
Эрчим хүчний сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар нийслэл Улаанбаатар хот орчмын цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг хангах техникийн шийдэл, дэд бүтцийн төслүүдийн байршлыг нарийвчлан тогтоох, ажлын тоо, хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоолох, мэдээлэл харилцан солилцох чиг үүрэг бүхий шуурхай ажлын хэсгийг нэгдүгээр сард байгуулсан.
Ажлын хэсгийн хуралдаан өчигдөр болж, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн Ахлах шинжээч Б.Баттөмөр болон нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар дулааны сүлжээ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр нийслэл хотод нэн тэргүүнд тулгамдаад буй эрчим хүч, дулааны асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.
Мөн гэр хорооллын бүсэд, тэр дундаа СБД-ийн 8 дугаар хороонд хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Эрчим хүчний салбар улс орны хөгжилд хамгийн чухал салбар. Уг салбарын хөгжлийг дэмжих зорилгоор ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барина. Ийнхүү эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна. Өнөөдөр бид нийслэл Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг хангах техникийн шийдэл, инженерийн шугам сүлжээний төлөвлөлтийг боловсруулах, хөрөнгө оруулалтыг тооцоолох, санхүүжилтийг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж шийдэлд хүрэх зорилгоор санал бодлоо солилцлоо" гэв.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэхийн тулд дулааны шугам сүлжээг хамгийн эхэнд сайжруулах шаардлагатай. Ингэснээр бүтээн байгуулалтууд үргэлжлэх таатай нөхцөл бүрдэнэ. Үүнд, мэргэжлийн байгууллагууд, сайн инженерүүд, улс болон нийслэлийн хамтын ажиллагаа ихэд чухал. Хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр ч анхаарч ажиллах нь зүйтэй. Эрчим хүчний бүтээн байгуулалтууд үр өгөөжөө нөхөж өгдөг ашигтай хөрөнгө оруулалт учир томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд цахилгаан, дулааны асуудлаа шийдэх нь чухал юм" гэлээ.
Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн Ахлах шинжээч Б.Баттөмөр "Улаанбаатар хотод 1.7 сая гаруй иргэн, 465 мянга гаруй айл өрх амьдарч байна. Үүний 205 мянга гаруй айл өрх нь гэр хорооллын бүсэд амьдардаг. Эдгээр айл өрхийг инженерийн дэд бүтцээр хангах зорилтууд үе үеийн Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын шийдвэрлэх асуудлуудын нэг байсаар ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл явж ирсэн шийдлээр төвлөрсөн инженерийн дэд бүтцэд холбох гэхээр нэг айл өрхөөс их хэмжээний зардал гарах эрсдэл бий болдог. Иймд, 10 айл нийлж хөршийн холбоо байгуулан, дундаа цахилгаан, дулаан, бохироо бүрэн шийдэх боломжтой инженерийн дэд бүтцийн загварыг бий болгоод байна. Ингэж хамтарснаар нэг айлаас гарах өртөг багасаж, яндангийн тоо эрчимтэй буурна гэж тооцоолж буй" гэсэн юм.
Гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа | ||
Үзсэн: 193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.