Шууд Chart

А.Даваажаргал Монгол Улс, НҮБХХ-ийн хамтын ажиллагааны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо

2026-06-16 11:45:46

ГБХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал Монгол Улс, НҮБХХ-ийн хамтын ажиллагааны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо.

Гадаад харилцааны яаманд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн хамтын ажиллагааны 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал оролцож, үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, хагас зуун жилийн түүхтэй энэхүү түншлэл нь нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн салбарт бодит өөрчлөлт авчирсныг онцлоод, 2020-2024 онд хэрэгжсэн төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэх чадварын үнэлгээ, кейс менежментийн шинэ хэлбэрийг нэвтрүүлж, салбарын эрх зүйн шинэчлэлийн суурийг тавьсныг тэмдэглэлээ.

Мөн хамтын ажиллагааны дараагийн шат болох “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрийг 2028 он хүртэл хамтран хэрэгжүүлж, ажил хайгчдыг урт хугацаанд тогтвортой ажлын байраар хангахаар ажиллаж байгааг дурдаад, цаашид түншлэлээ дараах 4 тэргүүлэх чиглэлд улам гүнзгийрүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Үүнд:
- Хүн төвтэй, өгөгдөлд суурилсан нийгмийн хамгааллыг хөгжүүлэх,
- Хөдөлмөрийн зах зээлийн шинэ хэрэгцээнд нийцсэн чанартай ажлын байр бий болгох,
- Эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,
- Инновац болон дижитал шилжилтийг хамтран хэрэгжүүлэх зэрэг болно.

Арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ш.Одонбаатар болон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, олон улсын байгууллага, дипломат корпусын төлөөлөгчид оролцов гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


А.Даваажаргал Монгол Улс, НҮБХХ-ийн хамтын ажиллагааны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй