Шууд Chart

Н.Моди Энэтхэгийн хяналт дахь гол мөрнүүдээс Пакистан руу хэрхэвч ус нийлүүлэхгүй гэв

2025-05-23 17:22:31

Өнгөрсөн сард Энэтхэг-Пакистаны хилийн бүс дэх Кашмир мужид гарсан халдлагын улмаас хоёр улсын харилцаа эрс хурцадсан. Улмаар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ хэрэг явдлын улмаас Энэтхэгийн нутгаар урсдаг гол мөрнүүдийн усыг Пакистан руу хэрхэвч гаргахгүй гэдэг байр сууриа давтан илэрхийлсэн байна. Исламабад талаас харин, хөрш улстайгаа усны хуваарилалтын асуудлыг зөвшилцөх хүсэлтэйгээ илэрхийлэхийн зэрэгцээ Энэтхэгийг хэдэн арван жилийн өмнө байгуулагдсан гэрээ хэлцлийг дагаж мөрдөхөд уриалж байна.

Моди өчигдөр Пакистантай хил залгаа Ражастан мужид олон нийтийн арга хэмжээн дээр, Энэтхэгийн нутаг дээр үйлдэгдсэн террорист халдлага бүрийн төлөөсөнд Пакистан улс асар өндөр үнэ төлж, Энэтхэгийн нутгаас эх авдаг гол мөрнүүдээс дусал ч ус авах ёсгүй гэж мэдэгджээ. Энэ тухайд Пакистаны Ерөнхий прокурор Мансур Усман Аман тэгвэл, Энэтхэгийн талтай бүхий л асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлж, шийдвэрлэх хүсэлтэй байгааг Ройтерст өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. Мөн сүүлийн 7 хоногуудад Энэтхэгийн талаас хүн амын тоо нь өсөж, цэвэр эрчим хүчний хэрэгцээ өндөрссөн зэрэг шалтгаанаар хоёр улс хооронд байгуулагдсан Инд мөрний усны тухай 1960 оны гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагыг илэрхийлсэн байна. Гэхдээ ямар ч нөхцөлд тухайн гэрээний хүрээнд яриа хэлэлцээ явагдах учиртай, аль ч тал дангаараа энэ гэрээг зогсоох юм уу түдгэлзүүлэх эрхгүй гэдэг байр суурийг Пакистаны Ерөнхий прокурор илэрхийлжээ.

1960 онд Дэлхийн банкны зуучлалаар байгуулсан Инд мөрний усны тухай гэрээгээр, энэ мөрнөөс усаждаг гурван голын ус Пакистаны нийт хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 80 хувийн ус хангамжийн баталгаа болдог байна. 4сарын 22-нд Кашмирт болж 26 хүний аминд хүрсэн халдлагыг үйлдсэн салан тусгаарлагчдыг Пакистан дэмждэг гэдгээр Энэтхэг буруутгаж, улмаар Инд мөрний усны тухай гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэхээ мэдэгдсэн. Пакистан харин тэрхүү зэвсэгт халдлагад ямарваа оролцоогүй гэдгээр Шинэ Делигийн байр суурийг няцааж, усан хангамжийг нь хаах аливаа алхам үлэмж аюул уршиг тарихыг анхааруулж байгаа юм. Улмаар энэ халдлагын дараа цөмийн зэвсэг бүхий Өмнөд Азийн энэ хоёр улс хооронд 1947 оноос эхтэй хямралт байдал ээлжит удаагаа хурцадсанаар төрөл бүрийн зэвсгээр  харилцан довтолсны эцэст АНУ-ын зуучлалтайгаар гал зогсоох тохиролцоонд хүрээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Н.Моди Энэтхэгийн хяналт дахь гол мөрнүүдээс Пакистан руу хэрхэвч ус нийлүүлэхгүй гэв   
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй