
Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблей жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1992 онд дэлхий даяар зарлан тунхагласан билээ. Зарим аж ахуй нэгж энэ өдрийг ахмадуудаа хүлээн авч “аяганы амсар зуулгаж, алгыг нь дээш нь харуулах” төдийхнөөр тэмдэглэх болсон. Тэгвэл Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” суваг энэ жишгийг эвдэж, баярынх нь өдрөөр ахмадуудаа хүлээн авч “татгалзахын аргагүй санал” тавилаа. Тэднийг ижил дасал болсон “хоёр дахь гэртээ” эргэн нэг удаа ажиллаж, телевиз үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр дахин нэг “болзооч” гэсэн юм. Ийн өчигдөр Монголын телевизийн салбарын бурхад болсон Үндэсний телевизийн захирал асан Д.Энхтуяа, соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Чулуунбат, зураглаач Г.Дэлгэр, О.Бат-Эрдэнэ, ахмад уран бүтээлч, сэтгүүлч М.Буяндэлгэр, Ц.Сүхбаатар, Ш.Өлзийбаяр, Г.Басдолгор, орчуулагч редактор Ш.Нэргүй, найруулагч Т.Цэрмаа, А.Янжмаа, инженер Ш.Өлзийцэцэг, зураглаач Ц.Туяа, Л.Умбанямба, эвлүүлэгч Ш.Бумдай, Б.Уранчимэг, Д.Туул, Ш.Долгор, бичээч Г.Дуламсүрэн, жолооч Гэндэнгончиг нар “Монголын мэдээ” сувагт ажиллаж, “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн айл бүрийн хойморт хүргэсэн билээ.
Үзэгч түмэнд танил болсон дүр төрх, дотно дуу хоолойтой тэдний дэргэд байхад гавьяат жүжигчин Ё.Цогийн өвгөдийн тухай бичсэн “Мэдэхгүйг чинь хэлээд өгөх ярьдаг ном
Мэргэдийн сургаалыг оюундаа шингээсэн мэдээллийн толь
Уламжлал заншлын нэвтэрхий толь, улс орны чинь амьд түүх
Туг ч барьж, тугал ч хариулж үзсэн тэвчээр хатуужлын бодит жишээ
Туулсан зам, дуулсан дуутай
Тусгаар тогтнолын баринтаглаагүй судар” хэмээх шүлгийн мөрт өөрийн эрхгүй бодогдов.
Энэ өдөр залуу үеийнхэнд алтан үеийн найруулагч, нэвтрүүлэгч, сэтгүүлч, редактор, зураглаач, эвлүүлэгч нараа дэргэдээс нь харж, суралцах боломж олдсон. Түүнчлэн “Монголын мэдээ” сувгаас дээрх арга хэмжээгээр дамжуулан “Жил бүр баярынх нь өдрөөр ахмадуудаа урьж, тэднээсээ суралцаж зөвлөгөө авдаг байя” уриалга дэвшүүлсэн юм.
Г.Чулуунбат: Залуу үе мундаг боловсролтой, чадварлаг болжээ
Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Чулуунбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-Танд Олон улсын ахмадын өдөр, ахмадын баярын мэндийг хүргэе.
-Баярлалаа. 52 жилийн өмнө Монгол Улсад анх телевиз нээгдэж байхад, мэдээ уншиж байсан студидээ дахин ирж, үзэгч түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж байгаадаа баяртай байна.
Өнөөдөр Олон улсын ахмадын баярын өдөр. Нийт ахмадууддаа баярын мэнд хүргэе. Мөн МҮОНРТ-д ажиллаж байсан ахмадууд, үе үеийн сэтгүүлч, уран бүтээлч, техникийн ажилтнууд, арын албаныхандаа 52 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Үндэсний олон нийтийн телевиз, радиогийн сая сая үзэгч, сонсогчдодоо энэ өдрийн мэндийг хүргэе. Гавьяаны амралтад гарсан баг бүрэлдэхүүнтэйгээ “Цагийн хүрд” хөтөлбөрөө бэлтгэхээр эргэн уулзаж байгаадаа туйлын баяртай байна.
-Та “Цагийн хүрд” хөтөлбөрөө үзэгчийн хувиар алгасахгүй үздэг байх. Тухайн үед ямар сэтгэгдэл төрдөг вэ, ажлаа санагалздаг уу?
-Техник технологи өндөр хөгжиж байна. Залуу үе мундаг боловсролтой, чадварлаг болжээ. Нийгмийн хөгжлөө дагаад МҮОНРТ дэлхийн стандартад нийцсэн техник, технологиор бүрэн тоноглогдсоныг хардаг. Өөрөөр хэлбэл, дэлхийтэй цуг алхаж байна.
Телевиз, радио гэлтгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн амин сүнс нь мэдээ байдаг. Яагаад гэвэл маш богино хугацаанд, жижиг зайд өөрийн орны болон дэлхий дахины бүх л үйл явдлыг багтааж хэлдэг учраас аль болох товчхон, ойлгомжтой, хүний сэтгэхүйд хүрсэн мэдээ дамжуулах нь чухал.
О.Бат-Эрдэнэ: 46 жил ажилласан бүх дурсамж минь сэргэж, саяхан мэт санагдлаа
Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, зураглаач О.Бат-Эрдэнэ: МҮОНТ-д алс тэртээ 1967 оноос хойш ажилласан уран бүтээлчид дахин цуглалаа. “Монголын мэдээ” суваг ахмадуудаа мэргэжлээр нь дахин нэг өдөр ажиллуулж байна. 46 жил ажилласан бүх дурсамж минь сэргэж, саяхан мэт санагдлаа. Миний хувьд 1967 оноос хойш Улсын их хурлы чуулганыг 23 жил сурвалжилжээ. Нийтдээ 46 жил ажилласан байна. Телевиз маань орчин үеийн шаардлагаар төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байна. Биднийг анх ажиллаж байхад телевиз ганц л студитэй байсан. Тэр нь өдгөө “Цагийн хүрд”-ийг бэлтгэн хүргэдэг энэ студи. Бичлэгийн аппарат байгаагүй болохоор бүх мэдээгээ шууд дамжуулж хүргэдэг байсан. Би тэр үеийг ярихаар одооны залуусын санаанд буудаггүй юм. “Та нар яаж ажилладаг байсан юм бэ” л гэж асуудаг.
Т.Цэрмаа: Залуу үедээ зааж зөвлөнө гэхээсээ илүү тэднээс суралцлаа
Ахмад уран бүтээлч, найруулагч Т.Цэрмаа: 36 жил ажилласан ажлын байрандаа дахин нэг өдөр ажиллах санал сонсоод маш их догдоллоо. Бас их айж байлаа. Техник технологи өөр болж. Залуу үе ч үнэхээрийн мундаг байна. Тэдэнд туршлагаасаа зааж зөвлөнө гэхээсээ илүү бид өөрсдөө суралцсан өдөр өнгөрлөө. Нэгэн үе хамт ажиллаж байсан нөхдийнхөө, одоо ажиллаж буй залуу үеийнхний дунд орсон чинь тэтгэвэрт гараагүй юм шиг л санагдлаа.
-Зарим хүн гавьяаны амралтад гарах гэж яардаг. Таны хувьд амарсны дараа ажил, мэргэжлээ хэр зэрэг санав?
-Ажлаа саналгүй яах вэ. Би 36 жил ажиллахдаа гэртээ зөвхөн хонохын тулд л очдог байсан. Бусад бүх л цагийг телевизийн байрандаа өнгөрөөж ирсэн. Мэдээний алба өөрийн онцлогтой. Тэр нь юу вэ гэхээр өглөөнөөс шөнө орой хүртэл мэдээ бэлтгэж, үзэгчиддээ хүргэдэг. Үдшийн мэдээ 22:00 цагт эхлээд ажил 23:00 цагт дуусна. Тараад албаны унаагаар гэртээ хүргүүлнэ. Ингэж олон цагаар ажиллаж байгаад гэнэт телевизээсээ холдоод тэтгэвэрт гарчхаар маш гунигтай байсан. Одоо бол сурчхаж дээ. Харин буцаад нэг өдөр ажлаа хийсэн чинь маш их догдоллоо. Өглөө 09:00 цагт ажил эхлэх байсан. Бид нар бүгдээрээ цагаасаа өмнө ирсэн. Нэг нь ч хоцроогүй.
-Та ажлаа хийж байсан үеийнхээ хамгийн сайхан эсвэл хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?
-Олон сайхан дурсамж бий. Бид Монгол Улсынхаа түүхийг бүтээлцэж, баримтжуулж ирсэн. 1980-аад онд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, нарийн бичгийн дарга М.Горбачёв манай оронд айлчиллаа. Айлчлалыг нь бичиж авсан хальсаа харсан чинь М.Горбачёв даргын толгой дээр толбо байна. Хальсан дээр хор асгарчхаж гэж бодоод нөгөө толбыг бичлэгийн хальснаас хусаж арилгаад эфирт өгч билээ. Бид хальсан дээр асгарсан хорыг арилгачихлаа, алдаагаа засчихлаа гээд л бөөн баяр болсон. Харин бүр хэзээ хойно М.Горбачёв даргыг толгойдоо том мэнгэтэй гэдгийг нь мэдсэн(инээв).
Л.Умбанямба: Залуудаа 17 кг жинтэй камер үүрээд л давхидаг байлаа
Ахмад уран бүтээлч, зураглаач Л.Умбанямба: Би арван жилээ дүүргээд хуучнаар ЗХУ-ын Кино урлагийн дээд сургуулийг радио, телевизийн нэр дээр кино оператор мэргэжлээр дүүргэсэн. Төгсөж ирээд 22 настай телевиздээ ажилд орлоо. Миний амьдралын бүх утга учир ажил, мэргэжил минь байсан. Өдгөө ч энэ мэргэжлээрээ амьсгалж, ажиллаж байгаа. Малчин айлын жирийн нэг хүү би хувь заяагаа үндэсний телевизтэй холбосноор дэлхийн олон оронд очиж үзсэн. Мөн эх орныхоо, хоёр хөрш гүрний болон гадны төр засгийн удирдагчдыг дэргэдээс нь харж зураг хөргийг нь авах боломж гарч байлаа. Би тэтгэвэрт гарсныхаа дараа АНУ-д 11 жил амьдарсан. Эх орондоо ирээд ТВ-5 телевизэд зөвлөхөөр ажилласан. Саяхнаас NBS телевизэд зураглаачаар ажиллаж байгаа. Залуудаа 17 кг жинтэй камер үүрээд л давхидаг байлаа. Тэрийг бодвол одооны камер хөнгөхөн” хэмээв.
Дуусашгүй эрч хүч, дундардаггүй мэдлэг боловсролтой телевизийн бурхдын авьяас, чадвар өнөө ч хэвээрээ. Тэдний зарим нь 70 насны босго давж байгаа хэрнээ хойч үеийнхэндээ багшилж, зааж зөвлөж, бүр залуустай мөр зэрэгцэн салбартаа мэргэжлээрээ ажилласаар байгаа билээ. “Эрийг нас, уулыг цас дарна” гэдэг. Тэгвэл нас бол зүгээр л тоо гэдгийг телевизийн салбарын алтан үеийнхэн сурсан дадсан ажлын байрандаа нэг өдөр эргэн ажиллаж харууллаа. Зарим залуус ахмад үеээ эрч нь харьсан дээс гэж хардаг ч үнэндээ эр хар сур юм шүү гэдгийг нотоллоо.

















Нас бол зүгээр л тоо | ||
Үзсэн: 2813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.