
Энэ сард Японд хоёр ч ноцтой зам тээврийн осол гарсантай холбоотойгоор гадаадын харьяат жолооч нарын асуудал анхаарлын төвд ороод байна. Эхний хэрэг нь, Токиогоос холгүй Хятадын харьяат иргэн бага сургуулийн дөрвөн сурагчийг дайрч, хэргийн газраас зугтсан бол, өөр нэг хэрэг нь төв Японы хурдны зам дээр буруу урсгалаар бүтэн 10 км явж, замдаа хэд хэдэн автомашинтай мөргөлдсөн Перу Улсын харьяат иргэн байсан. Энэ хоёр жолооч хоёулаа өөр өөрсдийн улсын жолооны үнэмлэхэд үндэслэж Японд жолоо барих эрх авсан хүмүүс юм байна.
Японыг чиглэсэн аялал жуулчлал бас цагаачлал нэмэгдсэнээр жолооны эрх олгох журмыг хялбаршуулсан нь замын хөдөлгөөний дүрэм журмыг гүйцэд сайн судалж өөрийн болгоогүй гадны харьяат жолооч нар зам дээр олшроход нөлөөлж байна гэж тооцогдож байна. Улмаар гадаад улсад олгогдсон жолооны эрхийг Японы шууд хүлээн зөвшөөрөх хэр зохистой болох, журмаа шинэчлэх шаардлагатай юу гэдэг асуудал хэлэлцэгдэж байна.
1993 оноос эхлэн Японд гадаад улсын хүчинтэй жолооны үнэмлэхтэй хүмүүсийг хэд хэдэн хувилбар хариулттай 10 асуултын 7-д нь зөв хариулах нөхцөлд жолоо барихыг зөвшөөрч, харин жолооны дадлагын шалгалт юм уу заавал хамрагдах сургалтад хамруулалгүй өнөөг хүрчээ. Хэдийгээр Японы авто замууд хамгийн аюулгүй гэдэг ойлголт нийтлэг байдаг боловч шинэ жолооч нарын хувьд хотын шахуу давчуу хөдөлгөөнд оролцохоос авхуулаад зүүн гарын системд дасах, мэдэх мэдэхгүй замын тэмдэг тэмдэглэгээний учрыг олох гээд олон асуудал тулгарч, алдаа гаргавал хүний амьтай дүйцэх нь ч тохиолддогийг мэргэжилтнүүд хэлж байна.
Энэ оны 1-р сард гэхэд Иокохамагийн цагдаа нар өндөр хурдтай явсан турк жолооч ачааны машинтайгаар дугуйтай явсан өндөр настай эмэгтэйг гарцан дээр дайрснаас 73 настай эмэгтэй нас барж, жолооч нь хүн амины хэрэгтэн болжээ. Японд зорчих, оршин суух, түрээсээр автомашин унадаг жуулчдын тоо нэмэгдэж байгаагаас энэ мэт осол хэрэг гарах нь нэмэгдсээр хэдэн жил болж байгаа. Тиймээс Үндэсний Цагдаагийн газраас арга хэмжээ авахаар шийдвэрлэж байна.
Улмаар жолооны эрхийн журмыг энэ онд багтаан шинэчилж, гадаадын жолооны үнэмлэхтэй хүмүүсээс авах шалгалтыг илүү чангатгаж болзошгүй байна. Зам тээврийн ослын судалгааны төвөөс 2014 оноос эхлэн таван жилийн туршид 4520 япон хүн, байнгын оршин суугч 341 гадны иргэд дээр судалгаа хийхэд гадны иргэдийн дундах осол аваарын тоо япон иргэдийнхээс 4 дахин өндөр байжээ. Гадаадын жолооны үнэмлэхийг үндэслэж эрх олгосон тоо 2023 онд гэхэд 60 мянгаас давж, 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 2 дахин нэмэгджээ.
Япон Улс гадны жолооны эрхийг хүлээн зөвшөөрөх тогтолцоогоо эргэж харна | ||
Үзсэн: 139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.