Шууд Chart

Н.Сэлэнгэ: Мөсөн авиралтаар эмэгтэй хүн хичээллэж явна гэдэг маш том сорилт

2026-03-25 11:40:23

Мөсөнд авиралтын дэлхийн аваргын хүрэл, дэлхийн цомын хошой аварга, дэлхийн чансааг тэргүүлж байгаа “Сутайн бор клуб”-ын тамирчин, ОУ-ын хэмжээний мастер Н.Сэлэнгээг "Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

-Мөсөн авиралтын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Мөсөн авиралтын спортоор 12 настайдаа хичээллэж эхэлсэн. Энэ спортоор хичээллэж эхлээд найман жил болж байна. Харин спорт авиралтаар 8 настайдаа хичээллэж эхэлсэн. Олон улсын тэмцээнд уралдаанд 4 дэх жилдээ оролцож байгаа. Мөсөн авиралтын спорт өвлийн спорт гэж явдаг. Өвлийн 20-30 хэмийн хүйтэнд гадаа бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээн уралдаандаа оролцдог. Эмэгтэй хүн энэ спортыг сонгож хичээллэж, тэмцээн уралдаанд оролцох маш өндөр шалгуур байдаг. Аав маань “Сутайн бор клуб”-ийн дасгалжуулагч, ах маань мөсөн авиралтын ОУХМ зэрэгтэй. Мөсөн авиралтын спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн маш нөлөөлсөн. Намайг бага байхад аав маань спорт авиралтын тэмцээнд хүүхдүүдийг их оролцуулдаг байсан. Тухайн үед би аавыгаа дагаж явдаг байсан. Ингээд энэ спортод сонирхолтой болсон.

-Энэ спортоор хичээллэдэг тамирчин цөөхөн байх?

-Мөсөн авиралтын спортоор аль ч насны хүмүүс хичээллэх боломжтой. Миний хувьд багаасаа хичээллэсэн учраас энэ спорт илүү их дурлаж байгаа. Багаасаа спортоор хичээллэхээр хүүхдийг зөв хүмүүжилтэй, бие бялдрын хувьд өв тэгш, хүндлэл мэндлэлтэй, харилцааны зөв чадвар, ёс зүйтэй болдог гэж боддог. Ер нь ковидоос хойш тэмцээн уралдаан бага болж байсан. Тамирчид гэсэн цөөрч эхэлсэн. Одоо холбоо үйл ажиллагаанжигдэрч, тэмцээн уралдаан тогтмол болж байгаа. Мөн Монгол Улсын тамирчид олон улсын тэмцээнд амжилт маш сайн гаргаж байгаа учраас мөсөн авиралтын спортын сонирхогч гэсэн нэмэгдэж байна. Өнгөрсөн жилүүдтэй өнөөдрийг харьцуулбал мөсөн авиралт гэж юу вэ гэдгийг хүн бүр мэддэг болсон. Өвлийн спорт гэдгийг ч ойлгодог болсон.

-Бэлтгэл сургуулилтаа яаж хэрхэн хийдэг бэ6 Манай орны хувьд улирал солигдог учраас бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг байх?

-Миний хувьд жилийн дөрвөн улиралд хүчний бэлтгэлээ Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Хосбаяр багшийн удирдлага дор хийдэг. Техникийн төрлийн бэлтгэлээ хавар зун намрын улиралд Солонгос улсад хийдэг. Харин үндсэн мөсөн авиралтын хурдны бэлтгэлээ 11 дүгээр сарын дунд үеэс хийж эхэлдэг. Бид нар өөрсдөө Олон улсын хүүхдийн найрамдал зусланд хана бариад бэлтгэл сургуулилтаа хийдэг байгаа.

-Монголын нөхцөлд жилийн байнга бэлтгэл сургуулилт хийх боломж хомс. Таны хувьд ямар нэг спортын клубт харьяалагдаг уу?

-Говь-Алтай аймгийн Тонхил сумын Жанцаны нэрэмжит “Сутай бор клуб”-т харьяалагдаж явдаг. Мөсөн авиралтын спортоор хичээллэж эхэлснээс хойш энэ клубт харьяалагдаж байгаа. Манай клуб 45 жилийн түүхтэй. Манай клубийн хувьд мөсөн авиралт, хадан авиралт, өндөр уул гээд бүх төрөлд клубийнхаа тамирчдыг хөгжүүлж, дэмжиж өгдөг.

Амжилт гаргаж байгаа тамирчдын хувьд хамгийн чухал зүйл санхүүжилт байдаг. Санхүүжилт байхгүй бол бид цуврал тэмцээн болон найрамдал мөсөн хана бариад бэлтгэлээ хийж чадахгүй. Бусад клубийн тамирчдыг харж байхад хандив авч тэмцээн уралдаанд явдаг. Хандив авч тэмцээнд уралдаанд оролцоод амжилт гарахгүй бол яана гэсэн айдастай байдаг.

Энэ нь гэсэн тэмцээн уралдаанд оролцоход сэтгэл зүйд нь сөрөг нөлөөтэй байдаг байх. Миний хувьд клубт харьяалагдаг учраас ямар санаа зовох зүйлгүй бэлтгэл сургуулилтаа анхаардаг. Намайг багаас минь А.Батсүх, Ж.Туяа эгч хоёр дэмжиж ирсэн. Энэ хоёр хүн байгаагүй бол би амжилт хүрэхгүй байсан.

-Энэ спортын амжилтыг хэрхэн дүгнэдэг бэ?

-Мөсөн авиралт үндсэн хоёр төрөлтэй. Тухайлбал, хурд болон техникийн гэсэн төрөлтэй. Монгол Улсын тамирчид хурдны төрөлд өндөр амжилт үзүүлдэг. Хурдны төрлийн хэрхэн шүүлтийг нь минут, секунд цагаар нь хэмждэг. Харин техникийн төрөл нь хугацаа өгдөг. Өгсөн хугацаанд алдаагүй замаа туулж, оргил хэсэгт хүрч ялалт байгуулдаг байгаа. Миний хувьд Швейцар улсад болсон тэмцээнд алтан медаль хүртсэн.

Тус улсын авиралтын мөсөн хана 17 метр өндөртэй. Энэ хана дээр 11 секунд 23 дольтой авирч алтан медалийн болзол хангасан байгаа. Мөсөн авиралтаар эмэгтэй хүн хичээллэж явна гэдэг маш том сорилт.Мэдээж сонирхож байгаа спортоор хичээллэж байгаа учраас амжилтын төлөө явах ёстой. Одоо Олон улсын тэмцээнд Монгол Улсаас тамирчид тогтмол оролцож амжилт гаргадаг болсон.

-Авиралтын хананы хэмжээ стандарт нь улс орон бүр өөр өөр байдаг уу?

-Улс орон бүр өөр өөр хэмжээтэй байдаг. Хамгийн намхан 12 м, хамгийн өндөр 17 м байдаг.  Солонгос улсын хана 12 м, Швейцарын хана 17 м, Франц 13 м, Америк 14 м, канад 12 м, Монгол Улсын хана 15,5 м байдаг.  Авиралтын үе бэхэлгээ маш сайтай байдаг. Эрсдэл өндөртэй спорт учраас авиралтын үед ч бэхэлгээ сайн хийдэг юм. 

-Хэчнээн тэмцээнд уралдаан оролцож байв?

-Миний хувьд олон улсын тэмцээнд 4 дэх жилдээ оролцож байна. Өнгөрсөн жилээс эхэлж амжилт өсөлтэй байгаа. Өнгөрсөн жил дэлхийн чансааг тэргүүлсэн. Энэ жил гэсэн дэлхийн чансааг тэргүүлж байна. Бидний хувьд эгц дээшээ авирдаг учраас бүх талын мэдрэмж маш чухал байдаг. Ганцхан алдаа гаргахад хамаг амжилт доошоо унах эрсдэлтэй. Иймээс алдаагүй хурдан авирах хэрэгтэй байдаг.

 -Эрсдэл өндөртэй байх?

 -Маш их эрсдэлтэй. Авиралтын багаж маань хурц үзүүртэй учраас алдаа гаргавал бэртэл гэмтэл авах эрсдэлтэй байдаг.

-Бусад улс орнуудын тамирчдаас Монгол Улсын тамирчид ямар давуу талтай бэ?

-Бидний хувьд өвлийн хүйтэнд байнга бэлтгэл хийдэг учраас маш давуу талтай. Бусад орнууд болох Солонгос, Швейцар Франц, АНУ-д очихоор дулаан байдаг. Бусад орны тамирч даараад авиралтын хурдан удааширдаг. Бидний хувьд тийм зүйл байдаггүй. Авиралтаа маш сайн хийдэг байгаа. Хүний улиралд бэлтгэл сургуульд хийх давуу тал их байдаг шүү.

 -Авиралтын үед ямар хувцас өмсдөг вэ. Хувцас хөнгөн байх ёстой юу?

 -Хувцасны хувьд өөрийнхөө бие таарсан тухтай хувцас өмсөх ёстой. Мөн бие бялдрын хувьд хүч чадалтай байх нь хамгийн чухал юм.

- Мөсөн авиралтын тэмцээн ихэвчлэн хэдэн сард болдог бэ?

 -Өвлийн спорт учраас улирлын чанартай. Манай цуврал тэмцээн нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг.

-Ойрын зорилго

-Нас залуу байгаа учраас маш зорилго тавьж байгаа. Мөсөн авиралтын спорт нь Өвлийн олимпын төрөлд 2030 орох магадлал нь 90 хувьтай явж байгаа. Зургаадугаар сард Өвлийн олимпын төрөлд орох орохгүй шийдэгдэнэ. Миний хувьд хоёр жил дэлхийн чансааг тэргүүлсэн учраас бэлтгэлээ сайн хангаж улам их хичээх ёстой. Өвлийн олимпын төрөлд багтчихвал, олимпын медальтан болохын төлөө хичээнэ.

-Оюутан хүний хувьд бэлтгэл сургуулилт , хичээл гээд ачаалал их байх. Бэлтгэл сургуулилт хийх цаг зав хэр гарч байна?

-Би МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт аялал жуулчлалын мэргэжлээр суралцдаг. Энэ жил гуравдугаар курс. Ирэх жил их сургуулиа төгсөнө. Сургуулиас маш сайн дэмждэг учраас хичээлийн ачаалал бага байдаг. Хичээлээ шахаж үзээд үдээс хойш хүчний бэлтгэлээ тогтмол хийдэг.

-Чөлөөт цаг хэр гардаг бэ?

-Ер нь бэлтгэл сургууль гэсэн чиглэлтэй байдаг учраас чөлөөт цаг бага гардаг. Чөлөөт гаргавал гэртээ хоол хийж идээд сайхан унтана гэж боддог./Инээв/ Байнга бэлтгэл сургуулилтаа байдаг учраас амрах өдөр бараг байдаггүй.

-Хүүхэд насны дурсамжаа хуваалцаач. Хаана төрж, өссөн вэ?

-Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрж өссөн. Тонхил суманд хүүхэд нас өнгөрсөн. Арван жилийн сургуулиа гэсэн сумандаа төгссөн. Арван жилийн сурагч байхад бэлтгэл сургууль гэсэн чиглэлтэй байсан. Оюутан болсон гэсэн бэлтгэл сургууль гээд явж байна даа.

Арван жилдээ байхдаа шатар даам, теннис их тоглодог хүүхэд байсан. Сум төвд суралцдаг хүүхэд байсан учраас аймгийн аварга шалгаруулах тэмцээнд бүх төрлөөр оролцдог байсан. Ер нь спортлог хүүхэд байсан.

-Арван жилдээ ямар хичээлд дуртай хүүхэд байв. Ямар мөрөөдөлтэй байсан бэ?

-Миний хамгийн дуртай хичээл англи хэл байсан. Мөсөн авиралтын спортоор 12 настайдаа  амжилт гаргаж эхлээд тамирчин болно гэж шийдсэн. Олимпын аварга болно гэсэн мөрөөдөлтэй хүүхэд байсан. Энэ мөрөөдлийнхөө төлөө хичээж явна.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би айлын бага хүүхэд. Дээрээ нэг ахтай. Ах маань бас мөсөн авиралтын спортоор хичээлдэг. Аав маань миний дасгалжуулагч гэж явдаг. Ээж маань миний сэтгэл зүйч гэсэн үг. Намайг маш сайн дэмждэг. Одоо ээж хоёр маань нутагтаа байгаа. Энэ жил тэмцээн уралдаан гээд гэртээ очоогүй гэрийнхэн болон эмээгээ маш санаж байна.

-Хэнээс хамгийн зөвлөгөө зөвлөмж авдаг бэ?

-Би бусад тамирчныг бодвол маш олон давуу талтай. Учир нь ах маань олон жилийн өмнөөс мөсөн авиралтын спортоор хичээллэж, олон улсын тэмцээн уралдаан оролцож байсан. Одоо миний явж байгаа замыг бүгдийн туулж үзсэн учраас алдаа гарахаас өмнө надад байнга зааж зөвлөдөг. Ах маань хамгийн сайн зөвлөгч.

-Өөр спортоор хичээллэж, сонирхдог уу?

-Мөсөн авиралтын тэмцээн гуравдугаар сар гээд дуусчихдаг. Үүнээс хойш аялал жуучлал болон сургуулийнхаа тэмцээн уралдаанд оролцдог. Ерөнхийдөө сагсан бөмбөг ,гар бөмбөг тоглох сонирхолтой. Өөрийнхөө хэмжээнд сайн тоглодог. Миний дуртай спортуудын нэг юм.

-Амжилт гараад ихээр танил хүрээ болон найз нөхөд нэмэгдэг. Найз нөхөд болон нөхөрлөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Олон найз нөхөдтэй. Тэр дундаа хамгийн дотны найз нөхөд маань ямар ч үед хамт байдаг. Амжилт гаргаад ирэхээр танилын хүрээ нэмэгдэг юм байна. Ер нь надтай харьцаж, хандаж байгаа хүн бүртэй эелдэг харьцаж явахыг боддог.

-Мөсөн авиралтын тамирчид туршлага солилцох бэлтгэл хийдэг үү. Чиний хувьд ямар орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх сонирхолтой бэ?

-Өнгөрсөн жил АНУ, Канад , Чех улсаас хамтарсан бэлтгэл хийх санал ирсэн. Цаг хугацааны хувьд явах боломжгүй байсан учраас очиж чадаагүй. АНУ, Чех, Польш улсын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгч нар юм. Эд нараас суралцах зүйл их байгаа. Эдгээр орны тамирчид хурдны төрөлдөө маш амжилттай оролцдог. Мөн техникийн төрөлдөө сайн оролцдог учраас аль болох суралцахыг боддог.

-Хамгийн анхны медаль хэзээ авч байсан бэ?

-Хамгийн анх 12 настайдаа спорт авиралтын төрлөөр Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль авч байсан. Монгол Улсад зохион байгуулж байгаа спорт болон мөсөн авиралтын төрлөөр 12 настайгаа хойш тасралтгүй түрүүлж байгаа. Хамгийн анхны олон улсын тэмцээний медаль гэвэл Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Ирэх жил түрүүлэх зорилго тавьж байгаа.

-Мөсөн авиралтын спортод насны ангилал байдаг биз дээ ?

-Ангилал гэж байдаг .Олон улсын тэмцээнд залуучууд болон насанд хүрэгчид гэсэн хоёр ангилалтай. Олон улсын тэмцээнд анх удаа насанд хүрэгчдийн ангиллаар оролцож эхэлсэн. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож үзээгүй.

-Ирэх жилийн олон улсын тэмцээн аль улсад болох. Тухайн улсынхаа тамирчид судалгаа хэр хийж байна?

-Манай цуврал тэмцээн тогтсон улсуудад болдог. Тухайлбал, Солонгос, Швейцар Франц, Америк, Канад улсуудад байнга зохион байгуулагдаг. Ирэх жилээс БНХАУ-д зохион байгуулагдах байх гэсэн таамаг байгаа. Мөсөн авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  хоёр жилдээ нэг удаа болдог. Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л хоёр жилд нэг удаа болдог. Ирэх жилийн хувьд их чухал бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цомын тэмцээн болно. 

-Олон улсын тэмцээнээс хэчнээн медаль авч байсан бэ?

-Олон улсын тэмцээн болон Дэлхийн цомоос 5 алт нэг мөнгөн медальтай. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Азийн аваргын алтан медальтай. Ирэх жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авах зорилго тавьж байгаа.

-Сошиалд хэр идэвхтэй бэ?

-Ер нь  идэвхгүй. Сошиал орчноос хол байхыг боддог. Тэмцээн болон бэтгэлд гарахдаа цахим орчимд ордоггүй. Хаягаа хаагаад бэлтгэлдээ төлөвлөрдөг.

-Шантарч байсан  үе бий юу?

Шантарч байсан үе байхгүй. Сонирхолтой спорт учраас  эцсийн хүртэл явна гэсэн бодолтой  байдаг.

Ярилцсан танд баярлалаа. 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Н.Сэлэнгэ: Мөсөн авиралтаар эмэгтэй хүн хичээллэж явна гэдэг маш том сорилт  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй