
Увс аймгийн Малчин сумын Ц.Цэрэнтэй ярилцлаа. Тэрбээр Малчин сумын анхны цэцэрлэгийн анхны багшаар ажиллаж байсан хүн юм.
-Та сумынхаа анхны цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан гэлээ. Энэ талаар яриагаа эхлүүлье.
-Манай суманд 1960 оны эхээр анх цэцэрлэг байгуулагдаж байлаа. Тухайн үед цэцэрлэгт ажиллах хүн хүч байхгүй байсан үе. Би дунд сургуульд сурч байхдаа мандолин хөгжим их сайн сурсан. Манай суманд мэргэжлийн цэцэрлэгийн багш байхгүй байсан учраас намайг мандолин хөгжим сайн тоглодог авьяас чадвартай гээд аймгийн төвд цэцэрлэгийн багш бэлтгэх курсд явуулаад, буцаж сумандаа ирээд анхны цэцэрлэгт ажиллаж эхэлсэн юм. Тэр сургалт 3 жил сурах ёстой хичээлийг 30 хоногт багтаана зааж байсан юм. Ингээд багшаар ажиллаж эхэлсэн.
Манай цэцэрлэг анх 25 хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан. Тухайн үед цэцэрлэгт хүүхэд саатуулах тоглоом наадгай гэж байсангүй. Би хүүхэд саатуулах, ухаан бодлын тэлэх зорилгоор модоор тоглоом хийж хүүхдүүдээ тоглуулдаг байсан. Намайг залуу байхад одоогийнх шиг бэлэн тоглоом, хүүхэд саатуулах зүйл байсангүй.
-Тухайн үед цэцэрлэгт хүүхдүүдээ хэр хамруулдаг байсан бэ?
-Тэр үед манай суманд цэцэрлэгийн насны хүүхэд их олон байсан юм билээ. Тухайн үед айл бүрээр орж, цэцэрлэгийн насны хүүхдүүдээ нэг бүрчлэн бүрдүүлж авдаг байсан. Цэцэрлэгтээ багш асрагчаа давхар хийдэг байсан.
-Та хэдэн жил багшаар ажилласан бэ?
-Би цэцэрлэгийн багшаар 25 жил ажилласан.
1988 онд тэтгэвэр гарч, энэ үед цагаан ингэний ферм байгуулъя гээд нэгдлээс зөвшөөрөл аваад байгуулж байлаа. Ингээд 60 цагаан ингэний ферм байгуулж байв. Гурван жил тэмээгээ сайхан маллаад сүүгээр нь хоормог хийх, янз бүрийн оноштой хүн эмнэлгээс эмчилгээний журмаар хэрэглэх гэж манайхаас сүүг нь авдаг байв. Ингээд 4 жил маллаад 1992 онд ардчилал гарч, хувьчлалаас болоод ингэний фермийн ажил маань зогссон байдаг. Тухайн үед бид цөөн тооны малтай үлдэж, хүүхдүүд маань эрдэм номын мөр хөөж зарим нь Улаанбаатар хот явж байсан юм.
-Гэр бүлийнхээ тухай ярьвал?
-Бид нэг салбарын хүмүүс байлаа. Миний хань Малчин сумын дунд сургуулийн багш хүн байсан. Бид найман хүүхэдтэй. 1995 онд хань минь хүнд өвчний улмаас нас барсан юм.
Тэр цагаас хойш хэдэн хүүхдээ бараадаад л амьдарч байна.
1998 онд нутгаасаа гарч хамаатнуудаа бараадаж Булган аймгийн Бүрэгхангай суманд нүүж ирж байв. Эндээ хэдэн жил мал маллаж амьдарсан л даа. Малын ажил их хэцүү шүү дээ. Ялангуяа ганц хүн хийх их хэцүү байсан. Ингээд би малаа зараад хэдэн хүүхдүүдээ бараадаад хот орж байлаа. Мал маллах үнэхээр амаргүй ажил шүү дээ.
-Та хэзээнээс дээл хувцас оёж эхэлсэн бэ?
-Улаанбаатар хотод орж ирээд ажил хийхгүй байж чадаагүй. Ингээд дээл, хувцсаас авхуулаад хатуу зөөлөн гээд бүх төрлийн хувцас хэрэглэл оёж эхэлсэн. Энэ хугацаанд оёж үзээгүй зүйл ер нь байгаагүй. Би оёх их дуртай, их ч сайн очдог.
Би ер нь багаасаа л оёж сурсан. Хүний хөлийн оймсноос авхуулаад малгай хүртэлх бүх хувцсыг оёж байлаа. Намайг бага байхад одоогийнх шиг бүх хувцас бэлэн байгаагүй. Ээж маань олон хүүхэдтэй учраас бидэнд байнга дээл хувцас оёж өмсгөдөг байсан. Ээжийгээ хараад л ер нь юм оёхыг сурч байлаа. Энэ маань миний амьдралд маш их хэрэг болсон. Би дээлийг ер нь насаараа оёсон. Үүн дээр нэмээд монгол гутал гээд надад оёж үзээгүй оёдол, оёогүй хувцас гэж байхгүй гэхэд болно.
Надад энэ амьдралдаа хийж үзээгүй зүйл бараг үлдээгүй. Амьдралд тулаад ирэхэд би бүгдийн л хийж ирсэн.
-Таныг залуу байх үеэс одоо цаг үе ямар болсон гэж харж байна вэ?
-Маш өөр болсон байна. Бүх зүйл нээлттэй маш гоё болсон байна. Хүний хэрэглээ бүгд бэлэн болсон байна.
-Хүүхдүүддээ оёж, хатгах үйлээ өвлүүлж чадсан уу та?
-Би хүүхдүүддээ миний маргаашаас та нар өөрсдөө оёно. Одоо бүгд оёдлын машин ав гэдэг даалгавар өгсөн байгаа. Эхнээсээ аваад явж байна. Ач охин маань маш их оёх сонирхолтой. Би зүү хэрхэн оёх, зүүгээ зөв барих гээд зүйлийг заагаад л явж байна.
-Дээл оёход юун дээр анхаарах ёстой байдаг вэ?
-Хамгийн чухал нь амь нь эсгүүр байдаг. Эсгүүрээ зөв хийсэн цагт маш гоё дээл бий болдог. Энэ мэтчилэн дээл хувцсыг оёход анхаарах зүйл маш их.
-Та бага насаа дурсвал?
-Би Увс аймгийн Малчин сумын хүн. Цэдэнгийн хоёр дахь хүүхэд. Аав ээж маань малчин айл учраас бага насаа мал маллаж өнгөрүүлсэн.
-Амьдралд хэцүү санагдаж шантрах үе байсан уу танд?
-Хүний амьдралд ийм л байх ёстой гэж бодож амьдарч ирсэн.
-Таны баримталдаг зарчим юу вэ?
-Ахуй амьдралыг өөдрөг сайхан байлгая, гэр бүлдээ дулаан сайхан, бүрэн бүтэн байя л гэсэн зарчимтай. Иймээс бүх зүйлийг хийж ирсэн.
-Залуу үедээ захих зүйл бий юу танд?
-Цагийг зөв ашиглаж, үр бүтээлтэй өнгөрүүлж, бага унтаарай залуусаа. Эмэгтэйчүүд минь хэрэгцээт зүйлээ гарын доорх зүйлээр оёж, урлаж, будаж, зурж байгаарай. Хөдөлмөрч байгаарай. Тэгж чадвал та бүхний амьдралд асар их дэмтэй байх болно.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Цэрэн: Надад энэ амьдралдаа хийж үзээгүй зүйл бараг үлдээгүй | ||
Үзсэн: 301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.