
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, дэд захирал Г.Гэрэл, Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Г.Батзаяа, Үндэсний телевизийн захирал Ч.Батцэнгэл, “MNB спорт” сувгийн захирал Ц.Лхагвадаш, “Монголын мэдээ” сувгийн ерөнхий продюсер Ц.Цэнд нар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн хэлтсийн тасгийн дарга, дэд хурандаа Г.Давааням, эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Мандухай нартай уулзлаа. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхины хор нөлөө нийгэмд аюулын харанга дэлдэж байгаа учир энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд МҮОНРТ дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Харин МҮОНРТ-ийн удирдлагууд “Олон нийтийн радио, телевиз анхааруулга өгөх үүднээс энэ төрлийн гэмт хэрэг, ял шийтгэлтэй холбоотой цаг үеийн мэдээ мэдээлэл, хар тамхи, мансууруулах бодисын эсрэг эсрэг ухуулга сурталчилгааг тогтмол бэлтгэж үзэгчдэд хүргэж ирсэн. Цаашдаа ч Хар тамхитай тэмцэх газрын санал санаачилгыг дэмжиж, өргөн хүрээнд ажиллана” гэдгээ илэрхийлэв.
Хар тамхины хор хөнөөл аюулын харанга дэлдэж байгаа учир олон нийтийн радио, телевизийн оролцоо илүү өндөр байх ёстой
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн дэд захирал Г.Гэрэл “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран хамтын ажиллагааныхаа хүрээнд энэ оны сүүлийн улиралд болон ирэх жил томоохон хөтөлбөрүүд баталж, ажиллахаар боллоо. МҮОНРТ Монгол орны нутаг дэвсгэр дэх хүн бүрт хүрч буй сувагчлал бүхий том байгууллага учир хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажилд өргөн бүрэлдэхүүнээр оролцож, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмийн эсрэг сурталчилгаа, мэдээлэл бэлтгэж иргэд олон нийт ялангуяа эцэг эхчүүд, 18-35 насныханд өргөн хүрээнд хүргэх ёстой. МҮОНРТ өмнө ч энэ төрлийн мэдээ мэдээлэл бэлтгэж, хорт бодисын эсрэг ухуулга сурталчилгааг олон нийтэд хүргэсээр ирсэн. Энэ төрлийн гэмт хэргийн хор нөлөө нийгэмд илүү ихээр аюулын харанга дэлдэж буй учраас хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо тэр дундаа олон нийтийн радио, телевизийн оролцоо илүү өндөр байх ёстой гэж бодож ажилладаг. Манай улсад хар тамхи хэрэглэж буй хүмүүсийн 80 орчим хувь нь 18-35 насныхан гэсэн албан ёсны судалгааны дүн гарсан байна. Гэтэл хамгийн идэвхтэй, залуу үед хар тамхины нөлөө өндөр байгаа нь нийгэмд тулгарч буй том сүүдэр. Тиймээс эцэг эхчүүдийг мэдээллээр хангаснаар, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, дунд, ахлах болон их дээд сургуулийн багш нарт мэдээлэл хүргэснээр оюутан, сурагчдаа энэ аюулаас хэрхэн сэргийлэх тал дээр анхаарал хандуулах юм.
Ингэхдээ МҮОНРТ зөвхөн мэдээ мэдээлэл бус уран сайхны кино контент, сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодисын эсрэг ухуулга сурталчилгаа зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээнэ. Мөн шинээр хүч түрч буй сошиал платформд ямар контент бэлтгэж, хүргэхэд анхаарна. Хар тамхины хор хөнөөлийн тухай мэдээ мэдээллийг нийгэмд хүргэх ажил тусгай арга аргачлалтай. Зөв аргачлалын дагуу хийгдсэн байх ёстой. Энэ төрлийн мэдээ, контент бэлтгэхэд зориулсан олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандсан зөвлөмжүүд бий. Энэ зөвлөмжийн дагуу бэлтгэн хүргэх болно.
Энэ онд зургаан сурагч хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож, шалгагдсан
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн хэлтсийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Мандухай “Англи хэлний багшаар ажиллахаар олон тооны гадны иргэн Монголын хилээр нэвтэрдэг. Харамсалтай нь гадны зарим иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч байна. 2019 он гарсаар энэ төрлийн гэмт хэргийн хоёр тохиолдол Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдэн шалгагдаж байна.
Тодруулбал, Бүгд найрамдах Нигери улсын дөрвөн иргэн холбогдсон хэргийн талаар бид хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдэгдсэн. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргэсэн. Харин хоёр дахь хэргийн тухайд өчигдөр буюу энэ сарын 16-ны 06:40 цагийн орчимд Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улсын иргэн, 41 настай эрэгтэйг дайчлан баривчиллаа. Тэрбээр өнгөрсөн сард Монгол Улсад ирсэн, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн дунд сургуульд англи хэлний багшаар ажиллахаар бичиг баримтаа бүрдүүлсэн байсан. Түүнийг баривчлах үед НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг хар тамхины төрлөөс зургаан граммыг хадгалж байсан нь тогтоогдсон. Шээсний сорьц авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад хар тамхи хэрэглэсэн байсныг нь тогтоосон.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн дийлэнх хувь нь идэр залуу буюу 18-35 насныхан. Тэр дундаа он гарснаас хойш 18 хүртэлх насны 11 хүүхэд, 29 оюутан, зургаан сурагч энэ төрлийн гэмт холбогдож шалгагдсан байгаа. Тиймээс эцэг эхчүүд өөрийн үр хүүхдээ хэнтэй найзалж нөхөрлөж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Түүнчлэн сургуулийнх нь орчин болон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм хэрэглэж байна уу, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох вий гэдэгт хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.







МҮОНРТ, Хар тамхитай тэмцэх газартай хамтран томоохон хөтөлбөрүүд баталж, ажиллахаар боллоо | ||
Үзсэн: 2202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.