
Хязгааргүй уудам огторгуй алс цэнхэртэнэ. Тийш алдлан хэвтээд хараачлан байхуйд бодол санаа цахилан одож, цаг хугацааны аль нэг хэсэг рүү далавчлан одмуй.
Тэнгэрийн гүнээс хаяа руу нь алгуурхан харвал улаан туяа татаад уулсын цаад руу өнгөө уусган туяарна.
Байгаль дэлхий өөрийн өнгөө гайхуулж, олон янзын дүр төрхөө үзүүлнэ. Царамд тавьсан бүргэд тэнгэр түшин алдална. Цавьдар морьтой нэгэн хүмүүн энгэр хөвөлзтөл яг доор нь шогшино.
Уулын сүүдрээс ямар нэгэн зүйл эрин хайх мэт тээр дээр шувуу алгуурхан эргэлдэнэ. Эсвэл сүүдрээрээ газраас уяатай байна уу тэр шувуу. Морьтны бараа ойртох тусам туурайн чимээ газрын чулуу бүрийгээд мэдрэгдэнэ.
Харин би өнөөх тэнгэрийн уудмыг хараачлан чимээгүй дундаас өөр олон чимээ олж сонсохыг хичээн суунам. Ингэж хөдөө хээр ганцаар суух нь сэтгэлийн амгаланг өгдөг юм шиг ээ.
Эхлээд чимээ аниргүй байсан мэт боловч дараа нь хоёр чих дэмий л шуугиж, салхины эрчим урсгалыг чагнана.
Алсаас ирэх морьтон яараагүй бололтой зөөлөн шогшино. Бас дээр эргэх шувууг харж ташуураа үл мэдэг гозолзуулан хөдөлгөхөд өнөөх шувуу урдаас чимээ өгөн хашхична.
Ай шувуу, хүн хоёр ийн холбоотой явна. Баруун Алтайн хойд хэсгийн үргэлжилсэн их уулс Монгол Алтайн нуруу тэнгэр цойлон дүнхийнэ.
Дээр нь аж төрөх хүмүүн тэнгэрт ойрхон явна. Мөнх цасны догшин жавар жилийн дөрвөн улиралдаа хацар часхийлгэнэ. Улаан голдуу хацартай, уяхан, гоёхон аялга яруухан түмэн тэнд сууна.
Алтайн зарим анчин түмэн бүргэдийн цагцгайг үүрнээс нь суйлж гэрийн ойр дасгана. Ингэснээр ан авд сургаж, агсан хөх салхины өөдөөс далавчных нь өд сөдийг бутарган тавина.
Багаасаа хүнд дассан анчин шувуу эзнээ орхино гэж үгүй ээ. Сэтгэл, хайрыг шувуунд өгч шувуу ч бас хайраа эзэндээ өгнө. Олон хоног хөдөө хээр шогшиход нь эзнээ зэрлэг амьтнаас хамгаална. Бас төөрч будилах аюулаас хамгаалж нэгэн төрлийн зүг чиг заах луужин болно.
Энэ морьтны зүгийг дээрх шувуу нь зааж нааш авч ирж байгаа бололтой... Аглаг буйдын хойморт морь тургихаас өөр чимээ анир алга. Уулын суга, сархиаг бүрийг мөнөөх бүргэд шувуу хэрэн нисэж, хурц хараагаараа нэгжинэ. Үнэг, туулай гэх мэт амьтад түүний догшин сүүдрээс эмээж хад асгын хөмхий дор хяран хэвтэж байгаа нь лавтай...
Морьтон дэргэд минь ирэхэд бид хоёр мэндлэн ойр зуурхан хүүрнэлдэнэ. Уулын хүний яриа нь эрс шулуухан бас намайг сонжсон, аргадсан өнгөөр хөвөрнө. Морь нь толгойгоо хаялж, туурайнд нь оч бударсан төмөр тах тачигнана.
Бүргэд шувуу тэнгэрээс алгуурхан бууснаа ойртож ирсэнгүй ээ. Алсхан суугаад эзнээ нүд салгалгүй ажиглана. Эмээлийн ард бүргэдийн суудаг зориулалтын мод сэрийнэ. Аварга, хурц сарвуугаараа түүнд шигтгэдэг бололтой олон сорви, сэлдэс үзэгдэнэ.
Бид салан одоход өнөөх алс суусан бүргэд шувуу ч бас дэвэн одлоо. Тээр дээр алсад шувуу дэвнэ. Тэнгэрийн дор морьтой хүмүүн байгаль дэлхийг чагнанхан цааш одлоо.
Ай огторгуйн жигүүртэн газрын хүмүүнд насан туршдаа дасаж дээ.
Анчин, шувуу хоёр | ||
Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.