Шууд Chart

Хэрэглэгчийн эрхийг дээдэлье!

2026-03-15 08:40:36

Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг дэлхий даяар Дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, зах зээл дэх шударга харилцааг дэмжих, бараа бүтээгдэхүүн үйлчилгээний аюулгүй байдал, чанарын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой олон улсын тэмдэглэлт өдөр юм.

Энэхүү өдрийг анх 1983 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд хэрэглэгчийн эрхийг хамгаалах дэлхийн хөдөлгөөнийг нэгтгэн, иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай. Дэлхийн хэрэглэгчдийн эрхийн өдрийг тэмдэглэх болсон нь 1962 оны гуравдугаар сарын 15-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Конгресст хандан илтгэл тавихдаа хэрэглэгчийн эрхийн асуудлыг олон улсын түвшинд анх удаа хөндсөнтэй холбоотой гэж үздэг.

Тэрээр хэрэглэгчид аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэх, үнэн зөв мэдээлэл авах, сонголт хийх, санал бодлоо илэрхийлж сонсуулах зэрэг үндсэн эрхтэй болохыг тодорхойлсон байдаг. Хожим эдгээрийг өргөжүүлэн хэрэглэгчийн суурь хэрэгцээг хангах, нөхөн төлбөр авах, хэрэглэгчийн боловсрол эзэмших, эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг эрхүүдийг нэмж тодорхойлсноор хэрэглэгчийн найман үндсэн эрхийн ойлголт бүрэлдэн тогтжээ.

Өнөөдөр хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал нь зөвхөн бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал төдийгүй цахим худалдаа, мэдээллийн аюулгүй байдал, шударга зар сурталчилгаа, тогтвортой хэрэглээ зэрэг өргөн хүрээний асуудлыг хамрах болсон байна.

2026 онд Дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийг “Аюулгүй бүтээгдэхүүн – Итгэлтэй хэрэглэгч” уриан дор тэмдэглэж байна. Энэ жилийн уриа нь зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн аюулгүй, стандарт шаардлага хангасан байх нь хэрэглэгчийн итгэлцлийг бий болгож, хүний амь нас, эрүүл мэнд, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах чухал ач холбогдолтойг онцолж буй юм. Мөн дэлхийн худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ өргөжиж, цахим худалдаа эрчимтэй хөгжиж буй өнөө үед чанаргүй, аюултай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх эрсдэл нэмэгдэж байгаад улс орнууд, бизнесийн байгууллагууд болон хэрэглэгчийн байгууллагууд хамтран анхаарах шаардлагатайг сануулж байна.

Иймээс Дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон улс оронд хэрэглэгчийн боловсролыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулах, зах зээл дэх хариуцлагатай үйлдвэрлэл, шударга худалдааг дэмжихэд чиглэсэн олон төрлийн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулдаг юм. 


Хэрэглэгчийн эрхийг дээдэлье!  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй