
Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж сэргээгдэх эрчим хүчний талаар ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн тоо одоогоор хэд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос нарны эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахаар 29 компани нийт 727 МВт-ын, салхины эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахаар 5 компани нийт 502.4 МВт-ын, ус болон биомасс, бусад эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахаар 5 компанид 299.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, нийтдээ 39 компани 1,528.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих тусгай зөвшөөрлийг олгосон байна.
-Цаашид сэргээгдэх эх үүсвэрийн хэдэн станц, хэдийд ашиглалтад орохоор байна вэ?
Олон тооны компаниуд өөрсдийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ер нь төсөл хэрэгжүүлэхэд багагүй хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байдаг. Төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа комнадиуд төсөл хэрэгжилтийн янз бүрийн үе шатандаа байгаа тул яг хэдэн станц ашиглалтад орохыг хэлэхэд төвөгтэй байна. Төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрээ нэгэнт шийдвэрлээд байгаа гурван нарны цахилгаан станцын төсөл, нэг салхин цахилгаан станцын төсөл 2018 онд ашиглалтад орохоор барилга угсралтын ажлаа эхлүүлээд байна. Эдгээрээс дурдвал:
- Замын Үүд суманд Наран тээг төслийн 15МВт-ын нарны цахилгаан станц,
- Хөшигийн хөндий Тэнүүн гэрэл төслийн 15МВт-ын нарны цахилгаан станц,
- Говьсүмбэрийн Сүмбэр 10МВт нарны цахилгаан станцууд мөн Дорноговь аймгийн Сайншандын 52МВт-ын салхин станцын төслүүд хуваарийн дагуу ажиллаж энэ ондоо багтаад техникийн комисс ажиллах төлөвтэй байна.
-Энэ янзаараа манай улсын хэрэглээнээс давсан эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлэх нь. Гэтэл түүнийг "шингээх” боломж байхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр, квт/цагийг нь харьцангуй өндөр үнээр худалдан авч байгаа. Ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байна вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр цаг хугацааны хувьд хувьсан өөрчлөгдөж байдаг онцлогтой. Гэтэл хэрэглэгчийн хувьд эрчим хүчний хангамж тогтвортой, найдвартай байхыг шаарддаг. Иймд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд нөгөө талдаа хувьсан өөрчлөгдөх үйлдвэрлэлийг нь нөхөх өөр эх үүсвэрийг байнга бэлэн байлгахыг шаарддаг. Манай улсын эрчим хүчний систем дан нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станцуудаас үндсэндээ бүрддэг. Манай улсад ашиглагдаж байгаа нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станцууд богино хугацаанд хүчин чадлаа өөрчлөн ажиллах чадвар харьцангуй муу байдаг. Хэрэв цаашдаа хувьсамтгай чанартай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг их хэмжээгээр нэмэгдвэл нэгдсэн сүлжээний тогтвортой байдал, горим ажиллагаанд сөргөөр нөлөөлөх бололцоотой юм.
Иймд Монгол улсын эрчим хүчний системд цаашдаа сэргээгдэх эрчим хүчийг их хэмжээгээр нэмэгдүүлэх бололцоо хязгаарлагдмал байгаа юм. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу харьцангуй өндөр үнээр худалдан авдаг. Ийм нөхцөл байдлын улмаас Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байна. Энэ өөрчлөлт маань Сэргээгдэх эрчим хүчний хувьд тулгараад байгаа хүндрэлийг даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулах ёстой юм. Энэ асуудал зөвхөн Монгол Улсын хувьд биш Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, нэвтрүүлж дэлгэрүүлсэн улс болгонд тулгарсан асуудал. Ийм болохоор хууль болон эрх тэгш өрсөлдөөний зарчмыг бий болгосон өөрчлөлтүүдийг зөв хийснээр цаашдын Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн үндсэн суурь зөв зүйтэй тавигдана гэж ойлгож болох юм.
- Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг шинээр ашиглалтад оруулахад дэмжих тарифын төлбөр нэмэгдэхээр байгаа талаар дэлгэрэнгүй хариулна уу. 2015 оноос иргэдийн төлж эхэлсэн дэмжих тариф нэмэгдвэл олон нийт таатай хүлээж авахгүй байх. Цаашид дэмжих тариф хэрхэн нэмэгдэхээр байна вэ. ЭХЯ үүнийг тооцсон байж таарна, тийм үү?
-Анх 2007 онд сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг батлахдаа гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, сэргээгдэх эрчим хүчний салбарыг бий болгох зорилгоор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг ам.доллараар харьцангуй өндөр үнэтэй худалдан авахаар хуульчилсан. Нэгэнт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг уламжлалт эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний тарифаас өндөр байхаар хуульчилсан тул уламжлалт эх үүсвэр болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний тарифын зөрүүг нөхөх санхүүгийн эх үүсвэр шаардлагатай болсон.
Иймд 2015 онд сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулан дэмжих тарифыг бий болгосон. Энэ дэмжих тарифаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйл ажиллагааг дэмжихэд ашиглагддаг. Ингэж сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэнээр бид байгаль орчинд хоргүйгээр, ямар нэгэн түлш шатаахгүйгээр, бидний унданд ашигладаг цэнгэг усыг эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор ашиглалгүйгээр эрчим хүч үйлдвэрлэхийг монгол улсын иргэд бид бүгд дэмжиж байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нь үнэтэй мэт харагдаж байгаа хэдий ч бид цэвэр байдлаар эрчим хүч үйлдвэрлэснээр өөрсдийн ирээдүй хойч болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Цаашдаа шинээр нар, салхины эх үүсгүүрүүд ашиглалтад орж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх бүрд хэрэглэгчийн төлөх СЭХ-ийг дэмжих тариф тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.
-Зарим ахуйн нэгжийн (сэргээгдэх) нийлүүлж буй эрчим хүчийг авдаггүй тухай гомдоллодог. Үүнийг хэрхэн зохицуулж, цаашид хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?
-Ийм мэдээлэл монголд сэргээгдэх эрчим хүчний анхны эх үүсвэр ашиглалтад орсон үед их гарч байсан. Үүний үндсэн шалтгаан нь шөнийн цагт эрчим хүчний нийт системийн хэрэглээ бага байдаг үед салхи их хэмжээгээр салхилж салхин цахилгаан станцууд их хэмжээний цахилгаан энерги үйлдвэрлэдэг. Эрчим хүчний салбарын нэг онцлог бол үйлдвэрлэлт хэрэглээ хоёр нь байнга тэнцүү байдаг онцлоготой салбар юм. Нэгэнт системд хэрэглээ байхгүй бол эрчим хүчний эх үүсвэрүүд зогсохоос өөр аргагүй болдог. Эрчим хүчний системийн ажиллагааг тохируулдаг байгууллага бол Диспетчерийн үндэсний төв юм. Гэсэн хэдий ч эрчим хүчний салбар маань сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дэмжих бодлого баримталдаг тул сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг аль болох хязгааргүйгээр худалдан авахыг хичээж ажилладаг.
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байгаа гэж сонссон. Ямар ямар нөхцөл байдлаас үүдэн өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан бэ. Мэдээж дурдсан дэмжих тариф зэрэг нь нөлөөлсөн байх. Нэмэлт, өөрчлөлт оруулахын ач холбогдол, үр дүнгийн нь талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлагыг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд санаачлан ажиллаж байна. Одоогоор яригдаж байгаа өөрчлөлтийн заримыг нь дурьдвал сэргээгдэх эрчим хүчний салбарт технологийн хөгжлийн үр дүнд тоног төхөөрөмжийн дэлхийн зах зээлийн үнэ сүүлийн жилүүдэд эрс буурч байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх сонирхолтой компаниуд олширсон тул тэдний дунд өрсөлдөөн зохион байгуулах замаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн тарифыг бууруулах зарчмыг хуульд суулгаж өгөх чиглэлээр төсөл боловсруулаад байна.
-Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчний диваажин ч гэдэг. Энэ утгаараа Азийн эрчмийн супер сүлжээнд нэгдэх талаар ч ярьдаг шүү дээ. Цаашид эрчим хүчээ экспортлох боломжтой гэж харж байна уу?
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль дээр дурьдсан өөрчлөлтүүдийг оруулсанаар эцсийн дүндээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн эрчим хүчний тарифыг бууруулах боломж бүрдэх юм. Түүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт худалдан авалтын аргыг нэвтрүүлсэнээр Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг төрийн бодлогын хүрээнд хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл төр өөрийн бодлогын хүрээнд хаана ямар технологиор, ямар хүчин чадалтай станц хэзээ барихыг шийдэх бололцоо бүрдэх юм. Нэг талаас Монгол улс өөрөө сэргээгдэх эрчим хүчний ихээхэн хэмжээний нөөцтэй нөгөө талаас Зүүн хойд азийн бүсэд Япон, Солонгос, БНХАУ гэх мэт эрчим хүчний томоохон хэрэглэгчид байдаг.
Бид энэ боломжийг ашиглаж Монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж эдгээр улсад нийлүүлэх замаар цэвэр хөгжлийг бий болгох боломжтой юм. Иймд энэ бүс нутагт байрлах Монгол, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-тай хамтран Азийн супер сүлжээ төслийг санаачлан идэвхитэй ажиллаж байна. Одоогоор энэ төсөл эхлэлийн судалгааны түвшинд байна. Эдгээр улсууд нийлж Монгол улсын санаачлагаар Азийн хөгжлийн банктай хамтран судалгааны ажил эхлүүлээд явж байна. Мэдээж ийм олон улсыг хамарсан эрчим хүчний сүлжээ байгуулах нь амар ажил биш бөгөөд цаг хугацаа их шаардах юм. Гэхдээ бид ойрын ирээдүйд энэ төслийг бодит байдал болгож уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлдэг улс биш цэвэр эрчим хүчийг нийлүүлдэг эрчим хүчний салбарын томоохон тоглогч улс болох байх гэдэгт итгэлтэй байна.
-Үүнээс гадна айл өрхүүд сэргээгдэх эх үүсвэрээс хэрэглээгээ хангах хэр боломжтой вэ? Тухайлбал, зарим өрх тагтан дээрээ нарны панель суурилуулсан байна лээ.
Монгол улсад цаашдаа сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх нэг арга бол айл өрх бүр, албан байгууллага бүр өөрсдийн дээвэр, эзэмшлийн газартай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр тухайлбал нарны эх үүсгүүр тавьж өөрсдийн эрчим хүчний хэрэглээгээ хангаад зогсохгүй илүү гарсан эрчим хүчээ түгээх сүлжээнд худалдах арга юм. Ийм байдлаар сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар бид өөрсдийн амьдрах орчиноо цэвэр байлгаж, эрүүл амьдрах боломж бүрдэх юм. Энэ чиглэлээр Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран түгээх сүлжээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг холбох журам боловсруулахаар ажиллаж байна. Ойрын үед энэ журамыг боловсруулсанаар айл өрх бүр, албан байгууллага бүр өөрсдийн эзэмшлийн газар, барилга байгууламжийн дээвэр дээр нарны үүсгүүр байрлуулж цэвэр эрчим хүч үйлдвэрлэн өөрсдийн хэрэглээнд ашиглаж илүүдлээ зарж борлуулах эрх зүйн үндэс бий болно.
Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрчим хүчээ зарах журам боловсруулна | ||
Үзсэн: 2156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.