
“Сүйрлийн цаг”-аар шөнө дунд болоход 3 минут дутуу байна. 1945 онд АНУ Японы Хирошима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясны дараа Манхэттен төсөлд оролцсон эрдэмтэд дэлхий дахинд сүйрлийн талаар сануулж байх бэлгэдлийн цаг бүтээсэн байдаг. Энэ цаг шөнө дундыг заахад хэдий чинээ ойрхон байна, дэлхий дахинд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг сүйрэл тохиоход төдий чинээ ойрхон байна гэсэн үг юм.
1947 оноос хойш “Цөмийн эрдэмтдийн сэтгүүл”-ийн нүүрт хэвлэгдэх болсон энэхүү “Сүйрлийн цаг” анх дэлхий нийтэд цөмийн сүйрэл тохиох эрсдэл хэр ойрхон байгааг сануулж байжээ. Жишээлбэл, хүйтэн дайн эхэлсэн тухайн онд “Сүйрлийн цаг” шөнө дунд болоход 7 минут дутуу хэвлэгдсэн байна.
Харин сүүлийн жилүүдэд цөмийн аюулаас гадна уур амьсгалын өөрчлөлт, технологийн дэвшлээс үүдэлтэй гамшиг болох эрсдлийг “Сүйрлийн цаг”-ийг тааруулахдаа мөн харгалзан үзэх болсон байна. Өнгөрсөн онд сэтгүүлийн редакц дэлхий дахинд сүйрэл нүүрлэхэд дахин ойртсон гэж үзэж, “Сүйрлийн цаг”-ийн минутын зүүг 2 минутаар түлхсэн байна. Ингэснээр шөнө дунд болоход 5 минут дутуу байсан цаг 3 минут дутуу боллоо.
Цагийг түлхэх болсноо сэтгүүлийн эрдэмтэд Орос, Америкийн харилцаан дахь хурцадмал байдал өсөн нэмэгдсэн, Умард Солонгос дахин цөмийн бөмбөг туршсан, мөн дэлхийн дулаарлыг зогсоох бодит үр дүн авчрахуйц арга алхам дутагдсан хэвээр байгаа зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Өмнө нь хүйтэн дайны үед 1984 онд АНУ, ОХУ-ын харилцаа эрс хурцадсантай холбогдуулан “Сүйрлийн цаг”-ийн минутын зүү шөнө дундаас 3 минутын зайд ирж байсан юм.
“Сүйрлийн цаг”-аар шөнө дунд болоход 3 минут дутуу байна | ||
Үзсэн: 3554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.