Шууд Chart

Э.Мөнхтүвшин: Тэгш, шударга зарчим сэтгүүл зүйд алдагдсан гэж хэлж болно

2025-05-03 10:09:26

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын 3-нд уг өдрийг тэмдэглэхээр НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1993 онд шийдвэрлэсэн. Хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг төр, засагт сануулах, ажил үүргээ гүйцэтгэж байгаа сэтгүүлчдээс Хэвлэлийн эрх чөлөөний талаарх байр суурийг нь хүргэж байна.

Хэвлэлийн эрх чөлөөний талаар хүн бүхэн дуугарч, энэ эрхээ хамгаалах, илүү ил тод нээлттэй болгох ёстой
 

“Өдрийн сонин”-ы Улс төрийн албаны сэтгүүлч Э.Мөнхтүвшин

-Таны бодлоор хэвлэлийн эрх чөлөө гэж юу бэ ?

-Манай улс ардчилсан орон. Энэ утгаараа хэвлэлийн эрх чөлөө болон сэтгүүлч бидний ажил үүргээ гүйцэтгэх боломж, бололцоо хэр зэрэг нээлттэй, ил тод байна түүгээр ардчилал ямар байгааг харж болно гэж ойлгодог. Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчид төр засаг болон аливаа хөндлөнгийн дарамт шахалтгүйгээр үнэнийг мэдээлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэлнэ байх.

Нэг талдаа хэвлэлийн эрх чөлөө гэдэг ойлголтыг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд давуу эрх олгох гэж байна гэж ташаа ойлгодог хүмүүс байдаг. Үнэндээ хэвлэлийн эрх чөлөө бол хүн бүрийн эрх чөлөөтэй шууд утгаараа хамаатай асуудал болов уу. Хэвлэлийн эрх чөлөө нээлттэй, хязгаарлагдмал бус байх тусам Ардчилсан оронд шударга ёс, шударга нийгэм бүрдэнэ гэж итгэдэг. Тиймээс дан ганц хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эрх гэж ойлгох нь дутагдалтай байх. Хэвлэлийн эрх чөлөөний талаар хүн бүхэн дуугарч, энэ эрхээ хамгаалах, илүү ил тод нээлттэй болгох ёстой.

-Монголын сэтгүүлзүйд хэвлэлийн эрх чөлөө байна уу?

-Байхгүй гэж шууд хэлэхэд хэцүү. Байгаа. Гэхдээ ялгавартай байдлаар энэхүү эрх чөлөө оршиж байгаа болов уу гэж боддог. Өөрөөр хэлбэл ямар хэвлэл мэдээллийн байгууллага вэ, хэр зэрэг хандалттай, хэдэн уншигч, үзэгч, сонсогчтой вэ гэдгээр нь ялгаварлан харьцдаг нь эрх чөлөөний ойлголтыг салгаж байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэн нийтлэх мэргэжлийн редакц бүхэн энэхүү эрх чөлөөг эдлэх эрхтэй. Тэгш, шударга зарчим сэтгүүл зүйд алдагдсан гэж хэлж болно. Нөгөө талдаа эх сурвалжууд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ялгаварлан хандаж байгаа нь энэхүү эрхийг зөрчиж байгаа үйлдэл болов уу гэж үздэг. Ардчилсан нийгэмд хэн нэгнийг ялгаварлан гадуурхах нь Үндсэн хуулиараа хориотой. Ингэж байж нийгэмд шударга ёс, тэгш боломж бүрддэг учраас уг асуудлыг Үндсэн хуулиараа хязгаарлаж өгсөн байдаг.

Гэвч бодит амьдрал дээр тийм биш байна. Нөгөөтэйгүүр сэтгүүл зүйн хэвлэлийн эрх чөлөө редакцийн бодлогод чөтөрлөгдөх үү эсвэл хувь сэтгүүлчийн үзэл бодолоор илэрдэг байх уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Монголын сэтгүүл зүй редакцийн бодлогоор явдаг нь үнэн. Нэг талдаа тухайн сэтгүүлч алдаа гаргалаа гэхэд редакц буюу байгууллагаараа хариуцлагаа үүрч явдаг нь сайн. Нөгөө талдаа хувь сэтгүүлчийн үзэл бодол, хэвлэн нийтлэх эрх чөлөөг редакцийн бодлогоор хумиж байдаг нь сөрөг талтай байх. Энэ хоёр асуудлыг уялдаатай ижил түвшинд барьж явбал Монголын сэтгүүл зүйд хэвлэлийн эрх чөлөө улам тод бодитой оршино гэж үзэж байна.

-Мэдээ сурвалжилга бэлтгэж байх хугацаанд дарамт шахалтад хэр өртөж байна бэ ?

-Дарамтад өртдөг сэтгүүлчид бий. Миний хувьд төдийлөн дарамтад орж байгаагүй. Ямар сэтгүүлч энэхүү дарамтад өртдөг вэ гэхээр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хууль зөрчсөн үйлдлийг ил тод болгох баримт, нотолгоо цуглуулчихсан сэтгүүлч энэхүү дарамтад бодитой ордог байх. Өдөр тутмын үйл явдал, мэдээ, сурвалжлага, ярилцлага бэлтгэх тохиолдолд дарамтад өртдөг сэтгүүлчид ховор болов уу. Эх сурвалжууд биднээс илүү мэргэжлийн илүү ур чадвартай байхыг шаарддаг тохиолдол цөөнгүй. Тиймээс дарамтад өртөөд сэтгүүлчийн мэргэжлийн ажлаа хийх боломж, нөхцөл хумигдмал байна гэж шүүмжлэхээс илүү өөрсдийгөө илүү чадавхжуулах шаардлага энэ цаг үед тод харагдах болсон. Тиймээс эхлээд бид мэрэгжлийн хувьд чадавжих хэрэгтэй. Дараа нь эх сурвалжуудаа хүндэтгэх, мэдээ, сурвалжлага, нийтлэл, ярилцлага бэлтгэхдээ хэн нэгний захиалга, санал, дүгнэлтээр бус мэргэжлийнхээ чиг баримжаа, ёс зүйн зарчимд тулгуурлан ажлаа хийдэг болчихвол дарамт, шахалтад өртөх нь эрс багасах болов уу гэж бодож байна.


Хэвлэн нийтлэх эрх чөлөө ардчилсан улсын гол үзүүлэлт байх ёстой

“Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, нийгэм соёлын албаны сэтгүүлч Г.Балгармаа

-Таны бодлоор хэвлэлийн эрх чөлөө гэж юу бэ?

-Ардчилсан улсад хүн бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чухал. Мөн хэвлэн нийтлэх эрх чөлөө ардчилсан улсын гол үзүүлэлт байх ёстой. Эрх чөлөө төр засгаас ангид хараат бус, чөлөөт хэвлэл нь өөрийн гэсэн редакцийн бодлоготой байх ёстой. Мөн ямар нэгэн мэдээллийг иргэдэд нээлттэй мэдээлэх, хаалттай биш байхыг хэвлэлийн эрх чөлөө гэж хэлнэ.

-Монголын сэтгүүлзүйд хэвлэлийн эрх чөлөө байна уу?

-Салбарын хүмүүс сүүлийн жилүүдэд Хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарч байгаа гэж шүүмжлэлтэй хандаж байгаа. Залуу сэтгүүлчийн хувьд анзаарч байгаа. Хэвлэлийн эрх чөлөөгөөр тэргүүлдэг улс орнуудын хувьд хэвлэлийн эрх чөлөө нь улс төрөөс ангид, бодлого нь тодорхой байдаг. Манай улсын хувьд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалсан хууль эрх зүйн орчин тодорхой бус байгаа учраас хэвлэлийн эрх чөлөөгөөр төдийлөн дээгүүр үзүүлэлт гарахгүй байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл байна.

-Мэдээ сурвалжилга бэлтгэж байх хугацаандаа дарамт шахалтад хэр өртөж байна. Үүнийгээ хэрхэн шийдвэрлэдэг бэ?

-Миний хувьд сэтгүүлзүйн салбарт удаан ажиллаагүй. Одоогоор ямар нэгэн дарамт шахалт ирээгүй байна. Гэхдээ хууль цагдаагийн байгууллагаас мэдээлэл авахад хүнд суртал гаргах тохиолдол байдаг. Түүнийгээ өөрөө зохицуулаад явдаг. Цахим орчин сэтгүүлчид дарамт шахалт ирж байгаа талаар нэлээд бичдэг. Үүнийг хараад дарамт шахалт байдаг юм байна даа гэж боддог.


Мэдээлэл олж авах, мэдээлэх эрх дээр улам хумигдмал, цензурдсан байдал нэмэгдэж байна


NTV телевизийн мэдээний албаны продюсероор Б.Түвшинтулга

-Таны бодлоор хэвлэлийн эрх чөлөө гэж юу бэ?

-Бидний хувьд ажил мэргэжлийн хүрээнд ажлаа чөлөөтэй хийх, ямар нэгэн саад, тээг болсон эрх зүйн орчин байх ёсгүй. Ажлаа чөлөөтэй хийх орчин нөхцөл боломжоор хангах хэрэгтэй. Ямар нэгэн хязгаарласан хүнд суртал гаргаж, цензурдсан хууль журам байх ёсгүй. Үүнийг л хэвлэлийн эрх чөлөө гэж хэлнэ.

- Монголын сэтгүүлзүйд хэвлэлийн эрх чөлөө байна уу?

-Олон улс нь хумигдаж байна. Хагас эрх чөлөөтэй гэдэг дүгнэлтэд хүрч байгаа. Олон улсын судалгааны байгууллагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж бодож байна. Мэдээлэл олж авах эрх, эх сурвалжаа нууцлах зэрэг зүйл хумигдаж байгаа. Одоо бид эрх чөлөөний асуудалдаа анхаарал хандуулж, нугацтай авч үзэх хэрэгтэй. Болж байна гэдэг байдлаас хандаад байх юм бол эрх чөлөөгүй болно.

-Мэдээ сурвалжилга бэлтгэж байх хугацаандаа дарамт шахалтад хэр өртөж байна. Үүнийгээ хэрхэн шийдвэрлэдэг бэ?

-Ёсгүйгээ баримтлаад мэдээллээ тэнцвэртэй хүргэж байгаа сэтгүүлчид дарамт ирээд байхгүй гэж хардаг. Миний хувьд гэсэн ямар нэгэн дарамт шахалт орж байсан зүйл байхгүй байна. Олон нийтэд мэдээлэхийг хүсэхгүй байгаа мэдээллийг битгий гаргаач гээд хэн нэгээр яриулах асуудал байдаг. Үүнийг би дарамт гэж хардаггүй. Дарамт шахалт гэхээр тухайн хүнийг заналхийлэх, ажлын бусаар ар гэрт дарамт үзүүлэх байдлыг хэлэх байх. Миний хувьд дарамт шахалт гэдгийг арай хүнд утгаар ойлгож байж магадгүй. Надад тохиолдож байсан асуудлыг тухайн сэтгүүлчийн аваад гарах асуудал гэж хардаг учраас дарамт гэж ойлгохгүй байна. Мэдээлэл олж авах, мэдээлэх эрх дээр улам хумигдмал, цензурдсан байдал нэмэгдэж байна.


Тодорхой хэмжээгээр хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байна уу гэж хардаг
 


NTV телевизийн мэдээний сэтгүүлч Б.Баярцэцэг

-Таны бодлоор хэвлэлийн эрх чөлөө гэж юу бэ?

-Сэтгүүлч нийтэлж байгаа мэдээ сурвалжилгаа ямар нэгэн дарамт шахалтад баригдахгүйгээр нийтлэх хэрэгтэй. Гэхдээ мэдээ сурвалжилгаа нийтлэхдээ бусдын эрхэнд халдахгүй байх ёстой.

- Монголын сэтгүүлзүйд хэвлэлийн эрх чөлөө байна уу?

-Хэвлэлийн эрх чөлөө байгаа. Гэхдээ сэтгүүлчид мэдээ сурвалжилга нийтэлснийхээ төлөө шалгаж байна гэдэг асуудал бидний дунд цөөнгүй байдаг. Энэ нөхцөл байдлаас харахаар тодорхой хэмжээгээр хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байна уу гэж хардаг.

- Мэдээ сурвалжилга бэлтгэж байх хугацаандаа дарамт шахалтад хэр өртөж байна. Үүнийгээ хэрхэн шийдвэрлэдэг бэ?

-Миний хувьд нийгэм талын мэдээ сурвалжилга бэлтгэдэг учраас улс төр мэдээ мэдээлэлтэй харьцуулахад гайгүй байдаг. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хөндөөд явахад эсрэг талын хүний яриа аваад оруулах гэхээр “Наад яриагаа оруулахгүй шүү” гэдэг асуудал нэлээд ирдэг. Тухайн үед аль болох ойлголцоод явахыг хичээдэг дээ.


Олон улсын судалгаагаар Монгол сэтгүүл зүйн салбарын хэвлэлийн эрх чөлөө нэлээд хойгуур жагсдаг
 


NTV телевизийн ахлах редактор Б. Уянга

-Таны бодлоор хэвлэлийн эрх чөлөө гэж юу бэ?

-Ямар нэгэн байдлаар удирдлагуудын шийдвэрээр сэдвээ сонгох, эсвэл авсан сэдвээ унагах, гарахгүй байх, нийтлэхгүй байх биш. Ийм үйлдлийг гаргахгүй байх боломжийг олгодог редакц байх нь хэвлэлийн эрх чөлөөний хамгийн эхний суурь байх болов уу гэж харж байна.

-Монголын сэтгүүлзүйд хэвлэлийн эрх чөлөө байна уу?

-Олон улсын судалгаагаар Монгол сэтгүүл зүйн салбарын хэвлэлийн эрх чөлөө нэлээд хойгуур жагсдаг. Энэ амьдрал нэлээд ойр судалгаа болов уу гэж үздэг.

-Мэдээ сурвалжилга бэлтгэж байх хугацаандаа дарамт шахалтад хэр өртөж байна. Үүнийгээ хэрхэн шийдвэрлэдэг бэ?

-Сэтгүүлчид мэдээ мэдээллээ бэлтгэхдээ олон талын эх сурвалжаас мэдээ сурвалжилгаа бэлтгэхийг хичээдэг. Олон байр суурийг бүрэн хангаж байж, үзэгчид өөрсдөө дүгнэх боломжийг олгох үүднээс олон эх сурвалжаас мэдээллээ авдаг. Хэрэв буруутгаж байгаа тал утсаа авахгүй, яриа авч чадаагүй, мэдээлэл өгөхөөс татгалзсан тохиолдол “ Бид мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгсөнгүй” гэдгийг заавал дурдаж явдаг.

Монголын сэтгүүлзүйд улс төрийн нөлөө их учраас эрх чөлөөтэй гэж хэлэх боломжгүй
 

iKon.mn сайтын ерөнхий редактор А.Ням-Өлзий

-Таны бодлоор хэвлэлийн эрх чөлөө гэж юу вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллага хэн нэгнийг гүтгэж, доромжлохгүйгээр мөн ямар нэгэн дарамт шахалтад өртөхгүйгээр олон нийтийн мэдэх эрхийг хангаж, мэдээ мэдээллийг түгээн, дамжуулах үйл явцыг хэвлэлийн эрх чөлөө гэж ойлгодог.

-Монголын сэтгүүлзүйд хэвлэлийн эрх чөлөө байна уу?

-Зарим редакцийн сэтгүүлч улс төрийн болоод улс төрчийн нөлөөнөөс болж бэлтгэсэн мэдээ, сурвалжилгаа олон нийтэд хүргэж чадаагүй тохиолдол олон бий. Монголын сэтгүүлзүйд улс төрийн нөлөө их учраас эрх чөлөөтэй гэж хэлэх боломжгүй.

-Мэдээ сурвалжилга бэлтгэж байх хугацаандаа дарамт шахалтад хэр өртөж байна вэ. Үүнийгээ хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Дарамт шахалт гэхээс илүүтэй мэдээллийн ил тод бус байдал сэтгүүлчийн ажилд саад учруулдаг. Төрийн байгууллагаас мэдээлэл олж авахын тулд шат шатны албан тушаалтантай харилцах, хүсэлт тавих шаардлага үүсдэг. Үүнийг шийдэхийн тулд Нийтийн мэдээллийн тухай зэрэг холбогдох хуулиудыг боловсронгуй болгож, төрийн албан хаагчдыг хуулиа биелүүлдэг болгоход анхаарах ёстой санагддаг.

Сэтгүүлч баримтад үндэслэсэн шүүмжлэл гаргаж чаддаг, хараат бус мэдээлэл нийтэлдэг бол тэнд хэвлэлийн эрх чөлөө хангагдана
 
 

 IKon.mn сайтын сэтгүүлч М.Батчимэг

-Таны бодлоор хэвлэлийн эрх чөлөө гэж юу вэ?

-Хэвлэлийн эрх чөлөө бол ганц хэвлэл мэдээллийн бус хүн бүрийн эрх билээ. Энэ эрх зөрчигдвөл хүн бүрийн үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл хүлээн авах эрх нь зөрчигдөж эхэлнэ. Сэтгүүлч баримтад үндэслэсэн шүүмжлэл гаргаж чаддаг, хараат бус мэдээлэл нийтэлдэг бол тэнд хэвлэлийн эрх чөлөө хангагдана. Харин сэтгүүлчийн хэвлэн нийтэлсэн бүхнийг нь хянаж, шүүмжлэгчдийг хавчиж, цензур тавьдаг бол хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байна гэсэн үг.

-Монголын сэтгүүлзүйд хэвлэлийн эрх чөлөө байна уу?

Монголын сэтгүүлзүйд хэвлэлийн эрх чөлөө бий ч төгс биш байгааг энэ салбарт ажилладаггүй хүн ч анзаарч харж чадахаар байна. Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө хууль зүйн хувьд оршин тогтнож байгаа ч бодит амьдрал дээр зарим саад, хязгаарлалт, дарамт, улс төрийн нөлөөллөөс болж бүрэн утгаараа хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.

-Мэдээ сурвалжилга бэлтгэж байх хугацаандаа дарамт шахалтад хэр өртөж байна вэ. Үүнийгээ хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Анх ажилд ороод л ганц үг, цэг, таслал алдах төдийд л утга учиргүй буруутгалаар том асуудалд орж болдгийг ойлгосон. Тухайн үед туршлагатай редактор маань хажууд байгаагүй бол буруутан болоод дуусах байв. Тиймдээ ч залуу сэтгүүлч бидэнд өмнөх үеийнхний дэмжлэг, туслалцаа үргэлж хэрэг болдог. Дөнгөж л энэ тогоо руу шагайж үзэж байгаа хүний хувьд дарамт шахалтад өртөхөөс айх айдас үргэлж байдаг. Эргэн тойрны мэргэжил нэгтнүүдийнхээ дарамт, шахалтад өртсөн тухай жишээнүүдийг сонсоод хаширлаж, халгадаг ч тууштай бичиж, шүүмжлэн гярхай байх ёстойгоо хэзээ ч умартаж болохгүйгээ үргэлж санаж явах ёстой болдог. Бичиж буй зүйлээ цээжилж, залхтлаа нягталж шалгах нь ч бий… Энэ зуршил нь дарамт шахалтад өртөхөөс сэргийлэх хамгийн чухал алхам болдог болов уу гэж боддог.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Э.Мөнхтүвшин: Тэгш, шударга зарчим сэтгүүл зүйд алдагдсан гэж хэлж болно  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй