
-Дууль-
Элгэн хүрэн уулс биесээ түшиж тогтсон
Эмнэг хангалын нуруунд эрс нь тогтож жаргасан
Буйдхан алсын хөхөлбөр суурин
Буцаад очиход жаргалын орон
Хад чулуу нуруундаа үүрч
Харцага шувуу шиг дүүлж явдаг
Хөх өвгөдтэй хөдөөгийн суурин
Хөндийн салхитай амгалан газар
Цастын энгэрээр нутагтай гээд
Цаг мөнхөд баярлаж явдаг
Будангийн хөлөөр жавартай гээд
Бурантаг даялан нүүж байдаг
Алтай нутгийн амгалан суурин
Аж төрөхүйн дээдийн газар
Дөрвөн улиралдаа нүүдэл хөтлөөд
Дөнөн хөх морьдоо сойдог
Буйлан алхах тэмээн сүрэг нь
Бут харгана дагаж байдаг
Тэр суурин алс байдаг юм
Тэргэл сарны хажууд байдаг юм
Өнжмөл хялгана дэрвэлзсэн
Өргөн зам нь зурайсан
Харганы цэцэг нахиалсан
Хавар цаг байсан юм
Нутгийн айлууд уулс тийш
Нуурын шувууд бас тийш
Амьтан хүн бүгдээрээ
Алтайгаа бараадан нүүж байсан юм
Мөргөл тахилтай овоогоо эргэхээр
Мөндөр асгасан уулсаа зориод
Сум даяараа нүүж байхад
Сургуулийн манаач л үлдэж билээ
Бяр тэнхээ муутай хөгшин аав
Би гэдэг жижигхэн "дайсан"
Хамгийн сүүлд нүүх боллоо
Хар ялаанаас зугтах боллоо
Хөлсний тэрэг хөлөглөж ирээд
Хөндий салхийг сөрж ирээд
Уул, даваа өгсөж байсан
Урт цуваа хөглөрч байсан
Өдрийн наранд газар шаргалтаж
Өвсний үзүүр дөнгөж цухуйна
Төлийн дуу нялх яргуйтай цуг
Төрөлхийн араншин сэрээж байсан
Тоостой шороон зам дагуу
Толин хөх чулуу шиг
Ганц ботго хэвтэж байсан
Гарцаагүй тэр сүргээс хоцорсон
Ангамал хээр орхиж болохгүй
Анчин өвөө минь авч явлаа
Эзэн нь олдохгүй өнөөх ботго
Энхрий хөөрхөн амьтан байлаа
Нүүдлээс олсон тэр амьтан
Нүдэн дээр минь өсөж байлаа
Чихэр, ааруул, амттан бүхнийг
Чимээгүй нэхдэг боллоо
Гэрийн үүдээр урт хүзүү нь
Гэмшингүй орж ирдэг боллоо
Хаалганы түгжээнд хамраа урж
Хатгаж буйлалдаг уруул нь гэмтлээ
Өдөр, шөнийн алинд нь ч
Өнчин ботго минь гэрийн гадаа
Хүнд ойрхон өссөн амьтан
Хүчит сүргээ бараадахаа болив
Хөгшин аавыг минь ээжийгээ гэж
Хөлөрсөн нүдээрээ хардаг болов
Хэдэн улирал ээлжлэн өнгөрөхөд
Хээрийн салхи сөрөн гунганана
Сум суурин бараадаж өссөн
Сумын ганц тэмээ болов
Амьтан хүнтэй адилхан санасан
Амины ганц амьтан болов
Байрны хүүхдүүдийг бархирч хөөнө
Багш ахмадад хүзүүгээ илүүлнэ
Тэмээн сүрэгт нийлүүлбэл
Тэшиж холдоно
Өрөвдөх хүн олон болов
Өндөр амьтан хөшөө шиг зогсоно
Сум суурингийн төв талбайд
Сургуультай тэмээ зогсож л байна
Салхилгагүй багачууд гэдсэн доогоор нь
Сар, нарнаар ч гүйж тоглоно
Хэдэрлэн хэвтэхдээ хөгшин хүн шиг
Хэвж байхдаа суурингийн уулс шиг
Өвлийн цас зам дараад байхад
Өнөөх тэмээг сум даяараа хөлөглөнө
Харгана, шаваг тэгнээд түлээнд явна
Хавь ойрдоо хүлээлгэж өгнө
Мөнөөх амьтны ач буянаар
Мөрөөдөл хүслээ биелүүлнэ
Амраг хосын болзоонд ч гүйнэ
Арга нь тасарсан тусламжид ч тэшнэ
Айл айлын өвсний хашаан дээгүүр
Аяглах юмгүй идэж зогсоно
Хэн ч түүнийг халаглаж хөөхгүй
Хэдэрлэж нэг нь ч загнаж, зандрахгүй
Эрхийн тэнэг болчихсон амьтан
Эрвээхэй харахаар хөөж гүйнэ
Тэмээ гэдгээ мартсан амьтан
Тэнгэрийн дор амгалан хэвээрээ
Үдшийн цэгээн саран шиг тэмээ
Үүрийн шаргал дэнлүү шиг тэмээ
Үйлийн үрээр хүн шиг амьдарлаа ч
Үнэн нь гэвэл сумын ганц тэмээ
Тоглон бусгаж, булгиж байхыг нь
Томоогүй багадаа харж байсангүй
Хулгайчийн мөрийг том тавхайгаар
Хуурмаглан гишгэж төөрүүлж орхидог
Цасан дунд ганц цагаан тэмээний
Цаана нь сүндэрлэх мөнх цаст минь
Бурантаг даялахад сөхөрч хэвтээд
Буурал тэргүүнээ өргөж хэвтэх ганц цагаан тэмээ
"Болор цом"-ын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Батдоржийн Жамбалдорж
Сумын тэмээ | ||
Үзсэн: 287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.