
Сарны туяаг сархадын жүнзтэй холбож хийрхээд
Салхины сэрчигнээг янагийн шивнээтэй хольж зуураад
Өвсний чимээг өнгийн солонготой хоршуулж гурилдаад
Өрнийн соёлыг Дорнын ухаантай хослуулж цэцэрхээд
Үүнийгээ тэгээд сэтгэлгээний шүлэг гэж үсчиж явдаг
Өчнөөн олон найрагч манайд бий...
Бүтэн жилийн туршид энэ мэтийн ганц хоёр шүлэг биччихээд "Болор цом" руу шавааралдан зүтгэдэг шоргоолж шиг олон найрагчаас ганц сайхан шүлэглэсэн роман, ганц сайхан туульсын найраг төрж гаралгүй гучаад жил болж байна. Харин "Болор цом" энэ тэрд хутгалдаад явдаггүй, нийслэл хотоос алсхан зайд Бурхантын хөндийд нам жимхэн суудаг Рэнцэндоржийн Лхамрагчаа гэдэг энгийн даруухан энэ залуу "Сүбээдэй баатар" хэмээх аварга том хөлгөн туульс бүтээчихжээ.
Анхандаа үүнийг би шүлэглэсэн роман гэж бодож байлаа. Харин тэгтэл ардын аман билгийн нэн эртний төрөл, хэдэн зуугаас хэдэн түмэн шад шүлгээс бүрдэл болдог хөлгөн туульс болох нь ойлгогдов. "Монгол үгсийн язгуурын толь”-д хөлгөн туульсийг нийгмийн амьдрал, түүхэн баатар хүмүүсийн тухай шүлэглэсэн үг хавсаргасан уртхан үлгэр гэж онцолсон байх аж. Найрагч Р.Лхамрагчаа Сүбээдэй баатрын тухай "уртхан үлгэр"-ийг яг л эртний яруу найраг шиг, "Эрдэнийн сан Субаашид" шиг галтай цогтойгоор урлан бүтээжээ.
Бичлэгийн уран чадвар сайтай энэхүү туульсыг эрдэмтэн зохиолч С.Дуламаас эхлээд түүхийн ухааны докторууд, утга зохиолын шүүмжлэгчид дор бүрнээ л магтан сайшаасан байх аж. Тиймээс миний үг бараг илүүц юм. Тэглээ ч "Сайн үйл хийсэн хүнийг магтан сайшааж бай, тэгвэл сайн үйлс дэлгэрдэг юм" хэмээх онч мэргэн үг дотроос хатгаад болсонгүй.
Б.Ойдов
Монголын яруу найраг дахь сүүлийн гучин жилийн хамгийн том бүтээл | ||
Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.