Шууд Chart

Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ

2025-10-30 14:20:16

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-т нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзварыг байгуулахаар төлөвлөсөн.

Тус төслийг Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж буй. Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах хүрээнд тус газраас Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, ХУД-ын 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, БЗД 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.

Үүнээс Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагдсан бол өөрчлөгдсөн байршил болох Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламжийн загвар зургийг боловсруулан дуусч зөвшилцөх шатандаа явж байна. Наадамчдын замд явган хүний гүүрэн гарцын загвар зураг боловсруулах ажил үргэлжилж байгаа юм. Мөн инженерийн шугам сүлжээний асуудлыг холбогдох байгууллагууд руу техникийн нөхцөл хүссэн албан бичиг болон холбогдох материалуудыг хүргүүлэн хүлээгдэж байна. Нарийвчилсан зураг төслийн ажил 35%-тай үргэлжилж байгаа аж.

Төсөл хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 18.3 хувиар нэмэгдэх судалгаа гарсан. Түүнчлэн автомашины урсгалыг хөнгөвчлөх, нийслэлчүүдийн цагийн хэмнэлт, ажлын бүтээмжид эерэг нөлөө үзүүлж, хотын эдийн засгийн идэвхжлийг бодитойгоор нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой.


Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ   
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй