Шууд Chart

Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобус хүлээх хугацаа багасаж, хурд 4.5 км/цагаар нэмэгджээ

2025-08-28 15:29:46

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нэмэгддэг авто замын түгжрэлээс урьдчилан сэргийлж НИТХ-ын дарга А.Баяр автозамын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх талаар захирамж гаргасан билээ. 

Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөөд байгаа бөгөөд НИТХ-ын дарга А.Баяр уг захирамжийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа. Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобусыг саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлснээр автобус хоорондын хүлээлтийн хугацаа 8-10 минут байсан бол 3-5 минут болж буурсан. 

Мөн нийтийн тээврийн автобусны хурд 4.5 км/цаг нэмэгдэж 13.5 км.цагийн хурдтай зорчиж байна. Ойрын өдрүүдэд хөдөө орон нутгаас нийслэлийг зорих авто машины тоо 3-5 дахин, нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал 5 дахин нэмэгдээд байгаа энэ үед нийтийн тээврийн авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлснөөр автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээлгийн зай хоорондыг багасгаж байна” хэмээн онцоллоо. 

Тухайлбал, М:1 чиглэлийн Таван шараас Офицеруудын ордон орох чиглэлийн автобусны хурд өмнө нь 110 минут байсан бол одоо 90 минут болж буурсан байна. Түүнчлэн Замын цагдаагийн газраас нэгдүгээр эгнээгээр автобус саадгүй зорчих болсноор томоохон уулзваруудад зохицуулалт хийх замын цагдаагийн ачаалал эрс буурчээ. НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн иргэд хүссэн газраасаа зорьсон цагтаа автобусаар саадгүй зорчдог болгох үүднээс шат дараатай ажлуудыг хийж байна. Эхний ээлжид Таван шараас Офицеруудын ордон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус бүрэн зорчих нөхцөлийг бүрдүүлээд байна. Дараагийн ээлжид 3,4-р хорооллоос 100 айлын зам дагуу Цайз 16 хүртэлх авто зам, ХУД-ийн 120 буюу тэмээтэй хөшөөнөөс Нисэхийн тойрог хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус саадгүй зорчих боломжтой эсэхийг судалж байна” гэв.

Энэ үеэр иргэд “Төв замын нэгдүгээр эгнээгээр автобусыг саадгүй зорчих шийдвэр гаргасан нь зөв. Цаашдаа бүх л чиглэлд автобус нэгдүгээр эгнээгээр зорчдог болчихвол хүн болгон авто машин унаж түгжрэхийг хүсэхгүй нийтийн тээврээр үйлчлүүлнэ шүү дээ” гэв. Мөн иргэдийн зүгээс нийтийн тээврийн зарим автобус чиглэл зарлахгүй байгаагаас үүдэн харааны бэрхшээлтэй иргэд, ахмадууд буудал андуурч буух хүндрэл учирдаг талаар хэллээ. 

Түүнчлэн Улаанбаатар хотын гол гудамж, замын 15 байршилд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд саад болж байгаа авто машинуудыг цэгцлэх ажил үргэлжилж байна. Мөн энэ хүрээнд Нийтийн тээврийн бодлогын газраас 38 албан хаагч автобусны буудлуудад зөвшөөрөлгүй зогссон, түр зогссон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж ажиллаж байна.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобус хүлээх хугацаа багасаж, хурд 4.5 км/цагаар нэмэгджээ  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй