Шууд Chart

Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ

2026-04-06 15:33:46

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал " МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал, эрх баригч намын хувьд иргэдийн амжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийг сайжруулах, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр төрийн бодлого тодорхойлох эрх зүйн орчин бүрдүүлэх талаар дэвшүүлсэн зорилтуудаа шуурхай хэрэгжүүлэх, 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт намын холбогдох байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэрлэх ёстой тодорхой зорилт, арга хэмжээнүүдийн чиглэлүүд байгаа.

Хоёрдугаарт, олон улсын хямрал Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа талаар хэлэлцлээ. Үүнийг хэрхэн бууруулах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонслоо.

Та бүхэн мэдэж байгаа. Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад хоёр хонож байна. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд санал бодлоо танилцуулж, улмаар бүлгийн хуралдаанд танилцуулснаар ирэх Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд төлөвлөгөөгөө эцэслэж, УИХ-д өргөн барих бодлогын чиглэлтэйгээр энэ асуудлыг хэлэлцсэн.

Нефтийн бүтээгдэхүүнийг 100 хувь гаднаас авч хэрэглээгээ хангаж байгаа. Үүний үнийн өсөлт бүх бараа бүтээгдэхүүний өртгийн орцод томоохон нөлөө үзүүлдэг. Цар тахлын үед бид тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байлаа. Тиймээс шуурхай зохицуулалтын шинж чанартай зарим хуулийг батлан гаргах ёстой юу гэдэг асуудлыг ярьсан. 

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлттэй уялдуулан АИ-92 дээр үнийн тогтворжуулалтын бодлого барьсан. Бусад бүтээгдэхүүн нь зах зээлийн нөхцөлөөр явж байгаа. Уул уурхайн салбарын бүх техник хэрэгслүүд дизель түлшээр ажилладаг. Хөдөө аж ахуйн салбарын техник хэрэгслүүд дандаа дизель хөдөлгүүртэй. Энэ жил нөхцөл байдлыг урьдчилж харсан учраас газар тариалангийн хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ. 

Нефтийн бүтээгдэхүүний гаалийн албан татвар дээр тодорхой зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгөх тогтоолын төслийг УИХ дээр явж байгаа. Үүнийг шуурхай баталбал импортын барааны таван хувийн татварыг Засгийн газар үнийн өсөлттэй уялдуулан зохицуулалт хийж болно. Мөн үнийн нэмэгдлийг тодорхой түвшинд хязгаарлаж болно.

Үнийн өсөлтийн тодорхой хэсгийг гаалийн албан татварыг тэглэх замаар хязгаарлаж болох юм. Жишээл 1,000 төгрөгөөр өсөж байгаа бол 200 төгрөгийг нь татварын хөнгөлөлтөөр дамжуулж өсөлтийг хязгаарлана” гэв.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй