Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийг өргөлтийн Дэлхийн аварга М.Анхцэцэг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Таны хувьд өнгөрсөн жилийн 12 дугаар сард зодог тайлж байгаа олон нийтэд мэдэгдсэн. Энэ жил амралтын байдалтай байсан уу. Энэ талаар яриагаа эхэлье?
-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд жилийн өмнө 12 дугаар сард Дэлхийн аваргын тэмцээнд оролцоод мөнгөн медаль аваад зодог тайлсан. Ер нь амралтын байдалтай, хувийн бизнес эхлүүлсэн. Нурууны арьс нь бүс хийж байгаа. Манайх арьс нь бүсээ гурав давхарлаж хийж байгаа учраас нэг авчихсан байхад нас нь туршдаа хэрэглэнэ. Миний хувьд хүүхэд байхаас нуруу өвддөг байсан. Нуруу өвдөхийн зовлонг маш сайн мэднэ. Монголд нурууны өвчтэй асар олон хүн байгаа. Хүнд ачааллын үед зүүх боломжтой нурууны бүсийг хийж байна. Одоогийн байдлаар нэг их реклам сурталчилгаа хийхгүй байгаа. Авч хэрэглэж байгаа хүмүүс ам сайтай байгаа. Манай бүсийг дээл дээр гэсэн бүслэх боломжтой.
-Бүсний загвараа өөрөө гарсан юм уу?
-Тамирчин байхдаа өөрөө зүүдэг байсан загвараа гаргаж байгаа. Надтай хамт бэлтгэл хийж байсан Энхжингийн ээж аав хоёр арьс бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэр хоёр маань 2020 онд надад арьс нь бүс бэлэглэсэн. Тэр бүсээ одоо хүртэл хэрэглэж байгаа. Ингээд л арьс нь бүс чанартай байдаг учраас олон хүнд хүргэх зорилгоор хийж эхэлсэн. Манай тамирчин дүү нар авч хэрэглэж байгаа. Хүн өөртөө таарсан бүсээ олж зүүнэ гэдэг нь хамгийн чухал.
-Борлуулалт хэр байна?
-Шинэ эхэлж байгаа учраас давгүй шүү. Жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ зовлон ойлгоод явж байна даа. /Инээв/

-Байнга бэлтгэлтэй, тэмцээнд уралдаанд оролцож байсан хүн. Гэнэт бэлтгэлээ хийхгүй болохоор ямар нэгэн зүйл дутагдаж байгаа мэдрэмж төрж байна уу?
-Би гэртээ суухыг их мөрөөдсөн. Одоо гэртээ бүрэн суугаагүй л байна. Би гэрээс долоон хоног гарахгүй байж үзээгүй. Ковидын үед хоёр сар гэртээ байсан цаг хугацаа амьдралын минь хамгийн гоё нандин үе. Гэр бүлийнхэнтэй цаг гаргаж байсан. Тамирчин байхдаа жилийн хугацаанд байнга тэмцээн уралдаанд оролцож,бэлтгэлтэй байдаг учраас гэртээ бараг байдаггүй байлаа. Одоо гэртээ байхаар гоё байна. Гэр бүлийн хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж, өөрийгөө шинэ зүйлд сорьж, амьдралынхаа төлөө хөдөлмөрлөж, төвлөрч байна даа. Олон жил өндөр ачаалалтай бэлтгэл хийсэн байдаг учраас бэртэл гэмтэл авах гээд тамирчин хүнд хэцүү бэрхшээл зөндөө тулгардаг. Зодог тайлсны дараа тамирчид хэдэн жилдээ ямар бэлтгэл сургуулилт хийдэггүй юм байна лээ. Би гэсэн тэгж байгаа. Бэлтгэл сургуулилт хийх хүсэл төртөл бэлтгэл хийхгүй гэж бодож байгаа. Сэтгэл зүй болон биеэ сайхан амраана.
-Таны хувьд яагаад хүндийн өргөлтийн спортыг сонгож хичээллэсэн бэ?
-Тухайн үед надад бусад төрлийн спорт сонирхолтой санагдахгүй байсан. Хүүхэд байхаас хүндийн өргөлтийн спортыг үзэж сонирхдог байсан учраас энэ спортыг сонгосон. Бусад төрлийн спортыг сонирхож үзээд байдаггүй. Хүндийн өргөлтийн спорт өөрийгөө ялан дийлж байгаа нь хамгийн гоё санагддаг. Хүндийн өргөлтийн спортоор 18 жил хичээллээд зодог тайлсан. Хүүхдээ төрүүлээд хоёр сарын дараа бэлтгэлдээ орж байсан. Тухайн үед Олимпын эрхийн тэмцээн болох гэж байсан учраас бэлтгэл орсон. Хүн том зорилго тавиад зүтгэхээр ядралтаа мэдэрдэггүй. Одоо эргээд бодохоор асар их ядардаг байсан байна лээ. Би хүүхдээ 9 сар хүртэл хөхүүлсэн. Тэмцээнд явахдаа саалтуур авч яваад саадаг байсан даа.
-Хэдэн настайгаас хичээллэж эхэлсэн вэ. Анхны тэмцээндээ хэдэн настай оролцож байв?
-Би хүндийн өргөлтийн спортоор 10 настай байхдаа хичээллэж эхэлсэн. Багаасаа хичээллэж эхэлсэндээ баярладаг. Хүн хүний хувь тавилан өөр өөр байдаг. Миний хувьд хүндийн өргөлтийн спортоор 10 настайдаа хичээллэж, 28 настай зодог тайлсан. Харин 20 настайдаа хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн хүмүүс 40 хүрч зодог тайлж байгаа байх. Миний бодлоор ямар нэгэн спортоор амжилт гаргах хугацаа нь 20 жил байдаг юм болов уу гэж боддог. Хүндийн өргөлтийн спортоор нэг жил хичээллээд тэмцээн уралдаан оролцож эхэлсэн. Олон улсын тэмцээнд хоёр жил хичээллээд оролцож байсан.

-Тэмцээнд уралдаанд явахдаа хүүхдээ үлдээгээд явахаар хэцүү байдаг байсан байх?
-Тамирчин хүн байна гэдэг нь өөрийгөө зөвхөн тамирчин байхыг сэтгэлзүйдээ кодолж байж амжилт гарна. Тэгэхгүйгээр ар гэр болон бусад зүйлд санаа зовохоор ямар ч амжилт гарахгүй. Тамирчин байх хугацаанд зөвхөн тамирчин байна. Ер нь хүүхдийг минь аав ээж хоёр маш сайн харж өсгөсөн. Манай хүн бид хоёрт хүүхэд харах хүнгүй байх зовлон цөөхөн тохиолдсон.
-Эмэгтэй хүн үрийн зулай үнэрлээд ээжийгээ илүү сайн ойлгодог гэдэг. Анхаа ээж болж байсан мэдрэмж ямар байсан бэ?
-Ээж болж байсан мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй. Хамгийн гоё нандин үе гэвэл одоо байгаа үеийг хэлнэ. Манай хүүхэд хоёрдугаар ангийн сурагч болсон. Хүүхэдтэй хамт явж байх үед хүмүүс зургаа авхуулдаг. Тэгэхээр манай хүүхэд ээж тэтгэвэртээ гарсан гэж хэлдэг. /Инээв/. Бүх зүйл нь эгдүүтэй байгаа. Би хүүхдийнхээ бага байх үеийг нь бага харсан байна. Хүмүүс намайг даруухан гэдэг уг нь хүн их сахилгагүй. Долоон сартай байхдаа Паркийн галзуу хулгана дээр сууна гэж уйлсаар байж сууж байсан. Хүүхдээ төрсний дараа долоон хоногтой байхдаа байрны гадаа байдаг хүүхдийн тоглоомын гулсуур дээр хүүхэдтэй тоглож байсан. /Инээв/ Эргээд бодохоор өөрөө хүүхэд байсан байна. Одоо хүүхэдтэй болох юм бол бөмбөгнөх байх.
-Амралтын байдалтай байгаа үедээ бэлтгэлийн заалаа үгүйлж байна уу?
-Бэлтгэл гэхээс илүүтэй хамгийн их үгүйлж байгаа зүйл бол хамт олон байна. Нэг зорилгын төлөө олон жил хамтдаа зүтгэсэн. Зааландаа хоолоо хувааж идээд бэлтгэлээ хийж байсан уур амьсгалаа маш их санагддаг юм байна. Тэмцээн уралдаан болохоор тухайн үеийн орчин уур амьсгал бас санаж үгүйлэгдэж байна.

-Ер нь манайд Хүндийн өргөлтийн спорт хэр сайн хөгжиж байгаа бэ?
-Хүндийн өргөлтийн спортыг хөгжсөн гэхээс илүүтэй хөгжиж яваа спорт гэж хэлмээр байна. Одоо хичээллэж байгаа хүүхдүүд зөндөө их болсон. Амжилт гарах хүүхдүүд ч олон болсон. Эмэгтэй хүний хувьд хичээллэхэд хүнд спорт. Гэхдээ хөнгөн спорт гэж байхгүй. Мэргэжлийн болон олимпын төрлийн спорт ихэвчлэн долоон хоногт 10-12 удаа бэлтгэл хийдэг. Энэ ачаалал нь хүнд байдаг. Өндөр зэрэглэлийн бэлтгэлийн өдөрт хоёр удаа хийдэг. Ер нь спорт хүнийг тэсвэр тэвчээртэй болгодог.
-Таны хувьд зодог тайлах шийдвэрээ гэнэт гаргасан уу. Эсвэл тооцоолж байгаад гаргасан уу?
-Зодог тайлахаа эртнээс төлөвлөсөн. Олимпын төрлийн спортын хичээллэдэг тамирчдын амьдралын төлөвлөгөө олимпын цийхлээр хэмжигдэж байдаг. Иймээс Парисын олимпын дараа зодог тайлна гэсэн төлөвлөгөөтэй байсан.
-Хүүхэд насны дурсамжаа хуваалцаач. Хаана төрж, өссөн вэ?
-Миний хүүхэд нас өсвөр нас зааланд өнгөрсөн дөө. Би аав ээж дүү нартай бараг хөдөө зугаалгад явж үзээгүй дээ. Зааландаа бэлтгэлээ хийдэг байсан. Хотын унаган хүүхэд. Өвөө манай маань Архангайн цэцэрлэг сумын хүн байсан. Түүнийгээ дагаад Архангайн цэцэрлэг сум гэж явдаг.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын том хүүхэд. Гурван дүүтэй. Дүү нар маань надад их тусалдаг. Миний гурван дүү хүндийн өргөлтөөр өргөж байсан. Манай ээж би хүндийн өргөлтийн холбоонд хүүхэд гаргаж өгсөн юм байхдаа гэдэг байсан. Дүү нартаа их дотно байдаг. Бага дүү маань энэ жил 10 жилийн сургуулиа төгсөж байгаа.
-Бэлтгэл сургуулилтаа байх чөлөөт цагаа бараг гаргадаггүй байсан байх. Одоо чөлөө цагаа хэрхэн өнгөрүүлж байна бэ?
-Хүүхэд байхдаа их ном уншдаг байсан. Бэлтгэлтэй үед чөлөөт цаг гардаггүй байсан. Одоо бол кино, жүжиг үзэх дуртай. Урлаг талын зүйлийг их сонирхож байгаа.
-Хүүхэд байхдаа ямар мөрөөдөлтэй байсан бэ?
-Би мөрөөдөж эхлээгүй байхдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн. /Инээв/

-Найз нөхөд болон нөхөрлөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Найз нөхөд зөндөө бий. Хэрэгцээ гарахаар найзалдаг биш. Ямар ч үед нэг зангаараа байх нь чухал гэж боддог. Найз нарынхаа хүнд хэцүү үед хамт байхыг боддог. Хамгийн ойрхон жаргал зовлонгоо хуваалцдаг найз нар бол хар багаасаа хүндийн өргөлтөөр хичээллэж байсан охиддоо хэлнэ.
-Магтаал, шүүмжил хоёр хэр их ирж байна?
-Магтаал маш их байсан. Гэхдээ манай багш аав хоёр их дардаг байсан.
-Спортоор хичээллэж байх хугацаандаа нэлээд их амжилт гарсан. Хамгийн сэтгэл хангуулан байсан амжилтаа нэрлэ гэвэл. Юуг нэрлэх бэ?
-Амжилт гаргаж авсан медаль болгоно үнэ цэн түүхтэй байдаг. Дэлхийн аваргын тэмцээнд бүтэн жил зориулж бэлтгэл хийдэг. Тэмцээн болгоно өөрийн гэсэн үнэ цэнтэй. Хамгийн анх 2017 онд Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан. Тухайн үед Монгол Улсад насанд хүргэгчдийн Дэлхийн аваргын медаль байгаагүй байсан үе. Багштайгаа маш удаан замын туулж, Дэлхийн аваргаас медаль авч чаддаг шүү гэдгийг харуулж, чадсандаа баяртай байдаг. Энэ медаль хойноос маш олон амжилтыг дагуулсан. 2023 онд Солонгос улсад болсон Азийн аваргаас хүрэл медаль авсан.

Энэ тэмцээний аав,ээж хоёр маань үзсэн. Тухайн бэртэлтэй байсан. Маш их хичээж зүтгэж хүрэл медалийг авсан. Аавдаа өөрийгөө ямар хэмжээний тамирчин болсон гэдгээ харуулж чадсан. Энэ олон жилийн хугацаанд маань намайг маш дэмждэг байсан. Аав маань миний олж хараагүй зүйлийг олон улсын сайт руу орж хараад хэлдэг байсан. Намайг тэмцээн уралдаан явахад аав маань судалгаа хийчихсэн байдаг байсан. Монголчууд үзэж байгаа олон улсын тэмцээн их гоё санагддаг. Дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль авч Төрийн дууллаа сонсож, дагаж дуулах үнэхээр гоё. Хамгийн сүүлийн Дэлхийн аваргаас авсан мөнгөн медаль бас үнэ цэнтэй. Би олимпоор бэртэлтэй байсан учраас амжилт муу гаргасан.
- Ц.Хосбаяр багштайгаа олон жил бэлтгэл хийсэн. Анхны багш нь ямар хүн байсан бэ?
-Багш шавь хоёр сайн ойлголцож байж, тамирчин амжилт илүү сайн гардаг. Ц. Хосбаяр багштайгаа 13 жил хамтарч ажилласан. Амьдралаа хамгийн удаан хугацаанд хамт байсан хүн Ц.Хосбаяр багш юм. н.Цэрэнням багш маань намайг энэ спортод хайртай болгосон. Дараа нь н.Чулуунпүрэв, н.Гансүх багш нар хамтарч ажилласан. 2012 оноос Хосбаяр багштай хамтарч бэлтгэл хийж эхэлсэн. Манай багш их мэдрэмжтэй хүн шүү.
-Энэ олон жилийн хугацаанд шантарч байсан үе бий юу?
-Хүн дуртай зүйлээ хийхдээ нэг их шантардаггүй. Бэрхшээл гэсэн бэрхшээл шиг санагдахгүй. Ямар нэгэн гарц гаргалаа байгаа гэдэг бодолтой байдаг байсан. Ямар нэгэн хүнд зүйлийн дараа сайн сайхан зүйл ирдэг гэж боддог. Би дуртай зүйлээ хийж байсан учраас ямар нэгэн хүндрэл байгаагүй гэж боддог.

-Ямар мэргэжил эзэшсэн бэ?
-Би дасгалжуулагч мэргэжлээр Боловсролын их сургуулийг төгссөн. Одоохондоо дасгалжуулагч хийхэд бэлэн биш. Цаг хугацааны дараа дасгалжуулагч хийх байх. /Инээв/
-Дотоодын тэмцээн уралдаанд оролцох юм уу?
Олон улсын тэмцээнээс зодог тайлсан байгаа. Дотоодын тэмцээн уралдаан оролцмоор санагдвал хааяа орно. Олон жил бэлтгэл хийсэн хүн амьдралаа ахиж тэмцээнд орохгүй байна гэвэл онцгүй биз дээ. Хааяа тэмцээний уур амьсгалаа санаад байвал орно гэж бодож байна.
-Хүндийн өргөлтөөр эмэгтэй тамирчид хэр олон байдаг бэ?
-Эмэгтэй тамирчид олон бий. Одоо охид нэлээд хичээллэж байгаа.
-Хүндийн өргөлтөөр хичээллэж байгаа хүүхдүүд зөвлөгөө мэдээлэл авч байна уу?
-Орон нутгийн тамирчид зөвлөгөө мэдээлэл авдаг. Хэнтий Архангай, Говь-Алтай, эрдэнэт дархан Хөвсгөл зэрэг аймгуудад хүндийн өргөлтийн дугуйланг хичээллэж байгаа.
-Ярилцсан танд баярлалаа
| М. Анхцэцэг: Амжилт гаргаж авсан медаль болгон үнэ цэн түүхтэй байдаг | ||
| Үзсэн: 470 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.