Шууд Chart

Улсын хэмжээнд 1169 эх баригч ажиллаж байна

2025-11-06 11:40:06

“Эх баригчаар гүйцэтгүүлэх эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” хэлэлцүүлэг өчигдөр Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-нд зохион байгууллаа. Улсын хэмжээнд 1,169 эх баригч байгаа бөгөөд 701 нь орон нутагт, 468 нь нийслэлд ажиллаж байна.

2024 онд эх баригч мэргэжлээр 59 мэргэжилтэн төгссөн бол энэ онд 149 эх баригч мэргэжилтэн бэлтгэгдэн ажлын байранд гарчээ. Олон улсад Эх баригч мэргэжилтнийг хэвийн жирэмслэлт, төрөлтийн мэргэжилтэн хэмээн үзэж эх баригч мэргэжлийг бие даасан мэргэжил, бие даасан тусламж үйлчилгээ гэж тодорхойлдог. Эх баригчийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд бодлогоор дэмжихийг улс орнуудад уриалсаар байна.

Хэлэлцүүлгийн эхэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн сайдын 2025 оны A/264 дугаар тушаалаар "Эх баригчийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2025-2028" батлан хэрэгжүүлж уг төлөвлөгөөний хүрээнд өчигдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг дурдаад эрүүл мэндийн салбарт эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр салбарын бодлогын хэмжээнд анхаарч байна.

Бодлогын чанартай олон асуудлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж буйг онцлов. Түүнчлэн эх баригч мэргэжилтний бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг сайжруулах, эх баригчийн тулгамдаж буй асуудал, эх баригчийн ажил үүргийн хуваарийг бодлогын баримт бичигт тусгахад санал солилцож, хэлэлцүүлгийг үр дүнтэй явуулж, цаашид салбарын хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулна гэлээ.

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи: Эх баригчийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, үүргийг нэмэгдүүлэхэд Эх баригчийн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь маш үр дүнтэй гэдгийг олон улсын туршлага харуулж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх баригчийн ур чадвар, хийж гүйцэтгэх үйл ажиллагааны чанар сайжрах юм. Эх баригчийг хөгжүүлэх төлөвлөгөө батлагдаж гарснаар Олон улсын эх баригчийн хөгжлийн стратеги, бусад бодлогын баримт бичгүүдтэй нийцнэ гэдгийг тодотгов. Тэрбээр Олон улсад хийгдсэн сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад эх баригчийг сайн сургаж, хөгжүүлж, тусламж үйлчилгээнд нь дэмжлэг үзүүлж чадвал нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний 90 хувийг бие даан гүйцэтгэх боломжтой ба эх, нярайн эндэгдлээс 60 хувь сэргийлэх боломжтой гэдгийг гаргасан. Эх, нярайн эндэгдлээс сэргийлж чадсанаар тусалж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, тэгш хүргэх, жендэрийн мэдрэмжтэй тусламж үйлчилгээг зохион байгуулахад маш том хувь нэмэр оруулна гэлээ. Мөн эх баригч бол эх хүүхдийн тусламжийн гол мэргэжилтэн. Энэ тусламжийг сайн хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн юм

ЭМЯ-ны Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг: “Эх баригчийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2025-2028”-ыг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2025 оны A/264 дугаар тушаал нь 2025 оны долдугаар сарын 9-ний өдөр батлагдсан.

Уг төлөвлөгөөг боловсруулахад эх барихын салбарын бүх мэргэжилтэн, амаржих газруудын төлөөлөл оролцсон гэдгийг тодотгоод уг төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаас танилцуулав. Үүнд: ЭМЯ-ны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн 30 хүртэл хувьд эх баригч мэргэжилтний төлөөллийг оруулна.

Эх баригч бэлтгэх сургалтын чанарын үнэлгээ, Эх баригчийн бие даан гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг боловсруулна. Эх баригч төвтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар кабинетуудыг шинээр байгуулна Эх баригч бэлтгэх сургалтын чанарын шалгуур, үнэлэх аргачлалыг боловсруулж, батлуулан хэрэгжүүлнэ.

Эх баригч төвтэй хэвийн төрөлтийн төрөх өрөөний үлгэрчилсэн загварыг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.Гадаад солилцооны хөтөлбөрт эх баригчдыг хамруулна гэх мэт олон ажлуудыг төлөвлөөд байна. Ажлын ачаалал, нийгмийн баталгааг сайжруулж, залуу эх баригчдыг дэмжихэд анхаарч ажиллана.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улсын хэмжээнд 1169 эх баригч ажиллаж байна  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй