Шууд Chart

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум"-нд 200 гаруй хүн оролцож байна

2025-10-30 16:17:36

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр YOUTHinc-Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгтэй хамтран "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум"-ыг өнөөдөр зохион байгуулж байна.

Залуучуудын дуу хоолойг сонсож, ажил хөдөлмөр, ирээдүйн карьер төлөвлөлтийн талаар хамтдаа хэлэлцэж, хүний нөөцийн болон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой тодорхойлох зорилготой тус арга хэмжээ нь олон талын оролцоог хангаж, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, боловсрол сургалтын байгууллага, оюутан, залуучуудын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцож байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нээж хэлсэн үгэндээ “Залуучуудын мэдлэг, авьяас чадварыг бүрэн дүүрэн ашиглах нь эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс учраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон арга хэмжээг яамны зүгээс хэрэгжүүлдэг. Тэдний өөрсдийн дуу хоолой, оролцоо, судалгааны үр дүнд үндэслэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг цаашид улам сайжруулахыг зорьж байна” гэлээ.Манай улсад нийт хүн амын 30 орчим хувь нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд дунд хугацаанд дээрх насны залуучууд ажиллах хүчний дийлэнх хэсгийг эзлэх тооцоолол бий.

Форумын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Монгол залуучуудын боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явц”-г судлах судалгааны ажил болон “Төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд үнэлгээ өгөх” зөвлөх үйлчилгээний ажлуудын урьдчилсан үр дүнг танилцуулсан.

Хэдийгээр залуучуудын хөдөлмөрийн зах зээл дээрх оролцоо сүүлийн жилүүдэд сайжирч байгаа ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах, ажлын байранд тавигдах шаардлагыг хангах байдал, тэдний ажил хөдөлмөрт хандах хандлага анхаарал татаж байна.

Тухайлбал, судалгааны урьдчилсан үр дүнгээр залуучууд ажил хайхдаа албан бус сувгуудыг ашиглах, танилын хүрээгээ ашиглан ажилд зуучлуулах нь түгээмэл байгаа нь хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт, хөдөлмөрлөх эрхийг хангуулахад тодорхой хэмжээгээр сөрөг үр дагавар үзүүлдэг аж.

Харин залуучуудын зүгээс цалин хөлснөөс илүүтэй ажиллах орчин нөхцөл, байгууллагын соёл, цагийн уян хатан нөхцөлийг чухалчилж байгаа нь дээрх судалгааны үр дүнгээс харагдаж байна.

 


“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум"-нд 200 гаруй хүн оролцож байна  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй