
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Н.Даваадаш шог зураач А.Бат-Эрдэний талаар нийтлэл бичжээ.
Үүнийхээ өмнөтгөл болгож, “Бат-Эрдэнэ дүүг Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордондоо урьсан сурагтай. Баярлахдаа энэхүү бичвэрийг сийрүүлэв. Нэг гавъяат манай
эгнээнээс төрөх нь лавтай болох шиг байна. Баярлаж байна” гэжээ.
“Улаан” Бат-Эрдэнэ
Зарим зохиолч, яруу найрагч нар гайхамшигтай сайхан зурдгийг би мэднэ. Ц.Доржготов, Б.Лхавгасүрэн, Ж.Саруулбуян, Д.Банзрагч зэрэг зохиолоороо төдийгүй шог хошин зургаараа олон түмэнд хүрчихсэн “хос” байтугай гурвалсан “морьтой” аваргууд ч байх. Бас тэдний араас М.Амархүү, А.Амарсайхан нарын хос “морьтой” залуучууд нэхэж байгааг мэдэх юм. Манийг багад А.С.Пушкин яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиол бичихийн зэрэгцээ зураг зурдаг байсан гэж хүмүүс ярьж гайхал бишрэлийг төрүүлдэг сэн. Ийм л маягаар би зохиолчдоор дамжуулан Монголын шог зургийн ертөнцтэй бага ч айтугай танилцаж, бас чиг шог зураач нөхөдтэй танилцсан юм.
Тэдний дотроос бүр дотно танилцаж, шог хошин хөргийн хэд хэдэн бүтээл хамтран хийсэн нь Адъяагийн Бат-Эрдэнэ л дээ. Зэрвэсхэн хархад үзүүрлэчихсэн будгийн улаан харандаа шиг тэр залуу Урлагийн гавъяат зүтгэлтэн Ц.Байдыгийн шавь, бас нутгийн дүү нь юм. Тэр хоёр Дундговь аймгийн уугуул бөгөөд Улаан Жирэмийн худгийн усаар ундалж өсөцгөөсөн гэх. Тэндээс ундалж өссөн хүүхэд уран, хүлэг морь нь хурдан болдог гэх шахуу юм ярьж даварна. Үнэндээ Улаан Жирэмийн орчмын усны найрлага, газрын соронзон урсгал өөр ч юм бил үү хэн мэдлээ. Ямартаа ч Бат-Эрдэнийн хувьд харандаа барьж эхэлсэн үеэсээ шог зургаар амьсгалж эхэлсэн түүхтэй. Тэр үеийн зурагт сэтгүүл “Оюунтүлхүүр”-ийг аав нь захиалж өгсөн нь бүр л хорхойслыг өрдсөн гэдэг.
Тэр дурсамждаа “Зөвлөлт холбоот улс”, “Тоншуул”, Октябрийн туяа”, “Оюунтүлхүүр” гэх мэт тэр үед гардаг сэтгүүлүүдийг цуглуулаад, аавын том ширэн цүнхийг дүүртэл чихдэг байлаа. За тэгээд л “манай тал”, “дайсны тал” гээд л зурж гарна. Байлдуулна, дэлбэлнэ, суманд оногдож үхнэ. Зураг зурахдаа өөрөө өөртэйгээ ярина” гэж бага насны өдрүүдээ дурсан бичсэн байдаг. А.Бат-Эрдэнэ хүүгийн бяцхан цээжинд зурах сонирхлын гал ийнхүү асаж эхэлж байх үед Ц.Байды “60 шог” нэртэй шог зургийн ном гарсан явдал бүр шинэ эрч хүч нэмж хөгжөөжээ.
Бат-Эрдэнийн аав Адъяа гуайг нэгдлийн зангарагтай дарга нарын нэг, дайнд оролцож явсан чанга эр байсан гэж Дундговийнхон ярьдаг юм. Насаараа алба хааж, юмны цаадах наадахыг мэдэх болсон өвгөн дарга ч бяцхан хүүд нь зурах авьяасны оч сүүмэлзээд байгааг мэдсэн болохоор янз бүрээр л хөхүүлж байж. Заримдаа хүүгийнхээ зурсан зургуудыг нэрээр нь төвийн хэвлэлд хүртэл явуулж байсан гэдэг. Энэ мэтээр явуулсан А.Бат-Эрдэнийн шог зургаас архины шил дотроос согтуу хүн нохой мэт архирч байгаа нэргүй шог зураг нь тэр үеийн “Эрүүл мэнд” сэтгүүлд хэвлэгдсэн аж. Энэ нь Бат-Эрдэнийн урам зоригийг улам хөгжөөж бага дунд сургуулийн бэхэн цэнхэр өдрүүдийг үзэг бийртэй салшгүй нөхөрлөж шоглол хошигнол, инээд баясал, ихийг бүтээх эрмүүн хүсэлтэй үдэх гэгээн үүдийг нээжээ. Тэр, тун удалгүй “Тоншуул” сэтгүүл, “Хөдөлмөр” сонины шогийн гайхамшигт үүдийг тогшиж, бүтээлээрээ босгыг алхаж эхэлсэн гэдэг. Ийм л нэгэн өвөрмөц хэв маягтайгаар А.Бат-Эрдэнийн дунд сургуулийн жилүүд шувтарч үйлсийн шинэ оргилыг зорин гарсан аж. А.Бат-Эрдэнэ УБДС-ийн /хуучин нэрээр/ оюутан болж, төгсөөд гурван жил говьд багшилсан зэргийг эс оролцуубал бурхны өгсөн шог зураачийн томилолтоос хөндийрч салсан нь үгүй. Ер нь оюутан байхдаа тэр “Тоншуул” сэтгүүлээс салаагүй болохоор бурхны томилолтоос хөндийрсөн гэх аргагүй. Ингэж л үнэнч хөдөлмөрлөж байгаагийнхаа үрээр А.Бат-Эрдэнэ Монголын шог зургийн ертөнцөд хошин хөрөг, нөхөрсөг шогийн танхимыг шинээр нээж амжлаа. Улс төр, бизнес, урлаг, уран зохиол, барилга, уул уурхай, ХАА-ын бүх салбарт А.Бат-Эрдэнэ бүтээлээрээ зочлон гүнзгий инээмсэглэл хайрлаж, аль хэдийн танил болсон юм. Тэр нэг үе яруу найрагч Ш.Уянгатай Чингисийн “хоёр загал” лугаа ижил шилжилтийн үеийн “хоёр шарга” болон “хатирч”, бие биеэ “хөлөргөж” бас хөөргөж, хөглөж явсан. Ш.Уянгын өрнийн боловсрол, А.Бат-Эрдэнийн дотоод гэгээрэл харилцан сүлэлдэж ариуслын нэг чигт урсгал болж байсан гэж болно. Өнөөдөр А.Бат-Эрдэнэ Ш.Уянгыг байнга дурсан ярьж, нөхрийнхээ гэгээн цагаан сэтгэл, уярал догдлол зэргийг ярьж үе үе бүрэлзэх нь бий. Бас заримдаа Ш.Уянгын онигоог үл мэдэгхэн шулга аястай, донжийг нь олон ярих нь сэтгэлийн үүдийг нээдэг юм. Бас заримдаа “Идэрээ багш, Идэрээ багш” гэж залбирах шахуу юм болно. Үнэндээ түүнийг С.Идэрхангай говиос татаж “Оюунтүлхүүр” –ийн зураачаар авсан гэдэг. Энэ мэт А.Бат-Эрдэнэ хүний тусыг эрхэмлэх чанар нь түүнийг “сүлж” явдаг. Энэ нь А.Бат-Эрдэнийн дотоод чанарын нэг хэсэг.
Би зураач дүүгийн дотоод чанарыг таньж хамт үдсэн өдрүүд цөөнгүй л дээ. Шинэ жилээр байгууллага, хамт олны баярын нөхөрсөг шог, элэглэл хоёулаа хийн хүндлүүлж явлаа. Барилгын шилдэг 100 компанийн захирлуудын хошин хөргийн ном бүтээн бяралхаж байлаа. “Авзага трейд”-ийн 15 жилийн ойд зориулсан ном бүтээгээд Мэндээ захиралд шагнуулж үзлээ. Энэ мэтийг яривал хөөрхөн түүх бий. Намайг “алтан гадас” одон хүртэхэд А.Бат-Эрдэнэ учиргүй баярлаж надад болон Ц.Байды багшдаа асар том мөнгөн бүс бэлэглэдэг байгаа. Байды гуай бид хоёр ч мэргэжлийн боксын аваргын бүс авчихсан тамирчид шиг арай л биенийгээ шампанскаар шүршээгүй санагдана. Гэхдээ хатуу архи багагүй “гударсан” даа. Энэ бол бахархал биш, бидний үеийн талархлаа илэрхийлдэг хоцрогдсон арга, одоо өөрөөр ч яах билээ.
Ингэж А.Бат-Эрдэнэтэй ойрхон явахад нэг бузгай чанар ажиглагддаг нь хувийн үйл ажиллагааны менежмент юм. Нэг сонсоход УИХ-ын гишүүнтэй хошин хөрөг элэглэлийн ном хийлгэх, эсвэл Барилга хот байгуулалтын яамныхантай бас бүтээл хийсэн дуулдах. Эсвэл Өвөр Монголд хүүхдийн үлгэрийн ном хэвлүүллээ гэх. Бас Монголын хүүхдийн зохиолчдын шилдэг бүтээлийн түүврийн бүх зургийг зурсан байх. Ингэж тоочвол бас нэг цуваа болно. Өнөө жил ямар уран бүтээл хийж явааг нь харин сайн мэдэхгүй байна. Дам сонсоход УИХ-д нэр дэвшсэн Ц.Ганхүүтэй Дундговийг тойрч нөхөрсөг элэглэл хийлээ гэсэн. Мөн УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд агсан Ж.Наранцацралтын хөшөөний нээлтэд оролцсоноо, хүүхдийн шинэ номоо Өвөр Монголд хэвлүүлж тараасан дуулдсан. Ямартаа л ойрд уулзаагүй мөхөс миний бие “Улаан” Бат-Эрдэнэ чи хаана явна аа” гэж дуу алдаж суух билээ. Үнэндээ бид хоёрт нас болоод хүсэл зорилго, авьяас билгийн зөрүү бий гэлээ ч чиг ойр мөртлөө холын, холын атлаа ойрын гэх сэтгэлийн дотоод уяа сүлжээ бий юм. Түүний шийдэмгий дайчин, хүний түлхүүрийг зөв тааруулж, хувийн менежментийн сонин хувилбар гаргадаг сэтгэлгээний соргог чанар нь надад эерэг цэнэг хайрладаг байж мэднэ.
Тэр зураач А.Батбаяр биш, яруу найрагч, зураач М.Амархүү биш. Бас зураач С.Цогтбаяр бол бүр ч биш. Ганцхан “хувь “Бат-Эрдэнэ. Физикийн хуулиар эсрэг цэнэг таталцаж, ижил цэнэг түлхэлцдэг. Энэ хуулийн утгаар таталцах түлхэлцэлийн зааг дээр орчлон эргэдгээрээ эргэж би ч гэсэн хүний жудгаа барин оршиж “Улаан” А.Бат-Эрдэнэ чи хаана явна аа” гэж дуу алдан сууна. Энэ бол дүүгээ хайрлаж бахархахын торгон агшны зүрхний бичлэг л дээ. Үнэндээ А.Бат-Эрдэнэ маань Монголдоо, хошин шог элэглэлийнхээ танхимд л суугаад эргэлзэхгүй. Тиймд “хаана байна” гэж дэмий ч уулгалан дуу алдав уу. Ямар ч байсан миний сэрэхүй сэрүүн байгаа аж.
“Улаан” Бат-Эрдэнэ | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.