Шууд Chart

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-03-01 12:20:10

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Увсын зүүн, Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хур тунадас орж, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 1). Хур тунадас Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Булган, Төв аймгийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 1). Хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД-аас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас дулаан байна. 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, хур тунадас дунджаас бага байх төлөвтэй байна. Бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байна (Зураг 1).

Сарын эхээр ихэнх нутгаар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ 

Гуравдугаар сарын эхээр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2–3нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Агаарын дундаж температур зүүн аймгуудын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, баруун болон говийн аймгуудын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хур тунадас Төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, баруун болон говийн аймгууын нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг ЦУОШГ-аас зөвлөж байна.

Гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 20-195 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Гичгэнэ, Эг, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-10 см нимгэрсэн байна.

Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй тогтсон байна. Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй