Шууд Chart

Этери Георгиевна Тутберидзе үнэхээр гайхалтай нэгэн юмаа

2022-02-24 12:50:43

ОХУ-ын гавъяат дасгалжуулагч, спортын мастер Этери Георгиевна Тутберидзе 1974 оны хоёрдугаар сарын 24-нд Москва хотод төржээ.

Тэрбээр “Намайг тамирчин гэдгээр минь хэн ч санадаггүй. Учир нь би буруу цаг үе буюу Өөрчлөн байгуулалтын үед гулгаж байсан юм. АНУ-аас эргэж ирэхэд надад ажил олдоогүй. Би мөсөн гулгуурын талбайд ажиллаж байлаа. Харин амжилт гаргасны дараа Оросын том мөсөн орднуудаас урилга ирдэг болсон. Манай шавь нарыг түрүүлэх нь ойлгомжтой гэж бүгд ярьдаг. Мэдээж сайхан хэрэг. Гэхдээ би хэнд ч үнэлэгдээгүй шавь минь гэнэтийн бэлэг барин түрүүлэхэд илүү дуртай. Аварга хүн гэдэг бусдаас онцгой ямар нэг чанартай байх ёстой. Үсэрч харайх, тэших нь өөр байх ёстой. Юзүрү Ханюг хар. Яг л эмэгтэй хүн шиг уян налархай, тансаг, төгс” хэмээн ярьжээ.

Мөн “Охидыг шилжилтийн насанд байхад нь хоолыг нь хасаад, кросс гүйлгэж, жинг нь хянах хэцүү. Хүүхэд гомдох нь аргагүй. Гэхдээ дасгалжуулагч хүн уурлаж байна гэдэг хайртай байна гэсэн үг. Бусдад байхгүй авьяас чамд байна гэдгийг хараад л шахаж байгаа юм. Ийм үед эцэг эх нь дасгалжуулагч чиний төлөө шүү гэдгийг охиндоо ойлгуулах хэрэгтэй. Охидыг медаль авангуут дасгалжуулагчдад даатган орхиж болохгүй. Хүүхэд аав, ээжийнхээ дэмжлэгийг мэдэрч байх ёстой. Канад, Америкт тамирчин уран гулгалтаар хичээллэхийн төлөө өөрсдөө их мөнгө төлдөг. Мөсөн дээрх минут бүр төлбөртэй тул тэр минут болгоныг ашигтай өнгөрүүлэхийг хичээдэг. Харин манайд үнэгүй тул тамирчид гараад тэшүүрээ янзалж 5-10 минут болдог. Тэр үедээ юм ярьж инээлдээд, дараа нь үдээсээ үдэж эхлэдэг. Яагаад гэвэл тэдний хувьд цаг бол мөнгө биш. Алина Загитова эрх хүүхэд байлаа. Өнөөдөр гулгаад маргааш нь ирэхгүй. Би түүнийг хөөж орхисон. Тэр өөр загнадаггүй дасгалжуулагч дээр очоод хэдэн сар болсноо буруугаа ойлгоод буцаад ирсэн. Тамирчид нэгнээ муулаад, шүүмжлэхэд би дургүй. Би шавь нараа өрсөлдөгчөө хүндэл гэж сургадаг. Хэрэв хэн нэг нь чиний түвшинд ирсэн бол тэр чамаас дутахгүй хөдөлмөрлөсөн гэсэн үг. Би нэг удаа Медведевад телевизээр тэмцээн тайлбарлахыг нь хориглож байлаа. Тамирчин хүн бусдыгаа шүүж болохгүй. Хэвлэлээр миний шавь нарыг “Робот” гэж бичих юм. Юуных нь робот байх билээ. 45 кг ч хүрэхгүй жинтэй, бяцхан охид шүү дээ. Олимп, дэлхийн аваргад 18-аас доош насны тамирчин оролцуулахгүй дүрэм гаргана гэж ярьж байна. Охид том болоод ирэхээрээ бие нь эх хүн болоход бэлтгэж эхлэн, удааширч, зөнгөөрөө өөрийгөө гамнаж эхэлдэг. Тэгэхээр амжилт гарахгүй. Тиймээ, би загнадаг, хашгардаг. Яагаад гэвэл тамирчнаа хийх ёстой зүйлийг нь хийлгэж, амжилтад хүргэх гэж л тэр. Хайртай болохоороо л загнаж байгаа юм. Эцэг эх нь юм шиг л хянана. Хянаж, анхаарахгүй бол харин хайргүй гэсэн үг. Хүүхэд болгон хэлсний дагуу хийхгүй. Зарим нь бултана, залхуурна. Загнаж, айлгах юм гарна. Дасгалжуулагч тун хэцүү ажил. Гэртээ хайр мэдрэлгүй, айж эмээсэн хүүхэдтэй ажиллах хамгийн хэцүү. Харин анх удаа ирсэн ч инээж тоглодог, цоглог хүүхдүүдэд би дуртай. Дасгалжуулагч нарыг хүүхдийн, насанд хүрэгчдийн гэж ангилахыг сонсоод уур хүрдэг. Шавь нарыг минь үеийн залуустай нь ижил гэж бүү бод. Тэд огт өөр. Тэд тамирчид. Охид минь надтай хамт спортоор, хөгжмөөр, дасгалаар амьдардаг. Би аав ээж нарыг бэлтгэл үзэхийг зөвшөөрдөг. Яагаад гэвэл тэд өөрийн нүдээр хүүхдийнхээ хөдөлмөрч эсэхийг харж чадна. Спорт бол амьдралын маш богинохон хэсэг. Хүн болгон уран гулгагч болох хэрэггүй. Намайг хатуу, заримдаа харгис дасгалжуулагч гэж нэрлэдэг. “Эцэг эх болгон хүүхдэдээ хайртай бол сайн суралц” гээд гэрийн даалгавар хийхийг шаарддаг. Тэгвэл тэр ээж харгис болох уу. Хүүхдээ сургуульд даатгачихаад сууж байдаг залхуу эцэг эх сайн эцэг эх болох уу. Би энд залхуу биш багшийн үүрэг л гүйцэтгэж байна. Шавь нар минь намайг харгис гэж хэзээ ч хэлж байгаагүй. Охид мөсөн дээр өөрийгөө үзэсгэлэнтэй, хөөрхөн гэж мэдэрч байвал бэлтгэлээ сайн хийдэг. Эцэг эх нар заримдаа 13 настай хүүхдийн нүүр, хөмсөг будлаа гээд сандардаг. Будахад яадаг юм. Охид өөрсдийгөө эмэгтэйлэг, үзэсгэлэнтэй гэдгийг мэдрэг. Араас нь хөвгүүд харж байгааг хараг, мэдрэг л дээ. Тамирчин болгонд өөрийнх нь дүрийг олж өгөх хэрэгтэй. Липницкаяд “Шиндлерийн бүртгэл” киноны дуугаар хөтөлбөр бэлтгэх гэж би дууг нь хагас жил бэлтгэл болгон дээр тавьсан. Ингэж байж Юля тэр хөгжмийг мэдэрдэг болсон. Улаан пальтотой охин Сочигийн олимпын бэлгэ тэмдэг байсан. Би жирийн, амьд хүн. Бусдаас илүү сандарч, сэтгэл хөдлөдөг. Хөвгүүдтэй ажиллах дургүй. Тэд гомдомтгой, өрөвдүүлэхийг хүсдэг. Би өрөвддөг хүн биш. Харин миний охид ямар ч үгийг даагаад гарна. Манай сургуульд орох гээд бүх орос охид оочерлоод би шилж авдаг болохоор сайн тамирчин олонтой гэж хүмүүс ярьдаг. Тийм зүйл үгүй. Охидыгоо медалийн тавцанд зогсож байгааг хараад би том амьсгал авч, энэ мөчийг өөртөө шингээхийг хичээдэг. Хичнээн богинохон ч бай хамаагүй. Бурхан минь баярлалаа гэж бодно. Медалийн өнгө ямар ч байсан ялгаагүй. Эрэгтэй төрөлд яагаад Азиуд сайн байдаг вэ гэвэл. Сэтгэл зүй өөр. Ийм дасгал хий гэж хэлэхэд Орос тамирчин яагаад гэж бодоод л толгой дотор нь зөрчил үүснэ. Харин Азиуд чимээгүй яваад л дасгалаа хийдэг” гэжээ.


Этери Георгиевна Тутберидзе үнэхээр гайхалтай нэгэн юмаа   
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй