найрагч Р. Чулуунбаатар энэ шүлгийг бичсэн байх юм. Нээрээ л үнэн дээ. Бид дайсныг дандаа гаднаас хайдаг. Тэр энэ гэж харддаг. Я.Цэвэл абугайн "Монгол хэлний товч тайлбар толь"-д энэ үгийг тайлбарлахдаа: "дайсагнаж байгаа этгээд , эсрэг этгээд, мөн тэрчлэн байлдаж байгаа нөгөө этгээд, хор хөнөөл учруулагч" /181-р талд/ хэмээн тайлбарлажээ. Ямар боловч дайсан гэдэг гадаад хүчин зүйл бололтой дог. Бид ч тэгж ойлгосоор, эх орноо харийн дайснаас хамгаалах эр цэргийн тангараг хөвгүүд нь өргөсөөр өдий хүрсэн үнэн бас бий.
Эргэцүүлэн боджээ байхад тэрхүү дайсанг бид өөрөөсөө ерөөсөө хайж байгаагүй юм байна л даа.Дайсан гэдэг үг утга өргөжиж өдөр дутмын ярианд "тэр мөн дайсантай нөхөр шүү" гэх хэллэг гарч ирсэн байх юм.Энэ нь үнэндээ тийм ч хор хөнөөлтэй утга илэрхийлэхгүй байгаа юм. Ач зээгээ өхөөрдөхдөө одоо ёстой л дайсны цэрэг болж байна даа гэх харьцуулал хэрэглэх болж...Үймүүлэх хөдөлгөөн нь нэмэгдэхийг ингэж зүйрлээд байх шиг...Тэгтэл хүн өөрөө өөртөө дайсан болж гүйцэх юм. Хамгийн эхлээд ходоодтойгоо дайсагналцана. Шингээж үл дийлэх хүнс амаараа гартал идэж дайсагнана.Тэгснээ архи сархад сэржимдэн байж дайсагнана. Монгол улсын ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди “титэм үг”-ндээ “Цөөн биш хүн эрүүл, хүчтэй, ухаантай байх боломжийнхоо эсрэг өөрөө өөртөө дайсагнан тэмцэж байдаг нь хэтэрхий ухвар мөчид хэрэг. “Эрүүл хүн – байгалийн хамгийн үнэт бүтээл”. Хүмүүс эрүүл мэндийнхээ эсрэг санаатайгаар дайсагнана.
Тэд архи арван насыг, тамхи таван насыг авна. Архичин хүний зүрх алаг цоохор, тамхичин хүний уушиг тарлан цоохор, архи, тамхи эрүүл мэндийн дайсан гэдгийг мэддэг, ярьдаг мөртлөө энэ хоёр хорыг хоол унд мэт хэрэглэж, хайран биеэ сүйтгэнэ. Архи, тамхинаас дутуугүй эрүүл мэндийг хорлодог өөр хоёр дайсан бий. Энэ нь хөдөлгөөний хомсдол, хоолны илүүдэл хоёр. “Хүний байгалийн мөн чанар нь хөдөлгөөнд оршино. Огт хөдөлгөөнгүй байх нь үхэл гэсэн үг”. Их идсэнээр урт наслахгүй, хоол хэтэрвэл хор. “Хүн идэхийн тулд амьдардаггүй, харин амьдрахын тулд иддэг”. Ингэж бичсэн байдаг. Энэчлэн элэг цөс, бөөр давсагнаас эхлээд таван цултайгаа тэр чигээрээ дайсагнана.
Эцэст нь хэлж ярьж өгдөггүй болохоор дотор эрхтнүүд ээлж дараалан ялагдлын тавцан дээр гараа өргөн бууж өгнө. Өнгөрсөн хойно нь л өөртэйгөө дайтсан гэдгээ ухаарч, "өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхийн үлгэр болно. Ер нь энэ үг монголчуудын ийм л араншинд зориулагдан гарсан юм шиг...Өөрөө өөртөө дайсан болохын бас нэг жишээ бол явахгүй гэсэн газар нь явж, хийхгүй гэсэн ажлыг нь хийлгэж, суухгүй гэсэн газар нь суулгаж...Оюун санаатайгаа дайсагналцах болой. Тархи оюун нь нэг тийш залахад өөр замыг сонгон зүтгэх нь өөртэйгээ дайсагнахын нэг хэлбэр болой.
Энэчлэн яриад байвал гараад байх олон олон жишээг яаж барна. Гаднын дайсан бол ил юм. Өөрөө мэдэж байвал хамгаалаад байж болно. Тэр өөрийгөө нуувч ил гарах гээд байна. Тэгтэл өөрөө өөртөө дайсагнах нь мэдсээр байж зөрчин, эсрэг харан зүтгэхээс үүдэлтэй. Энэ дайсан дэргэд өөртэй минь холбоотой үр дүн нь ялагдсаны дараа болдгоороо онцлог. Би ингэж л боддог. Харийн дайснаас хажуу дахь дайсан л аюултай. Хилээ өөрөө дураараа зөрчиж хэзээ ямагт хамт байдаг энэ дайсан л хэцүү дээ...
2015.08.12
Өөрөө өөртөө дайсан... | ||
Үзсэн: 4982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.