Шууд Chart

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Өвөрхангай аймагт ажиллаж байна

2026-03-03 13:38:51

21 аймагт хүрч ажиллах зорилготойгоор эхэлсэн томилолтын хүрээнд Ж.Чинбүрэн сайд болон яамны албаны хүмүүс ес дэх аймагтаа буюу Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Одоогоор Эрүүл мэндийн сайдтай хийх албан уулзалт аймгийн Нутгийн захиргааны ордонд болж, сумдын эрүүл мэндийн төвийн дарга нар болон холбогдох албаныхан оролцож байна.

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд 115 мянга гаруй хүн амд 19 сум, 112 багийг хамруулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Аймгийн иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын талаар Эрүүл мэндийн газрын дарга Н.Оюунтуяа танилцуулахдаа архидалт, амиа хорлолт, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт нэмэгдэж байгааг онцоллоо. Үүнтэй холбогдуулан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, сэтгэц-зан үйлийн чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгийн аюултай хог хаягдлыг дэвшилтэт технологиор устгах, байгальд ээлтэй эрүүл мэндийн байгууллагын загварыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг дурдлаа.

Мөн аймгийн хэмжээнд 2025 онд 1590 эх амаржсан нь өмнөх оноос 123 төрөлтөөр буюу 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Жирэмсний хяналтад шинээр 1600 эх хамрагдсанаас 95.7 хувь нь жирэмсний эрт үедээ хяналтад орж, улсын дунджаас 2.5 пунктээр өндөр үзүүлэлттэй гарсныг танилцууллаа. 2025 онд эхийн эндэгдэл бүртгэгдээгүй нь эерэг үр дүн боловч 0–5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 35 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөнд 21.8 ногдсон нь өмнөх оноос 9 тохиолдлоор өссөн байна.

Аймгийн эрүүл мэндийн салбарт гарч буй дэвшил, ололтын талаар танилцуулахдаа хавдрын хими, бай эмчилгээг орон нутагт нутагшуулж чадсан нь ойр аймгуудаас иргэд ирж үйлчлүүлэх нөхцөл бүрдсэнийг онцлов. Мөн ангиографийн тусламж, үйлчилгээг чанартай нэвтрүүлсний үр дүнд зүрх, судасны өвчлөлийн шалтгаант нас баралт эрчимтэй буурч байгааг тэмдэглэлээ. Үүнээс гадна гэмтлийн мэс засал, тусламж үйлчилгээг амжилттай хөгжүүлж байгааг дурдсан юм.

Эрүүл мэндийн сайд болон бусад албаны хүмүүсийн Өвөрхангай аймаг дахь ажлын хүрээнд салбарын эмч, ажилтнуудтай уулзаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байна. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Өвөрхангай аймагт ажиллаж байна   
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй