Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын 475.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэртэй “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.
Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, гамшгаас сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлж, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох зорилтуудын хүрээнд дараах 4 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
• Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл
• Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл - 2 дахь үе нэмэлт санхүүжилт
• Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх
• Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл.
Эдгээр төслийг хэрэгжүүлснээр боловсролын салбарт тулгамдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж, хүүхэд, багачуудын суралцах орчныг сайжруулах зорилгоор шинээр 31 сургууль, 9 цэцэрлэг барих бөгөөд техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа салбаруудад чиглэсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлнэ.
Улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэн шинэчлэх, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, түргэн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 17 аймгийн нэгдсэн эмнэлэг, 6 сумын эмнэлэг болон осол их гардаг төв зам дагуух болон хилийн боомт орчмын сумдын эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, шинэчлэх ажил хийгдэнэ.
Гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ тоног төхөөрөмж худалдан авна гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 

| “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа | ||
| Үзсэн: 343 | Mongolian National Broadcaster | 
                
					Үндэсний телевиз
					
					
					 
					
        
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.