Шууд Chart

С. Ариунболд: Ноолуур үнэд хүрэхгүй байгаа учраас малчид өрнөөсөө гарч чадахгүй байна

2025-04-21 09:49:04

“Малчид дуулж байна” улсын II уралдааны гранпри шагналт,  Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин С.Ариунболд "Монгол малчин" уран бүтээлийн тоглолтоо дөрөвдүгээр сарын 23-нд Монгол Бөхийн өргөөнд болно. Малчин С.Ариунболдыг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу. Малчин хүн анх удаа  уран бүтээлийн тоглолт хийх гэж байгаа. Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

“Монгол малчин” нэртэй анхны уран бүтээлийн тоглолтоо дөрөвдүгээр сарын 23-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орчихсон байна. Ийм том ажлыг эхлүүлчхээд явж байна. Дуу гэдэг зүйлийг зөвхөн мэргэжлийн дуучин дуулна өөр хүн дуулахгүй гэдэг зүйл байхгүй. Дууг хэн ч дуулж болно гэж боддог. Мэргэжлийн дуучин биш гэсэн хонины бэлчээртээ дуулж өөрийгөө хөгжүүлж яваа хүний хувьд зориг гаргаж, тоглолт хийхээр болсон. Энэ тоглолтод малчид дуулж байна уралдаанд оролцож байсан шилдэг оролцогч болон дуучин Б.Батцэцэглэн, Б.Баяндалай, Н.Мөнгөншагай, Л.Нарантуяа, Э.Дашням нар оролцоно. Мөн Дорноговь аймгийн Саран хөхөө театрын бүжигчид, Тэр аялгуу ардын бүжгийн хамтлаг оролцоно. Дорноговь аймгийн Үлэмжийн чанар уран бүтээлийн нэгдэл уран бүтээлчид оролцож байгаагаар онцлогтой.

 

 

-Хаврын их ажлын хажуугаар тоглолтын бэлтгэлээ хэр хангаж чадаж байна.Хэчнээн уран бүтээл дуулагдах бэ?

-Бэлтгэлээ ардын хөгжмийн хамтлагтай СУИС дээр бэлтгэл хийж байгаа. Дууны бэлтгэлээ түр нэг газар түрээслээд бэлтгэлээ хангаж  байна. Бэлтгэл гайгүй хангагдаж байгаа. Тоглолтод дээрээ нэлээд олон уран бүтээл дуулагдана. Зочин дуучид оролцож байгаа учраас бас сонирхолтой тоглолт болно.

Зорьсон ажил болохоор зүтгэж байна. Энэ жил Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ой тохиож байгаа. Нутгийн иргэн бүр 100 жилийнхээ ойд зориулж тодорхой хэмжээний оролцоотой байгаа. Миний хувьд гэсэн хичээж байна. Миний хувьд дуулах сонирхолтой учраас монголын 330 гаруй сумын 200 мянга гаруй малчдыг төлөөлж уран бүтээл хийж байгаа. Хаврын их ажил эхэлчихсэн. Мал төллөж, малчид ноос ноолуур самнаад дуусах талдаа орсон. Энэ их ажлын хажуугаар зохицуулаад явж байна. Манай мал төллөж дууссан. Одоо ноос ноолуурын ажил арай дуусаагүй байгаа. Энэ жил цаг сайхан байгаа учраас хаврын ажил хөнгөн байна.

-Таны хувьд хэдэн жил мал маллаж байна. Малчид хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Миний хувьд 25 жил мал маллаж байна. Малаа таван төрлөөр өсгөж үржүүлж байгаа. Тэмээнээс бусдыг нь өсгөж, үржүүлдэг. Одоо хаврын их ажлын үе. Миний хувьд тоглолтоо өнөөдөр шийдээд хийж байгаа зүйл биш. Өнгөрсөн намраас тоглолтоо төлөвлөж, цаг агаар нөхцөл байдлаа тооцож байгаад хийж байгаа. Энэ хавар цаг сайхан байна. Манай нутагт мал ногоо идээд эхэлчихсэн. Нялах ногоо идэж байгаа мал хурдан сэргэнэ дээ. Малчид хавар ямаагаа  самнаж, ноос ноолуураа өгч өр ширнээс гардаг. Гэтэл энэ хавар ноолуур үнэд хүрэхгүй байгаа учраас малчид өр ширнээсээ гарч чадахгүй  байна. Малчид ноолуураа борлуулж чадахгүй байна. Хямдхан байгаа учраас өгч болохгүй байна.

Засгийн газар нь түүхий ноолуур гадагшаа гарахгүй, боловсруулж гаргана гэдгээс л болсон байх

 

-Энэ жил ноолуурын ханш өндөр гарна гэж тооцоолж байсан уу?

 -Өнгөрсөн намар цаг сайхан байсан. Сайхан өвөлжиж хавартаа золгосон учраас ноолуурын гарц сайн байгаа. Ноолуур ханшийг өнгөрсөн жилүүдээс өндөр гарах байх гэж бодож байлаа. Дорноговь аймгийн 4-5 сум өнгөрсөн жил зудад малаа нэлээд явуулсан. Мөн өнгөрсөн намар Хатанбулаг суманд Ямааны годрон гэдэг өвчин гарч, 10 гаруй мянган ямааг устгалд оруулсан. Иймээс энэ жил ноолуурын эрэлт хэрэгцээ их байх болов уу гэж бодож байлаа. Харамсалтай бодол маань талаар өнгөрч байх шиг байна. Засгийн газар нь түүхий ноолуур гадагшаа гарахгүй, боловсруулж гаргана гэдгээс л болсон байх. Ноолуур авдаг ченж байхгүй байна. Ноолуур ханш ёстой навс унасан.

-Зүүн аймгуудын ноолуур эрт гардаг учраас өндөр ханшаар өгөх боломжтой байдаг?

-Зүүн аймгуудаас эхэлж ноолуур гардаг учраас өндөр ханшаар өгдөг. Энэ жил өгч чадахгүй байна.  Ерөнхийдөө өдийд ноолуур ажил дуусаад төл малаа аваад хаврын ажил бараг л цэгцэрсэн байдаг. Гэтэл энэ жил ноолуурын ажил дуусаагүй байж л  байна. Хямд байгаа болохоор малчид ямаагаа самнахгүй байна. Ганц мөнгөтэй золгодог үе байхгүй болсон. Одоо малчид өр ширнээсээ гарах хэцүү болчихлоо.

-Намар, өвөл нэлээд тарган гарсан гэж байна. Төл хэр авав?

-Манай говийн аймагт гурван жил цаг муудсан. Гурван жил бараг төл аваагүй. Харин өнгөрсөн намар цаг сайхан байсан учраас хуц, ухнаа бүрэн тавьсан.  Энэ жил айл бүр төл сайн авч байгаа. Өнгөрсөн зун, намар бороо сайн орсон.  Энэ жил цаг сайхан болох гэж бодож байна.

-Сүүлийн жилүүдэд малчид тулгамдаж байгаа нэг асуудал бол бэлчээр. Говийн аймагт бэлчээрийн асуудал ямар байгаа вэ?

-Манай говьд ус бага, бэлчээрийн даац их хомс учраас малыг ихээр өсгөж маллахад хэцүү.  Малаа их өсгөвөл өөрийнхөө биеийг зовооно. Иймээс тодорхой хэмжээний тоонд барьж явдаг. Миний хувьд бусдаас их тасарчихсан туршлагатай гээд байх зүйл байхгүй. Бусад малчид адилхан өвөө, эмээ, аав, ээжийнхээ туршлагаар малаа маллаж байна. Малыг мянга хүртэл өсгөж үзсэн. Нүүдэлчин өв соёлтой,  байгалийн цаг уурын нөхцөл байдлаас бүх зүйл хамаардаг учраас  мал өсөх, хорогдох тохиолдол их байдаг. Бэлчээрийн хувьд говьд чийг их дутагдаг. Говийн аймгууд гурван жил гантай, шороон дунд үзэж дарсан даа. Үндэс байдаг газарт үндэсгүй болтолоо шуурсан. Бидний хувьд өвс ногоо ургаж, газар сэргэхгүй л гэж бодож байсан. Харин өнгөрсөн жил бороо сайн орж, газарт чийг сайн өгсөн учраас  өнгөрсөн намар өвс ургамал сайн гарсан. Өнгөрсөн намар говийн бүх өвсний үндэс сэргэсэн шүү. Говийн бүсэд мал маллах хэцүү. Ёстой тэсвэр тэвчээрийг шалгадаг шүү.

Монгол мал монголоор байвал зүгээр гэж боддог

Малчин малын чанарт их анхаардаг болсон. Та чанарын асуудал дээр ямар байр суурьтай байна?

 -Хүмүүс ашиг шимтэй мал, эрлийзжүүлэх тал дээр нэлээд анхаардаг болсон. Ерөнхийдөө тэмээнээс бусдыг эрлийзжүүлж байна. Миний хувьд чанар хөөж эрчимжүүлэх бодолгүй байдаггүй. Эрчимжүүлсэн мал аж ахуйн бий болгохоор малаа байнга тэжээнэ. Бэлчээрт явах тэсвэр тэвчээр нь муу байдаг. Эрлийз үхрийг тэжээхгүй бол байхгүй болдог. Монголын цаг уурт таарсан малаа маллана гэж боддог. Би малаа эрлийз болно гэж боддоггүй. Монгол мал монголоор байвал зүгээр гэж боддог.

Монголчуудын хувьд махны үнэ, ханш нэлээд асуудал дагуулдаг. Малчид махаа үнэтэй худалдаалдаг болохоор мах үнэтэй байгаад байна уу. Эсвэл ченж нар хэт үнийн хөөргөдөл бий болгож байна уу?

-Малчид малаа үнэтэй худалдаалдаггүй. Малчид өвөл ямаа махыг нэг кг 6000 төгрөгөөр худалдаалдаг. Хотод ирээд хэдэн төгрөгөөр болдгийг бид мэдэхгүй. Хонин махыг нэг кг 7000, үхрийн махыг нэг кг 9000 авдаг. Хотод ирэхээр үнэ огцом нэмэгдээд малчид махаа үнэтэй зарлаа гэдэг асуудал яригдаг. Үнэндээ хэн үнэд хүргэж байгаа иргэд мэддэг байлгүй дээ.

-Малын арьс шир бас үнэд хүрэхгүй байсан?

-Ер нь малын арьс шир үнэд хүрэхээ байсан шүү дээ. Намрын цагт хонины арьсыг малчид өөрсдөө элдэж дээл хийж өмсөж байна. Харин өвлийн арьсыг хаядаг. Үхрийн ширээр сур хазаар чөдөр  хийж хэрэглэдэг. Малчид нэг  хэсэг мяндсаар хазаар чөдөр хийдэг болсон бол одоо үхрийн ширээ боловсруулж сур нь эдлэл хийдэг болсон. Ер нь одоо монгол ахуйн буцаад сэргэж байгаа шүү. Одоо малын гаралтай түүхий эдийг л үнэ хүргэх хэрэгтэй байна. Тэгвэл малчдын маань амьдрал их нэмэр болно доо.

Хоёр талаас урлагийн авьяастай гэж ойлгож болно

 

 

-Та дууны урлагт хэзээ орсон бэ?

-Манай ээж сайхан дуулдаг. Дуулдаггүй хүн гэж ховор доо. Сум орон нутагтаа байнга дуулдаг байсан. Сумынхаа од нь шүү дээ. /Инээв/ Аймаг орон нутгийнхаа тэмцээн уралдаанд их ордог байсан. 2019 онд Малчин дуулж байна уралдаан оролцож, 21 аймгийн 330 сумын бүх малчид сайхан өрсөлдсөн. Малчид дуулж байна тэмцээн таван үе шаттай явагдсан. Шалгаруулалт нь аймагт хийгдсэн. Энэ тэмцээнд орж түрүүлээд дуулах сонирхол маань улам нэмэгдсэн. Өөрийн гэсэн уран бүтээлтэй болсон. Миний анхны уран бүтээл “ Миний хань говийн бүсгүй” гэдэг дууг ханьдаа зориулж хийсэн. Энэ дууны клипээр малчдын амьдралын таван минутад багтааж харуулахыг зорьсон.

Монголын нэрт яруу найрагч  Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А. Эрдэнэ-Очир ахын аав нь манай аавын нагац ах юм. А.Эрдэнэ-Очир ахын аав нь сайхан дуулдаг хүн байсан. Сум орон нутагтаа найр наадмын дууг дуулж, гэрийн ерөөл, морины цол дуудаг биет бус өв тээгч байсан. Ээжийн талд дуурийн нэрт дуучин Д. Банди гэдэг хүн байсан. Хоёр талаас урлагийн авьяастай гэж ойлгож болно.

-Тоглолтын бэлтгэл гээд завгүй байгаа үед ар гэрийн ажлыг гэр бүлийн авч явж байгаа байх. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Минийх ханийг Р. Отгонбаяр гэдэг. Бид хоёр нэг суманд төрж өссөн. Бид хоёр 19 настайдаа гэр бүл болж байсан.  Гэр бүл болоод 20 гаруй жил болж байна.  Дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага хүүхэд маань зургаан настай. Би өнөр өтгөн гэр бүлд өссөн. Эхээсээ 10-лаа бүгд эрэгтэй. Манай аав ээж хоёр малчин.  Манай хамгийн том ах цэргийн хурандаа хүн байдаг. Бусад бүгд малчин.

 

 

-Тоглолтын хувцаслалт дээр хэрхэн анхаарч байна. Үндэсний хувцсаа өмсөх үү?

-Би үндэсний хувцсаар гоёх дуртай. Тоглолтод дээр дандаа үндэсний хувцас өмсөнө. Миний тоглолтод үзэхээр ирж байгаа үзэгчид гэсэн үндэсний хувцсаар гоё ирээрэй гэдгийг хэлмээр байна. Би 2023 онд “Одонгоо зүү Ээжээ “ гэдэг тоглолтод оролцож байсан. Ардын жүжигчин С.Ганзориг дуучинтай хамтарч дуулсан. Энэ үед үнэхээр гоё дурсамжтай байдаг. Иймээс малчдыгаа тэмдгээ зүүгээд ирэхийг урьж байна. Одоо бүх малчид “Малчин” гэдэг тэмдэгтэй болсон.

-Малчид дуулж байна тэмцээнд оролцож байсан үеэ дурсахгүй юу. Тухайн хэцүү зүйл  байсан бэ?

-Монгол Улсын 21 аймгийн 330 гаруй сумаас ирсэн шилдэг дуучин малчидтай өрсөлдсөн. Улаанбаатар хотод сүүлийн шалгаруулалтад 400 гаруй малчид оролцсон. Шалгаруулалт хоёр өдөр явагдсан. Тухайн үед маш их сандарч байсан. Энэ тэмцээнд оролцож өөрийгөө сорьж түрүүлсэндээ маш их баяртай байдаг. Малчид дуулж байна тэмцээний бүх шатанд Ардын жүжигчин С. Ганзоригийн дуунууд дуулж оролцсон. Нэг дуучныг дууг даганаж дуулсан учраас  их амар байсан.

-Таны тоглолтод Ардын жүжигчин С.Ганзориг оролцох уу?

-Ардын жүжигчин С.Ганзоригийг урьсан. Амжихгүй байж магадгүй гэсэн.

 -Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

-Намайг хүндэтгэж ярилцлага явсан MNB.mn сайтын хамт олонд баярлалаа. “Монгол Малчин” тоглолтод дээр бүгдээрээ уулзацгаая.

 

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

С. Ариунболд: Ноолуур үнэд хүрэхгүй байгаа учраас малчид өрнөөсөө гарч чадахгүй байна  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй