Шууд Chart

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 487 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

2025-12-01 16:19:59

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2025 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар судалжээ.

Дээрх хугацаанд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 487 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 243 хэргээр буюу 49.8 хувиар өссөн байна.

Гэмт хэрэг үйлдсэн нийт 487 хүнийг нас, хүйсийн байдлаар нь авч үзвэл 17 насны 3 буюу 0.6 хувь,18-30 насны 161 буюу 33 хувь, 31-44 насны 243 буюу 49.9 хувь, 45-аас дээш настай хүн 80 буюу 16.5 хувийг эзэлж байх бөгөөд 88 хувь нь эрэгтэй байна.

Судалгааны дүнгээс үзэхэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэрэгт бүрэн дунд болон дээд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зонхилон холбогджээ.  Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 69.6 хувь нь өдрийн цагаар, 30.4 хувь нь шөнийн цагаар буюу 22-06 цагийн хооронд үйлдэгдсэн бөгөөд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.

Анхан шатны шүүхээс 298 хүнд торгох, 45 хүнд хорих, 58 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 86 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ. Дээрх 487 хүнд оногдуулсан нэмэгдэл ялын хувьд 304 хүнд буюу 62.4 хувьд нь 1-2 жил, 183 хүнд буюу 37.6 хувьд нь 3-4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж шийдвэрлэсэн байна.

Судалгааны дүнгээс харахад дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан, шүүхээр шийтгэгдсэн хүний тоо улам өсөх хандлагатай байна. Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.


Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 487 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ  
Үзсэн: 113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй