Шууд Chart

Ихэнх амьтны үр хөврөл эхийн биед хөгждөг бол загас гадаад үр тогтолттой

2021-06-29 12:26:45

Манай орны усны гурван ай савд 79 зүйл загас тэмдэглэгдсэнээс 30 гаруй зүйл нь агнуурын ач холбогдолтой. Ихэнх амьтны үр хөврөл эхийн биед хөгждөг бол загас гадаад үр тогтолттой. Хөгжлийн хугацаа нь загасны төрөл зүйлээс хамаарч өөр өөр байдаг. Нэг загаснаас олон мянган түрс гарах ч үр тогтсоны дараа авгалдай, жарамгай, жараахай болж бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор маш бага хувь нь амьд үлддэг. Тэгвэл үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл үгүй болно.

Загасны үржлийн үед эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, бие дээр нь мөнгөлөг товгор үүсэж, сэлүүрийн толбо тодордог. Загас жилд нэг удаа түрсээ шахдаг бөгөөд хоёр удаа түрсээ шахдаг загас ч бий. Загас түрсээ экологийн янз бүрийн орчинд шахдаг. Шахах түрсний тоо нь ч мөн хэлбэлзэлтэй. Цөөн хэдхэн ширхгээс хэдэн мянган ширхэг түрс шахна. Жишээ нь, хулд загас 2-4 мянга, хадран 27 мянга, цурхай загас 74 мянгаас 236 мянга, булуу цагаан 430 мянган ширхэг түрс шахдаг. Тиймээс үржлийн үед нь нэг загас агнахад хэдэн зуун мянган үр төл нь устана. Харин үржлийн хугацаанд нь загас агнахгүй байвал 20 дахин үржиж гол мөрний, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Монголд хавар 4 дүгээр сараас эхлэн загасны төрөл зүйлүүд түрсээ шахдаг. Энэ хугацаанд нь загас барих, агнахгүй байх нь маш чухал юм. Учир нь гол мөрний экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нэн чухал үүрэгтэй загасны тоо толгой хүмүүсийн хууль бус агнуураас шалтгаалан буурахад хүрч байна. Хэрэв загас агнах гэж байгаа бол загасны төрөл, зүйлээс хамаарч хуулиар хориглосон хугацаанаас бусад үед, ахуйн зориулалтаар загас барих журмыг мөрдөх шаардлагатай. Мөн ахуйн зориулалтаар загас барихдаа төрөл бүрийн тор, гувчуур, сэрээ, цахилгаан гүйдэл, тэсэрч дэлбэрэх болон химийн бусад бодис ашиглах ёсгүй.

Монгол орны загасны үржил янз бүрийн хугацаанд харилцан адилгүй явагддаг.

Тухайлбал, 1. Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл,

  1. Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл,
  2. Омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл,
  3. Зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл,
  4. Алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл барих агнахыг хориглосон байдаг.

Хууль бус агнуур болон үржлийн үед нь загасыг үй олноор нь барьснаас болж загасны тоо толгой буурч гол мөрөн, усны экосистемд тодорхой хэмжээний сөрөг нөлөөллүүд гарсаар байна.

Тиймээс сонирхол, хоббигоороо загас барьсан бол гэмтээхгүй голд буцааж тавьж байгаль экологио хамгаалаарай. Харин агнуурын зорилгоор загас барих гэж байгаа бол Монгол Улсын амьтны тухай хуулийг дагаж мөрдөөрэй.

Барьсан загасаа буцааж тавих нь загасчин болон сонирхогч хүмүүсийн хувьд байгаль экологио хайрлаж буй нэг хэлбэр юм. Загасыг буцааж тавихдаа ширүүн урсгалд бус тогтонги усыг сөргүүлэн сэлж явах хүртэл нь гар дээрээ сул барина.


Ихэнх амьтны үр хөврөл эхийн биед хөгждөг бол загас гадаад үр тогтолттой  
Үзсэн: 2681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй