
Гал дүрэлзэн асна. Хаврын хонгор салхинд тэнгэрийн очис энгэр нөмөр даган энд тэндгүй унаж, дөлтөн цэнхэртэнэ. Их их мөрөн цөнгөө түрж, “Ишиг гижигдэх” зэрэглээ тэнгэрийн хаяа наашлуулна. Хоёр настай өвсний нөмөрт асах тэнгэрийн цэнхэр гал залгисан ямаа дотор нь шатах мэт тас тас тургилна. Тэгснээ “эр хүн шартахаасаа айхгүй” гэгчээр дахиад л гал үмхэлнэ. Аргаа барахдаа салхи сөрж зогсоно. Тэнгэр энэ галыг ямаанд л зориулж газраар нэг бадамлуулсан гэлтэй.
Миний хөдөө гэж ... Нэг иймэрхүү тансаг хавартай даа.
... Өглөө л хониндоо гарсан аав, нар ханын толгой өөд авирахад гандчихсан орж ирнэ. Хоймор завилж, тос хөвсөн цай оочлох нь бас ээжийн гараас гал залгих мэт хөлс нь дааварлана. Гадаа хурганы уутнаас гал уургаа хөхсөн гурван хөөрхөн хар нүдэн хурга гаргахад нэгнийгээ нудран хоол эрнэ. Нэгийг нь өхөөрдөн тэвэрч эрхлүүлбэл ээж галын захаас “Байг, хурганы гал үхүүлчихнэ” гэнэ. Би гайхаад больчихно. Хаанаа гал байдаг юм бол гэж бодол болно. Орой хонь хотлоход шинээр гарсан хургануудаа эхэд нь хөхүүлэхээр угтан очно. Тэр хооронд ээжийн хэлсэн үг оюун бодолд минь гал асаана. Учрыг нь асуухаас нааш тэр гал унтрах шинжгүй ээ.
Ээжээ, хурганы гал гэж хаана байдаг юм гэвэл ээж нэг том харснаа,
- Биенийх нь илч гараад даараг бээрэг болчихдог юм даа гэлээ. Үүнээс хойш тэвэрч эрхлүүлж байсан хургануудаа хараад биенийнх нь илчийг булаагаад авчихсан юм шиг санагдаж, өнөөх хургануудыг хаврын хавсарганд даарч байгаа даа гэж бодохоор их л өрөвдөнө.
Яагаад ч юм тэнгэр бидэнд өөр өөрийнх нь галыг тасдаж өгдөг байх гэсэн үг бодол намайг эзэмдэх болсон. Тэгээд ч хажуу айлын Ганааг “ёстой нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай” хүү гээд л манайхан магтана. Энэ үед өнөөх бодол минь улам л лавширна. Хүмүүс намайг ингэж хэлээсэй гэж дотроо мөрөөднө. Ийм үг сонсохгүй болохоор гуниглан уйтгарлаж, тэнгэрээс өгсөн галыг нь би манаж чадсангүй дээ гэж бяцхан цээжиндээ бухимдана. Хүүхэд нас гэдэг тэр чигээрээ гал байдгийг сая л ойлгохдоо балчир ахуйнхаа дурсамжийг эргэн дурссан минь энэ. Хавар хаврын дулаан наран доор яргуй цэнхэртэх нь тэнгэрийн оч уначихсан юм шиг санагдахад бага насны дурсамж тодорсон минь энэ.
Хүн бүхэнд тэнгэрийн гал байдаг.
Тэнгэрийн гал | ||
Үзсэн: 3904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.