Шууд Chart

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IX хуралдаан болов

2025-11-20 11:54:52

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит IX хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо болов.

Хамтарсан хорооны IX хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга С.Бямбацогт, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ким Жин А нар ахалж, хоёр улсын яам, холбогдох байгууллагуудын албаны төлөөлөл оролцлоо.

Хуралдааны эхэнд талууд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглээд, хоёр орны худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэгтэй болохыг онцоллоо.

Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн илүү өргөн боломж нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, тус хэлэлцээрийг хоёр талд үр өгөөжтэй, харилцан ашигтай байхад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс нийт 80 орчим сая толгой малтай, үүнээс жилд 20-30 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй бөгөөд хоёр улсын худалдааны тэнцлийг сайжруулах хүрээнд Монгол Улсаас БНСУ руу малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа ноос, ноолуур, арьс шир, мах, махан зэрэг байгалийн “эко” бүтээгдэхүүн экспортлох нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллахыг санал болгов. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд эдгээр хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг тусгах талаар үр ашигтай яриа хэлэлцээ өрнүүлэхийн чухлыг онцлов.

Талууд хот байгуулалт, ашигт малтмал, эрчим хүч зэрэг хоёр талын давуу тал бүхий салбарт хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах”, “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих” төслүүд хоёр талын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо.

Түүнчлэн талууд Монгол Улсын хөгжлийн стратегийн зорилтуудыг дэмжих хүрээнд гангийн үйлдвэрлэл, зэс хайлуулах зэрэг үндэсний хэмжээний мега төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, эдгээрт БНСУ-ын дэвшилтэт технологи, шууд хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтын ажиллагаагаа уялдуулахаар тохиролцлоо.

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламжаар хэрэгжиж буй томоохон төслүүдийн явцыг дүгнэж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх, амжилттай дуусгавар болгох, тухайлбал “10 аймгийн төвийн дулааны станц барих” төсөл, “Солонго 1,2”, “Баянголын ам” орон сууцны төслүүдийн хэрэгжилтэд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаар тогтлоо.

Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг нааштай шийдвэрлэх, хоёр улсын иргэд харилцан адил нөхцөлөөр зорчих зарчмын дагуу визийн нөхцлийг шат дараатай хөнгөвчлөх, нэн ялангуяа эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх асуудалд дорвитой ахиц гаргах талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийлээ.

Талууд хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, солонгосын тал манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг цаашид ч дэмжиж ажиллахаа нотлов. Түүнчлэн Монгол Улс цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд зохион байгуулахаар төлөвлөж буйтай холбогдуулан солонгосын тал өмнө нь тус хурлыг зохион байгуулж байсан туршлагаасаа хуваалцаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит X хуралдааныг Сөүл хотноо зохион байгуулахаар талууд тохиров.


Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IX хуралдаан болов  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй