Шууд Chart

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2025-11-05 14:53:04

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 7-ны өдөр Төв аймаг, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Баянхонгорын зүүн, 6-7-нд шилжих шөнө Дундговийн хойд, 7-ны өдөр Сэлэнгийн нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 7-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, 7-8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.


2025 оны 11-р сарын 05-ны 20 цагаас 2025 оны 11-р сарын 06-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 5-7 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2025 оны 11-р сарын 07-ноос 11-р сарын 11-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. 9, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Салхи 07-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.


Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй