Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2025-11-28 15:43:14

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.28) нэгдсэн хуралдаан гишүүдийн 58.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 34  минутад эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр товлов.

Нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав. Цогтбаатар танилцууллаа.

Улсын Их Хурлын 2023 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын санал болгосны дагуу томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүн Лувсандоржийн Өлзийсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 27-ны өдөр Улсын Их Хурын даргад ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын дарга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх саналын талаар танилцуулахдаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан нь 2019, 2023 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан оролцож, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг тэмдэглэсэн болохыг дурджээ. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын болон холбогдох салбарын эрх зүйн орчны шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монголд парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж ирсэн, парламент судлал, парламентын дэгийн асуудлаар мэргэшсэн байдал зэргийг харгалзан Улсын Их Хуралд дэгийн асуудлаар зөвлөх, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, хуульд заасан бусад ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох санал тавьсныг хүлээн авсан талаар танилцуулсан байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохын Дав.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Ө.Шижир, Ц.Баатархүү, Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Н.Номтойбаяр, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан болон Улсын Их Хурлын дарга Н.Учрал нараас асуулт асууж, хариулт авсан. Н.Учрал дарга “Улсын Их Хурлын даргаас Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаач гэдэг хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ анх санал болгож, томилсон Улсын Их Хуралд илгээсэн. Энэ хүсэлтэд нь үндэслэн Цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна” хэмээн тодотгоод санал хураалт явууллаа.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 81 гишүүний 64.2 хувь нь дэмжив. Иймд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Н.Учрал дарга нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа.

Дараа нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө. Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулах журам Ерөнхий нарийн бичгийн даргыг томилоход хамаарахгүй” гэж заасан байдаг.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө ирүүлсэн тул Н.Учрал дарга тус албан тушаалд Л.Өлзийсайханыг томилуулахаар санал болгож буйгаа нэгдсэн хуралдаанд танилцуулав. Л.Өлзийсайхан нь 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Магистр зэрэгтэй. 2021 онд “Парламентын хуралдааны дэг: Эрх зүйн харьцуулсан шинжилгээ” бүтээлээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2025 онд Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуульд зочин судлаачаар ажилласан. Профессор цолтой. Монгол Улсын гавьяат хуульч.

1998-2002 онд Монгол Улсын Багшийн их сургуульд багш, 2002-2016 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга, 2019 онд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, 2019-2023 онд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2023 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан.

Тэрбээр Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд 17 жил багшилж, эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр 10 гаруй нэг сэдэвт бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, судалгааны ажил бичиж, эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгожээ. Үндсэн хуулийн хяналт, шүүх эрх мэдлийн болон хууль тогтоох үйл ажиллагааны практикийг судлах чиглэлээр АНУ, ОХУ, ХБНГУ, Япон, Франц, БНСУ, Швейцарын Холбооны Улсад тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

Л.Өлзийсайхан нь дэлхий дахины болон Монголын парламентын түүх, сорилт бэрхшээл, парламентат ёсны ирээдүйн хөгжлийн асуудлаар олон тооны судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, үр дүнг нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн төрд бэлтгэгдсэн, мэргэшсэн хуульч гэдгийг Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа онцлов. Тэрбээр 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан оролцож, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан байна. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын эрх зүйн орчны болон бусад шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монголд парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж ирсэн бөгөөд энэхүү мэдлэг, ур чадвар, туршлага нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амьдралд бодитой хэрэгжүүлэх, үр нөлөөг сайжруулах асуудал чухлаар тавигдаж буй энэ цаг үед онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаагаа Н.Учрал дарга тэмдэглэсэн.

Иймд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад тавигдах хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх гэсэн үндсэн шаардлагыг хангаж байгаа, хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаанаас эхлэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбарт болон Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих чиглэлээр 27 жил ажилласан туршлагатай Л.Өлзийсайханыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Б.Баярбаатар гишүүн танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Улсын Их Хурлын даргаас Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, Байнгын хороо уг саналыг хэлэлцэн санал, дүгнэлт гаргажээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Б. Баасандоржийг чөлөөлөх тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, парламентат ёс, парламентын засаглалын чиглэлээр судалгаа хийдэг, мэргэшсэн цөөн судлаачдын нэг нь Л.Өлзийсайхан хэмээн Х.Тэмүүжин гишүүн тодотгоод, хууль тогтоох эрх мэдлийг, парламентын бүрэн эрхийн хил хязгаарыг манаж чадах мэдрэмж, сэтгэхүйтэй хүний гүйцэтгэх энэхүү албан тушаалд түүнийг томилохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үндсэн хуулийн дагуу эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах шаардлагатай байгааг Л.Мөнхбаясгалан гишүүн тайлбарлаад, өнөөдөр Монголын төрд ардчиллаас өөр тусгаар тогтнох оршин тогтнохуйн үндэс байхгүй учир ардчилсан парламентын үйл ажиллагааг хамгаалж, аль нэг нам, улс төрийн хүчний нөлөөллөөс ангид ажиллахыг захив. 126 гишүүнтэй, ардчилсан парламентын засаглалыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн суурь зарчмуудыг мөрдүүлж, хууль дээдлэх зарчмыг баримтлан Улсын Их Хурлын үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах, Улсын Их Хурлын Тамгын газрын ажлын алба, Байнгын хороодын зөвлөхүүдийг бэхжүүлэн чадавхжуулах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хийнэ гэж найдаж буйгаа Д.Үүрийнтуяа гишүүн хэллээ.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “Дэгийн зөвлөх гэдэг 126 гишүүнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх албан тушаалтан. Бүлэг энэ асуудлаар хуралдаагүй учраас гурав хоногийн завсарлага авч байна” хэмээн мэдэгдэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу буюу хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтоох зохицуулалтын Улсын Их Хурлын дарга Н.Учрал уг асуудлаар Улсын Их Хурлын АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ.

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцуулсан юм.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг энэ сарын 13, 14-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо болон бусад Байнгын хороодод шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасныг баримтлан энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 435 дугаар захирамжаар дээрх төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулж, гишүүдэд Х.Баасанжаргал, М.Бадамсүрэн, Р.Батболд, Н.Батсүмбэрэл, Ж.Галбадрах, Д.Ганмаа, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Ц.Мөнхтуяа, З.Мэндсайхан, Ч.Номин, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, О.Саранчулуун, Р.Сэддорж, Б.Уянга, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, С.Цэнгүүн, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Ажлын хэсэг төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, урсгал дансны алдагдлыг цаашид үе шаттайгаар бууруулах бодлогын хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр гадагшилж буй валютын урсгалыг багасгах чиглэлээр тогтоолын төслийн 1, 2, 3 дугаар хавсралттай холбогдуулан нийт 143 зарчмын зөрүүтэй санал, 4 найруулгын саналын томьёолол бэлтгэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт танилцуулжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасныг баримтлан бусад Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналуудаа олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж санал, дүгнэлтийн хамт Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн болохыг Б.Заяабал гишүүн танилцуулав. Тухайлбал, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, ган, чийгт тэсвэртэй үр сортыг бий болгох, дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зэрэг зарчмын зөрүүтэй 12 саналын томьёоллыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооноос улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх талаарх зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэснээ ирүүлсэн байна. Мансууруулах бодисын хэрэглээ болон хууль бус эргэлтийг бууруулах, иргэдийн хор уршгийн талаарх мэдлэг, боловсрол нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээрх саналыг Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцээд ирүүлсэн байна. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах, боловсролын салбарын санхүүжилтийг хүртээмжтэй, тогтвортой өсгөх нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгийг тогтмолжуулах, эрүүл мэндийн салбарт зарцуулах зардлын ДНБ-нд эзлэх хувийг нэмэгдүүлэх, ахмад настныг дахин хөдөлмөр эрхлэхийг дэмжих зэрэг зарчмын зөрүүтэй 17 саналын томьёоллыг шийдвэрлээд Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлжээ. Харин Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооноос санал ирүүлээгүй байна.

Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн болон Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгбүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж, олонхын санал авсан, аваагүйгээр нь бэлтгэжээ.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Энэхүү улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яамны мэргэжилтнүүд Шинжлэх ухааны академийн зургаан салбар чуулган, их чуулганаар салбар бүрийн эрдэмтэн, мэргэжилтнүүд, судлаачид оролцон хэлэлцэж, бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг үнэлж, ахиц дэвшлийг хянах, зорилтот үр дүнд чиглүүлэх зорилгоор үр дүн тус бүрийг хэмжих шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшнийг тусган боловсруулсан гэж Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлээд “Улсын Их Хурлын гишүүд энэ төслийн хэлэлцүүлэгт анхаарал хандуулж, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх, эрүүл хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэхийг хүсье” хэмээлээ.

Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарласан бөгөөд 14 цагт Улсын Их Хурлын асуулгын цагтайг Н.Учрал дарга сануулаад, дараа нь 16 цагаас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй